Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ


Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 17-нд  “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. 



Тэрбээр хэлсэн үгэндээ, эдүгээ дэлхийн олон улс орны дотоодод, улс орнууд хоорондын зөрчил, сөргөлдөөн шашин хоорондын болон үндэсний цөөнх хоорондын маргаанаас үүдэлтэй байгаа нь Та бидний сэтгэлийг түгшээсээр байна. Аливаа улс орны дотоод зөрчил, түүнээс улбаалсан дайн дажины хөлд энгийн номхон ард иргэд өртөж, тэдний амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар сүүлийн жилүүдэд олонтаа сонсож байна. Үүний улмаас эх нутгаа орхин харийн улс оронд амь зогоож, цагаачлан амьдарч байгаа сая сая хүний хувь заяа шашин, соёлын ялгаатай холбоотой нь улам бүр тод болж байна. Ийм нөхцөл байдал дэлхийн олон цэгт хүмүүнлэгийн хямрал бий болгож, урьд өмнө байгаагүй түвшинд хүний амь насыг эрсдэлд оруулж байна. Иймээс шашин, соёлын зүтгэлтнүүд энх тунх, амар амгалан амьдрахын төлөө яриа хэлэлцээ хийх талаар үргэлж анхаарал тавьж байх нь чухал юм. Тэдний энэ ажил үйлсэд эрдэмтэн мэргэд, иргэний нийгэм болон улсын байгууллагууд, түүний дотор Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл оролцож байх нь тулгараад байгаа олон асуудлыг ард нийтэд зөвөөр мэдээлж ойлгуулах, хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын хүч чармайлтыг өргөжүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.



Түүнчлэн олон жилийн дайн дажинд нэрвэгдсэн ард олныг гэмт халдлага, мөрдөн мөшгөлт, ялгаварлан гадуурхлаас хамгаалах, цагаачдыг сайн дурын үндсэн дээр эсэн мэнд буцааж, төрсөн газар нутагт нь эргэн суурьшуулах явдал чухлаар тавигдаж байна. Шашины нэрийн өмнөөс гэмт халдлага үйлдэх, соёлын олон ургальч үзлийг үл тэвчихийн эсрэг эв эеийг бэхжүүлж, шашин, соёлын олон янз байдлыг дэмжих зорилгоор харилцан ойлголцол, хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан яриа хэлэлцээ явуулах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн тэрбээр Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын төлөөлөгчдийн байр суурийг илэрхийлэн, санал хураалтад оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 
Нийтэлсэн огноо: 2017-10-18 11:28:40

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр