Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Хурц мэддэг бүхнээ өөртэйгээ хамт аваад Солонгос руу зугтах замыг сонгов

 
БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоо тойрсон асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж, улстөрчдийг хоёр хуваан талцуулаад байгаа билээ. Тэгвэл энэ удаад Б.Хурцын томилгооны асуудлаар Хуульч О.Алтангэрэл, нийтлэлч Р.Эмүжин нар цахим сүлжээнд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Хуульч О.Алтангэрэл: Зөөлөн суудлаас буруу тушаал өгсөн дарга нарыг буруутга

Сүүлийн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын томилгоотой холбоотой асуудал дуулиан дэгдээж байна. Б.Хурц гэж хувь хүний талаар болон яригдаж буй томилгоотой холбоогүйгээр түүнийг буруутгаж буй "хүн хулгайлсан" гэх явдлын талаар өөрийн бодлыг товч илэрхийлэхэд;

Аль ч улсын тагнуулын байгууллага өөр орны хуулийг, зарим тохиолдолд олон улсын хэм хэмжээг зөрчиж үйл ажиллагаагаа явуулдаг. Бүх л улсын хуулиар тагнуулын болон бусад тусгай ажиллагаа хориотой. Америкийн хуулиар хориотой юм даа гээд хятадууд тэднийг тагнахгүй байна гэж байхгүй шүү дээ.

1972 оны Мюнхений олимпоор тамирчдыг нь барьцаалж халдлага үлдсэн этгээдүүдийг Израйлчууд зарлаж байгаад өөр улсын нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулан устгаж, Америкчууд Бин Ладенг Пакистанчуудад мэдэгдэлгүй газар нутагт нь тусгай ажиллагаа явуулан хороож, Оросууд Британид Литвиненког хордуулсан нь бүгд хууль бус. Улс орнууд өнгөрсөн бүх хугацаанд яг ийм зарчмаар тусгай ажиллагаа явуулсаар ирлээ. Одоо ч дэлхийн бараг л бүх улсад өөр орны тусгай албаныхан ил, далдаар үүргээ гүйцэтгэсээр л яваа.

Том, хүчирхэг улс бусдаас давуу эрхтэй биш. Хэдэн арван тэрбум доллароор санхүүждэг болохоор тагнуулчид нь чадвартай байдаг ч юм биш. Жижиг гэлтгүй бүх улс орон оршихуй, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй, өөрийн гэсэн хүч, хэрэгсэлтэй. Хилийн гадна, дотно галын нууц шугам дээр жинхэнэ эх орончид ажилладаг. Тушаал авлаа, гүйцэтгэе! Улс орныхоо төлөө амиа ч алдаж мэднэ. Үхлээ гэхэд шарил дээр нь хөшөө ч босгохгүй. Тэдний бол үндэсний аюулгүй байдлын тулгуур.

Д.Энхбатыг баривчилж, хулгайлсан нь жигшүүрт явдал, хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Гэхдээ асуудлын гол нь Д.Энхбат гэм буруутай нь нотлогдоогүй, түүний хэлснээр эрүүдэн шүүлтэд орсон зэрэг нь төрийн буруу болохоос биш "хүнийг нууцаар хил давуулсан" гэдэг байж болшгүй зүйл биш. Өөрөөр хэлбэл Д.Энхбат манай үндэстний аюулгүй байдалд заналхийлэгч, алан хядагч байсан бол дээрх үйлдэл зөвтгөгдөх юм. Харин тусгай үүрэг гүйцэтгэхээр даалгавар авсан залуучууд энэ талаар мэдэх албагүй, бас боломжгүй. Их л сайндаа "С.Зоригийн хэргийг үйлдэгч" гэж л хэлсэн байх.

Д.Энхбатын амь насаа алдсаны хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь тухайн үед үүрэг өгсөн албан тушаалтнууд, шууд хэлбэл ҮАБЗ-д багтдаг эрхмүүд болохоос биш гүйцэтгэсэн ажилтнууд байж болохгүй. Хууль бус тушаалыг биелүүлэх албагүй гэж нэг ухаантан нь хэлэх байх, гэхдээ ажилтнууд нь өгсөн үүрэг даалгавар болгоныг хуульд нийцэх үү гэж асуугаад байвал гадаад тагнуулын албаа татан буулгасан нь дээр. Учир гадаад тагнуулын үйл ажиллагаа бүхэлдээ хууль болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж явагддаг юм. Тийм болохоор дахин дурьдахад Б.Хурц ч бай, эсвэл В.Зөөлөн ч бай дэлхийн тагнуулын түүхэнд тэмдэглэгдэхээр чадвартай ажилласан ажилтан залуусыг буруутгах хэрэггүй. Зөөлөн суудлаас буруу тушаал өгсөн дарга нарыг буруутга.

Улс төр хийгчид, хийсвэр онолчид, цагаан гартнууд таны, миний эх орныг хамгаалахгүй. Үхсэн ч нэр нь дуурсагдахгүй далд фронтын залуус шиг галруу орохгүй. Тэд эрх мэдэл, нэр төргүйгээр үхэж болох тийм ажлыг огт ойлгохгүй.

