Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Аль ч хувилбараар Хурц элчин байх боломжгүй мэт

"Би хариулчих юм уу? ... Айн?" Аймаар дарамталж, бас даажигнаж тохуурхаж байгаа юм шүү. Хурц УИХ-ын гишүүдийн, нөлөө бүхий бүлэглэлүүдийн, бүр Ерөнхийлөгчийн ч маш ноцтой гэмт хэргүүдийг сайн мэднэ гэдгээ нотлон харуулж байгаа нь энэ биз. Тэгээд л тийм итгэлтэй, бас дарангуйгаар даажигнаж байгаа хэрэг. Гишүүд нь таг. Бушуухан дэмжээд, дэмжээд Солонгост Элчингээр явуулчих шиг болов. 

Эндээс ар араасаа залгасан хэд хэдэн ноцтой асуудал гарч байна:

1. Хурц нь тийм олон улс төрчидийн ноцтой гэмт хэргүүдийг мэдэж байсан юм бол яагаад өдий хүртэл нуун дарагдуулж байсан юм бол? Тэр өөрөө АТГ-ын орлогч дарга, бас ТЕГ-ын дарга байсан хүн. Боломж нь бүрэн бий. Тэр яагаад үүргээ биелүүлсэнгүй вэ?

2. Үүргээ биелүүлээгүй төдийгүй тэр бүх ноцтой булхай гэмт хэргүүдийг нуун дарагдуулсан байна. Эсвэл гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан гэж үзэх бүрэн боломжтой юм биш үү?

3. Нуун дарагдуулсан төдийгүй түүнээ улс төрийн томилгоондоо барьцаа болгон ашиглаж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад хүргэж байна. Энэ нь Монголын Төрийг, Монголын хууль ёсыг дарамталж буй үйлдэл биш гэж үү? Өнөөх НО-той улс төрчидийнхөөс ч илүүгээр ноцтой гэмт хэрэг биш үү?

Ийм шат дараалсан ноцтой үйлдэл л харагдаад байх юм.

УИХ-ын чуулган дээр, бүх нийтийн өмнө ийм зүйлсийг зүгээр л тоглож, эсвэл айлгах гэж хэлдэггүй юм. Ямар хүүхэд биш. Хэлж буй үгнийхээ хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай хариуцлагатай хүний үг шүү дээ. Одоо бүр улсаа төлөөлөөд харьд элчин болох гэж буй хүн. Түүний үг зүгээр нэг тоглоом, поп улс төрчийн хоосон дэмийрэл биш. 

Тэгэхээр олон улс төрчидийн ноцтой гэмт хэргүүдийг мэддэг атлаа үүргээ биелүүлээгүй, нуун дарагдуулсан, хуйвалдсан байж болзошгүй, тэр бүү хэл түүнээ ашиглан улс төрийн дарамт хийж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулж буй рекетчинг, гэмт хэрэгтэнг тэгээд бүр улсаа төлөөлүүлээд Элчингээр томилчихож болдог юм уу?

ЯАХ АРГАГҮЙ манай улс төр, бүр Ерөнхийлөгч нь хүртэл гэмт хэргийн том сүүл, сүүдэртэй, түүгээрээ барьцаалагдсан юм гэсэн логик дүгнэлт л гарна. Өөр юу гарах юм бэ? Тэгээд бүгдээрээ Хурцын өмнө жинхэнээсээ гөлөг царайлцгаагаад... Өөр яаж ч чадахгүй байгаа биз дээ?

Хэрвээ Хурцын үгст үнэн хомс юм бол яагаад ийм худал хуурмагаар нийгмийг бужигнуулж байдаг хариуцлагагүй худалч нөхрийг Элчингээр тавьдаг юм бол? Харин ч хүн ноцтой гүтгэсэн хэргээр хариуцлага хүлээлгэх ёстой юм биш үү? Аль ч хувилбараар Хурц элчин байх боломжгүй мэт.

Хонины арьс нөмөрсөн чоноор хонио мануулахаар балрах нь ойлгомжтой. Ер нь тэгэж дахин дахин балраад байгаа атлаа хашрахгүй л юм даа, бид.

Б.Наминчимэд
Нийтэлсэн огноо: 2017-11-17 20:50:05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр