Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Эрдэнэбат: Эрх баригчид дотоод хэрүүл, зодооноо яаралтай зогсоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орон тооны бус зөвлөхүүдийн  хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Лу.Болд, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат:Эрх баригчид дотоод хэрүүл, зодооноо яаралтай зогсоо

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин шинэ Ерөнхий сайдыг томилоод долоо хонож байна. Үүнээс болж монголын төрийн үйл ажиллагаа зогсож, төрийн бүх шатанд үл үзэгдэх хулгай, дээрэм, хариуцлаггүй үйлдлүүд газар авч байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг зүйл Монголд болж байна. Тиймээс Засгийн газрыг маш шуурхай байгуулах шаардлагатай байгаа учраас эрх баригчид дотоод хэрүүл, тэмцэл, зодооноо яаралтай зогсоо. Маш хурдан сандал, суудлаа хувааж аваад, ажилдаа ор гэдгийг Ардчилсан намын бүлэг анхааруулж байна. Засгийн газрыг байгуулахгүй удааширснаас болоод өнөөдөр УИХ ажилласан дүр эсгэж сууна.  Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад бид дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ. Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад, шинэ Ерөнхий сайдад өнөөдөр албан бичгээр шаардлага хүргүүлнэ. Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол  айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина. Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал. Зардал талдаа бид гурван зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Нэгдүгээрт, хууль нийцүүлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжүүлэх, хоёрдугаарт, багш, эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх. Гуравдугаарт, илүү гарч байгаа ологыг үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардал болгож байхаар тухайн ологоо өр хаахад эсвэл хуримтлалын сандаа оруул гэдэг шаардлага тавих болно. Үүнийг бид зөв шударга шаардлага гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа бид жилд 2-3 удаа зардал хэлбэлзэх орлого нэмэгдэх болгонд төсвийн тодотгол хийгээд байх нь зөв эсэхийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй байна. Хэрвээ төсвийн сахилга бат, хариуцлагын тухай тодорхой ярих гэж байгаа бол 2018 төсвийг анхнаас нь үл суурьтай зөв боловсруулаад, түүнийгээ сайтар мөрддөг, төсвийн тодотголыг цаашид хийхгүй байх эрх зүйн орчинг шинээр батлах ёстой.

З.Нарантуяа: Төсвийн орлого нэмэгдсэн байхад тодотгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй

–Төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх процест шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төсвийн сахилга хариуцлага, үр ашгийн зарцуулалтуудыг цаасан дээр бичиж ярьсаар байгаад таарч байна. Тиймээс үнэхээр үр ашигтай, хариуцлагатай төсөвтэй байхыг хүсвэл жил 1-2 удаа төсвийг тодотгоддог хуулиа өөрчлөөд, тодотголгүй болох хэрэгтэй. Учир нь төсвийг тодотгох болгондоо Төсвийн тогтвортой байдлыг хуулиа өөрчилж, хуулиар заасан алдагдал болоод Засгийн газрын өрийн хэмжээнг нэмдэг. Тиймээс бидний нэгдүгээр шаардлага бол төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх бүх явцын эрх зүйн орчинг сайжруулаад, Засгийн газар төсвийнхөө хуулийг мөрддөг систем рүү оруулах шинэчлэл хийх санал гаргаж байгаа. Энэ удаагийн тодотголоор төсвийн орлого буураагүй. Харин ч нэмэгдсэн. Тиймээс төсөв дахин тодотгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар одоо оруулж ирж байгаа төсвийн зардлыг нэмэгдүүлэх гэж байгаа 17 зүйл дотроос төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай ганцхан шийдвэр байна. Тэр нь хүүхдийн мөнгө. Тиймээс энэ тохиолдолд хэрвээ төсвийн жилийн дундуур бодлогын шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх шаардлага хуульдаа байгаа. Энэ мэтээр бид бүх шатандаа бүх хуулиа хэрэгжүүлэхгүй байна. бүр тэр нь хувийн үзэгдэл болчихсон байна. Засгийн газраасаа эхлээд, суурь хуулиудаа мөрдөхөө байчихаад байна. Үнэхээр төсвийн орлого нь илүү гараад байгаа бол эрэмбээр нь дарааллаж байж хуваарилах зарчим руу орох хэрэгтэй. Өнөөдөр шинэ Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал нь юу юм бэ. 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларыг өр, зургаан сард төлөгдөх өр л байгаа. Тиймээс эрэмбэ дарааллыг нь харж байж төсвөө зарцуулдаг зарлагаа нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байна.

Ж.Батзандан:“Чингис” бондын төлбөр улсын төсөв болон иргэдэд  дарамт учруулж байна гэдэг нь худлаа

-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тоо баримтуудыг гаргаж тавих шаардлага гарсан. Яг жилийн өмнө 2016 оны 06 дугаар 30 –ний байдлаар Засгийн газрын өр 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2017.06 дугаар сарын 30-ний байдлаар 6 тэрбум 17 сая ам.доллар болж нэг тэрбум гаруй доллараар огцом нэмэгдсэн. Тэрбум гаруй ам.долларыг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Гэтэл Ардчилсан намын Засгийн газрын үед Чингис бондоор босгоосн 1.5 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийж болдог вэ гэдгийг бид харуулсан. Харин яг энэ мөнгөтэй дүйцэхүйц гаргасан үнэт цаасаар өнөөдрийн эрх баригчид  яг ямар ажил хийсэн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байна. Мөн нэг зүйлийг тодруулахгүй бол болохгүй байна.  Өнгөрсөн жил 580 сая ам.долларын “Евро” бондын төлбөрийг “Хуралдай” бонд гаргаж  төлсөн. “Евро” бонд гэдэг бол 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр   МАН-ын Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан өр. Түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хаасан. Зарим улстөрчид Чингис бондын мөнгө гэж ташаа ярьж байна. Монгол Улсын Засгийн газрын залгамж халаагаар Сү.Батболдын Засгийн газрын тавьсан 2012 оны өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн жил төлсөн гэсэн үг. Харин 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларын зээлийн өрийг төлөх хугацаа. Үүнийг улсын төсөв, иргэдийн нуруунд дарамт ачаа үүрүүлэхгүйгээр  зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөх бүрэн төлөх боломжтой. Харин Чингис бондын дараагийн төлбөр 2022 онд төлнө. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Самурай бондыг  гаргасан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эхний төлбөр нь 2023 оны 12 дугаар 25-ны өдөр. Үүгээр Чингис бонд иргэд олон түмэнд, улсын төсөвт  дарамт учруулж байна гэдэг нь худлаа яриаг энэ баримтуудаар няцаахыг хүсч байна гэлээ.

Нийтэлсэн огноо: 2017-10-10 15:06:18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр