Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нэг намын хамтарсан Засгийн газар

2016 оны сонгуульд УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын 65 гишүүн дотроо хоёр хуваагдаад удаж байна. Тодруулбал, “У.Хүрэлсүхийн 33” ба “М.Энхболдын 31” гэсэн хоёр бүлэгт албан бусаар хуваагдаж, бүлгийн хуралдаанаа төрийн ордны зүүн баруун хоёр жигүүрт тусдаа хийдэг болсон тухай мэдээлэл хэвлэлээр бичигдэх болсон. Хамгийн сүүлийн байдлаар л гэхэд М.Энхболдын фракцийн 31 гишүүний 28 нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг батламжлах чуулганы хуралдаанд суугаагүй “бойкот” хийсэн нь энэхүү хагарлыг ил тод болгосон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин МАН-ын хуваагдлын талаар “Ер нь бол талцал байна. Түүнийг нуугаад яахав. Үүнийг л МУ-ын Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангаж ажиллах ёстой” хэмээн ярьсан байдаг. 

МАН-ын бүлэг ийнхүү хоёр талд гарч, илт зөрчилдөх болсон нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан шалтгаан хийгээд Шинэ засгийн газрын албан тушаалын хувиарлалттай холбоотой бололтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн. Одоо МАН-ын зангидаж явах асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй. Ойлголцох байх гэж бодож байна" хэмээн ярьсан.

Тэгвэл Ж.Мөнхбат нарын хүсэж байгаачлан Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын эв нэгдлийг хангаж, зарчим дээрээ ойлголцох алхамуудыг хийж эхэлсэн байна. Ойлголцох алхам гэдэг нь М.Энхболдын талын 31 гишүүнтэй хэлэлцээрт орж тэдний төлөөлөөс зургаан хүнийг Шинэ засгийн газарт багтаах тухай тохироонд хүрсэн тухай юм. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдад Л.Энх-Амгаланг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад О.Содбилэгийг, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмааг, Зам, тээвэр хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг, Батлан хамгаалахын сайдад Н.Цэрэнбатыг нэр дэвшүүлж удирдах зөвлөл, намын бүлгээр хэлэлцүүлэхээр болсон талаар Medee.mn сайтад онцолжээ.

Харин У.Хүрэлсүхийн талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатарыг, Гадаад харилцааны сайдад Б.Цогтбаатарыг, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэнг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэдийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг тус нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.

Товчхондоо нэг намын хамтарсан Засгийн газрын сүүлийн хувилбар эцсийн байдлаар бэлэн болсон нь энэ бололтой. Дээрх хувилбар МАН-ын удирдах зөвлөлөөр батлагдах аваас МАН-ын бүлгийн хуралдаанаар орж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэн батлагдсанаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж эхлэх юм.

Р.Улам-Оргих
 
Нийтэлсэн огноо: 2017-10-10 10:44:14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр