Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Амьд гарсан 10 иргэн ангалын ирмэг дээр босоогоороо үүр цайлгажээ

Тэд нэгнийгээ ангал руу алдах шахсан бөгөөд түүнийгээ гаргаж авах гэж ноцолдсоор харанхуй болгосон байна-

Газар дээрээс нь мэдээлж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан нь орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байгаа бололтой. тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухда хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангарлын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа орохоор шийдсэн юм шиг байна.

Ингээд хамгийн туршлагагүй 10 хүн нь ард нь үлдэж Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлжээ. Хөдлөөд 50 метр явж байтал өмнө нь явсан хүмүүсийн зүгээс тэнгэр ниргэж буй мэт аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болжээ. Энэ агшинд тэдний хамгийн эхэнд ахалж явсан Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй” хэмээн чангаар орилох дуу сонсогдоод сураг тасарчээ. Ард нь дөнгөж хөдөлсөн 10 хүний хамгийн эхний залуугийн яг хөлнийх нь өмнүүр цас нурж нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдсэн байна.

Хэрэг бишдэснийг мэдсэн 10 хүн юу болж байгааг мэдэхээ байж шоконд орон тэндээ гацжээ. Ингэтэл нэг нь хөл алдсан байна. Түүнийг аврах гэж ноцолдсоор харанхуй болжээ. Уулчдын хамгийн найдвартай бэхэлгээ болох бугуйнд нь байдаг мөсний алхаа бүгдээрээ мөсөндөө зоож тогтооцгоосон байна. Тэр мөчөөс эхлэн тэд үндсэн зам руугаа чиглэхдээ эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоон нэг метр орчим газар хороох маягтайгаар шөнөжингөө мөлхсөний эцэст үүр цайжээ. Бууж ирсэнийхээ хойно тэдгээр 10 хүн бүгдээрээ “Үүрийн цолмон харах ямар сайхан юм бэ” хэмээн хэлцгээж байсан гэнэ.

Ер нь бол аврагчдын хэлж байгаагаар эдгээр 10 хүн 3450 метрийн өндөрт мөснөөс дүүжлээтэй хоносон гэж үзэж байгаа юм байна. Энэ бол амьд гарахын төлөөх хүнээс гарч болох дээд тэсвэр тэвчээр байсан бололтой. Тэд мөснөөс гарсныхаа дараа цасан дээгүүр алхах, мөлхөхдөө өмнөх хүнийхээ гишгэсэн мөр, тохойлдсон хэсэг, өвлөглөсөн ормон дээр см-ын ч алдалгүй гишгэж явж байсан байна гэж Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлээс Өдрийн сонины тусгай сурвалжлагч Л.Батцэнгэл, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар утсаар мэдээлэл өгсөн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр