Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

У.Хүрэлсүхийн албан тушаалын хэнээрхэл 2020 оныхоо ялагдлыг ёрлоод байх шиг

 
Одоогоос 22 жилийн өмнө буюу 1996 онд Б.Даш-Ёндонгоор удирдуулсан МАХН анх удаа сонгуулийн ялагдал гээчийг амсчээ. Тухайн үеийн МАХН-ын дарга гэдэг нам төвтэй коммунист тогтолцооноосоо бүрэн салж амжаагүй Монгол Улсын Ерөнхий сайдтай эн тэнцүү шахам эрх мэдэлтэй нэгэн байв . Одоогийн хэллэгээр бол давхар дээл дээрээ нэмээд хантаазтай том гар байж. Гэвч ганц хүнд томдсон нүсэр албан тушаалууд намынх нь ялагдалд нэрмээс болсноос нэмэр болсонгүй.

МАХН-ын халааг авсан МҮАН-ынхан дөрвөн ч Ерөнхий сайдаа огцруулж байж намын дарга Р.Амаржаргалаа Ерөнхий сайд болгов.

Үр дүнд нь Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргалаар удирдуулсан МҮАН 2000 оны УИХ-ын сонгуульд навс ялагдлаа. Ерөнхий сайд, МҮАН-ын дарга, МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ийн тэргүүн гэсэн олон давхар “дээл”-тэй Р.Амаржаргалаар удирдуулсан Ардчилагчид ганцхан суудал авч Н.Энхбаяраар удирдуулсан МАХН 72 суудал авч гангарав.

Н.Энхбаяр бусдынхаа жишгээр намын даргын суудал дээр нэмээд Ерөнхий сайдын суудлыг нэхэв.  Тэр зүгээр ч нэг намын дарга, Ерөнхий сайд байхыг хүссэнгүй. Эрх мэдлээ нам дотроо ч, засаглалын түвшинд ч нэмэгдүүлж, барьцаа ахиулсаар 2004 он гэхэд тухайн үеийнхний оноож хэлснээр бараг “Монголын хаан” болсон байв.

Гэвч хааны сэнтий байгаад ч МАХН-аа ялагдлаас аварсангүй. Ц.Элбэгдоржоор удирдуулсан Ардчилсан намтай суудал тэнцжээ. Ингээд Эвслийн Засгийн газар буюу анхны МАНАН үүсчээ. Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов.

Эвслийн Засгийн газрын байгуулсан гэрээ ёсоор Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж бүтэн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллах ёстой байв.  Гэвч Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу намын даргаа өгч, түүний оронд МАХН-ын даргаар дөнгөж сонгогдоод байсан М.Энхболд  Ерөнхий сайдын суудлыг нь нэхсээр байгаад авав.
Хоёр жилийн дараа М.Энхболд Ц.Элбэгдоржийн хувь заяаг давтаж МАХН-ын XXV Их хурлаас сонгогдсон намын дарга С.Баярт албаа хүлээлгэж өгчээ.

С.Баяр тэгэхэд “Албан тушаалтай минь дүйцэхүйц хариуцлага үүрүүлээч” хэмээн хурлын индэр дээрээс мэдэгдэх, шаардахыг зэрэгцүүлсээр Ерөнхий сайдын суудлыг авч байлаа.

Намын дарга, Ерөнхий сайд хэмээх албан тушаалын зэрэгцэлд үйлчилсээр ирсэн “хараал” С.Баярыг ч тойрсонгүй. 2008 оны сонгуульд Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяраар удирдуулсан МАХН ялалт байгуулсан гэх ч “Сонгууль луйвардсан” хэмээн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Монголын түүхэнд хараар бичигдэх “Долдугаар сарын 1”-ы хэрэг явдал болж, таван хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Ийнхүү нөхцөл байдал дээд цэгтээ хүртэл хурцадсан тул Ерөнхий  сайд С.Баяр Ардчилсан намыг засагт хамтрахыг урьж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Шадар сайдаа болгов. Ингэж хоёр дахь МАНАН үүсэв.

Удалгүй С.Баяр өвчний улмаас намын дарга, Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгч түүний орыг Сү.Батболд эзлэв. Урьдын адил хос морьтойгоор намаа удирдан 2012 оны УИХ-ын сонгуульд орсон Сү.Батболд мөн л ялагдал хүлээсэн түүхтэй. Түүний оронд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд боллоо.

Гэвч Н.Алтанхуяг өмнөх Ерөнхий сайдуудынхаа адил бүтэн засаглах хувьгүй байв. Өөрийнх нь хэлсэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг дарамталсаар байгаад эхлээд намын даргыг нь, дараа нь Ерөнхий сайдын албыг нь булаан авсан гэдэг.  Ийнхүү Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хувийн өс хонзонгоос болж хямрал нүүрлэсэн Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсан юм.

Харин ялсан намын дарга М.Энхболд Ерөнхий сайд бололгүй УИХ-ын дарга болсон нь өмнөх бүх жишгийг эвдсэн явдал байв. Нэгэнт тогтсон жишгийг эвдсэн нь түүний Ерөнхийлөгчид өрсөлдөх гэсэн хувийн амбицтай нь холбоотой аж. Энэ нь намынх нь нөлөө бүхий лидерүүдийн эгдүүцлийг төрүүлж, “Хариуцлагаа бүрэн үүрч” Ерөнхий сайд болохыг эелдгээр шаардах болсон юм. Гэвч М.Энхболд зөрүүдэлсээр өнөөдрийн хямралт байдалд хүргэсэн билээ.

Ямартай ч өдгөө Ардын намынхан 31 дэх Ерөнхий сайдаар экс генсекээ сонгоод буй. Удахгүй МАН-ын XXVIII Их хурал хуралдаж намынхаа даргыг сонгоно. М.Энхболд хэдийгээр 2016 онд намаа удирдаж сонгуульд ялалт байгуулсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшин ялагдсан нь засаг огцрох болон намын даргын суудлаа өгөх анхдагч өгөгдөл болсон.

Улмаар хариуцлагаа хүлээж намын даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн юм. Түүний орыг залгахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдөх нь тодорхой болжээ. У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайдуудын жишгээр намын даргаа давхар авах сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Үүнийгээ ч нуухгүй байгаа. Ингэснээр хоёр хуваагдаад байгаа бүлгийн гишүүдээ “базна” гэж тооцож байгаа бололтой. Гэвч өнгөрсөн түүх засаглаж байгаа намын дарга, Ерөнхий  сайдын суудлыг давхар хашсан тохиолдолд сонгуульд дандаа ялагдаж байсан гашуун сургамжийг өгүүлж байна. Эрх мэдэлд хэт шунаж, давхар дээлэнд дурласан хувь улстөрчийн амбиц эцэстээ намаа ялагдалд хүргэснээр дуусдгийг сонины шарласан хуудаснаас бэлхэн харж болно. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалын хэнээрхэл 2020 оныхоо ялагдлыг л муу ёрлоод байх шиг. 
Нийтэлсэн огноо: 2017-11-17 12:22:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-11-17 13:48:53

Зүгээр л ёрлож байгаа юм байлгүйдээ!

Ажлын байр