Б.Хурцыг АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга байснаар нь, элчин болох гэж байгаад нь, Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандантай тэрссэнээр нь буруутга, хамаагүй. Харин урьд ажилтны хувиар үүрэг хүлээн нууц ажиллагаанд оролцсоноор нь бүү дайр. Учир нь тэгэх тоолонд далд фронтынхны хүч суларч, бидний дайснуудын бах ханана. Ингэхийг хэн хүсч болох вэ, эргэцүүлнэ биз.
 
Нийтлэлч Р.Эмүжин: Хурц аа гэж...хөгийн ч эр юм даа

-Тийм хоншоортой л юм бол Их Британи, эсвэл Америк зэрэг том гүрэнд Элчин сайдаар томилогдохгүй яасан юм? Улс дамжин томорч, Европт нэвтрэх эрхээ буцаагаад авчихгүй дээ. ТЕГ-ын даргын суудлаас гулсчихаад, Солонгос явахын төлөө мэддэг бүхнээ шантааж болгон ашиглаж байх юм. Сайн эрийн хийх зүйл яавч биш. Улстөрчдийн булхай луйврын талаарх мэддэг бүх мэдээллээ өөрийн хувийн эрх ашиг, албан тушаалын томилгооны төлөө ашиглаж байгаа нь Бадарч тахарын зиндаанд түүнийг унагаж орхилоо. Уг нь жинхэнэ сайн эр бол Монголын ард түмний төлөө тэр мэдээллүүдээ зориулж, шударга ёсыг бий болгохын тулд эцсээ хүртэл явж, эвлэж болох бүх аргыг хэрэглэх байв. Гэтэл тэгсэнгүй. Албан тушаалтай, арыг нь даах хүнтэй байх үедээ хэдэн жилээр дуугарахгүй гүрийсэн гэхээр мань эр луйврын гэмт хэргийн хамсаатан болж таараад байна. Түүгээр ч зогсохгүй Элчингийн эрх ямба хөөхийн төлөө хөгөө дэлгэв. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гээч болов. Монгол Улсын ТЕГ-ын дарга, хүчнийхнийг улстөрчидтэй нь атган, юу хүссэнээ хийн бужигнуулж явсан эр хүний газарт, хөх далайн эрэгт өчиггүй цөлөгдөж, өргөн түмнээсээ хол гансарч сууна гэдэг юу нь сайхан байхав. Тэгээд бүр мэдэхгүй салбарт шүү. Ёстой нөгөө эр шалдаа бууж, эрэг голдоо нурна гэдэг тэр биз. Тэгэхээр түүнд Монголд үлдэхгүй байх хангалттай хар шалтгаан бас байна. Жинхэнэ сайн эр бол төрд бугласан бүх булхай луйврыг ард түмэндээ дэлгэн, үнэнийг хэлэх боломж эрэлхийлэх байсан. Харин Хурц мэддэг бүхнээ өөртэйгээ хамт аваад Солонгос руу зугтах замыг сонгов. Дээр нь хашиж байсан албан тушаалуудаа ашиглан бусдыг айлган чичрүүлэв. Гэтэл түүнийг сайн эр гэх нь холгүй ханараад байх юм. Үнэндээ мань Хурц баян амбаны адууг туун ядуу ардад хүргэхийг зорилго болгоогүй, харин төр, түмэн хоёрын дунд түнтийж яваа "биеэ үнэлэгч" л юм даа. За тэгээд энэ залуугаар амаа таглуулсан болгонд " Хохь чинь" гээд хэлчихэд гэмгүй аж. Солонгос явчих санаатай боорлуулж суугаа Хурцын ч хохь, ийм гишүүд дарга нарт итгэж өнөөг хүрсэн бидний ч хохь. Ингэхэд нөгөө солонгосууд дараагийн хохирогч болохгүйн тулд Хурцыг хүлээж авахгүй гэх магадлал өндөр гэж байгаа...Манайхан ч яахав айсандаа амаа үдүүлээд, ичсэндээ эрүү хамхин хулчийж байгаад илгээдэг байж. Тэртэй тэргүй гайтуулж буй хэн нэгнийгээ гайхамшиг гутамшиг хоёртой нь илгээдэг гарзандаа гарсан албыг Гадаад харилцаа гэх болсоор удаж байгаа юм хойно. Эсвэл тэр энэ цагийн томоос том золиос. Үүрэг гүйцэтгэсэн цэрэг. Генерал болсон хойноо ч цэрэг хэвээр үлдсэн бухимдал, хорсол.
Нийтэлсэн огноо: 2017-11-18 12:53:52

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-11-20 15:48:36

Эмүжингийн нийтлэлийг унших дуртай маш ухаалгаар зоригтой үнэн шудрага бичдэг голыг нь олж хэллэгт амжилт хүсье мундаг эмэгтэй шүү

Ажлын байр