Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхийлөгч сайдуудад юу захив?


Ерөнхийлөгч Х.Баттулга, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр /10.17/ бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр сайд тус бүрт хандан үгээ хэлэв.

 

“Мөнгө нэхээд зогсож байгаа сэтгэлгүй эмчийг ажлаас нь шууд халах хэрэгтэй”

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна. Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай долоо дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр таван настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогоор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас таван настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй” гэлээ.

 

“Боловсролын салбар асуудал ихтэй байна”

БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нэр дэвшиж байгаа. Түүнд хандан “БСШУСЯ нэг жил гурван сарын хугацаанд гурван удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна. Би У.Хүрэлсүхтэй олон удаа санал солилцсон. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүн байхгүй шүү. Х.Баттулга гэдэг хүн байхгүй шүү. Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана. Ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглогдохгүй юм бол нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна” гэлээ.

 

“Бид төмөр замаа барих ёстой

Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэвшээд байгаа. Ерөнхийлөгч түүнд хандан “Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ  энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Өнөөдөр бид төмөр замаа барих ёстой. Яаж ийж байгаад үүн рүү орох ёстой. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг шүү” гэлээ.

 

Багш, эмч нарыг орон сууцжуулахад анхаараарай”

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшиж буй Х.Баделханд “Моргейжийн найман хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддагүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан” гэлээ.

 

“Уул уурхайгаас улс төрд орж ирсэн хүмүүс авлига бий болгодог”

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандан “Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог” гэсэн юм.

 

Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ тайлбарлах хэрэгтэй шүү

Тэрээр “Д.Цогтбаатар гишүүн Гадаад яаманд яригдаж байгаа. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй. Үүн дээр анхаарч ажиллаарай. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй шүү” гэлээ.

 

“Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшөөрмөөргүй байна”

Сангийн сайдад нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатарт хандан  “Өөрийн тань хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна. Бусдыг нь УИХ-аар оруулах байх.” гэв.

 

Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарыг  туршлагатай туршлагатай улстөрч хэмээн онцоллоо.  Мөн тэрээр “Та бүхэнд дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү. Үүнийг дахин дахин хэлье. Баярлалаа” гэв.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Нийтэлсэн огноо: 2017-10-17 17:43:20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

mongol
2017-10-17 20:45:17

Ene Battulga uuruu tumur zamaa tavih heregtei. Ded buttsiin said ta ene nuhruur ter tumur zamiig taviulaarai

Ажлын байр