Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сценари нь тодорхой их хурал


Л.Болдын асуудал, Б.Хурцын томилгоо, Ж.Батзандангийн хүсэлт, Ц.Нямдоржийн зуулт. Хөхөө өвлийн хүйтнийг монголчууд бид уйдах завгүй хөгжилтэй өнгөрөөж байна. Улс төр нь дүүрэн инээд, ханиад. Дээр нь сэлэмтэй бүжиглэгчийг нэмбэл бүүр зугаатай. Энэ мэт сенсаацтай ийм нэгэн долоо хоногийн араас эрх баригч намын Их хурал залгана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашаас ил цагаандаа гарч, хоёр хуваагдсан МАН-ынхан Их хурлынхаа өмнө нам жимхэн байна. Энэ нь их тулааны өмнөх нам жим үү, эсвэл сценари нь тодорхой учраас эрх баригчид нам гүм болцгоов уу?Ердөө гурав хоногийн дараа ирэх Даваа гаригт /2017.11.20/ МАН-ын Их хурал эхлэх бөгөөд намын даргад өрсөлдөнө гэдгээ гурван хүн албан ёсоор зарлаад байгаа. Үүнд, УИХ-ын гишүүн, 57 настай Д.Хаянхярваа, Ерөнхий сайд, 49 настай У.Хүрэлсүх, 46 настай Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөөр хэвлэлээр хэдийнэ "бие халаалтаа" эхлүүлжээ.Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах асуудлаас болж эрх баригчид албан бусаар МАН1, МАН2, УИХ дахь бүлэг нь 32 ба 33 гэж хоёр хуваагдчихаад байгаа. Тиймээс намын даргад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарласан У.Хүрэлсүхийг "33"-ын бүлэг нь, Д.Хаянхаярвааг "32"-ын бүлэг нь дэмжинэ. Гэхдээ засгийн томилгоо, сандал суудлын асуудлаасаа болоод МАН-ын 33-ын бүлэг ч дотроо хоёр хуваагдаж, эрх мэдлийн тойргийн гадна үлдсэн Х.Болорчулуун, Ч.Улаан нар урваж, шарвахад бэлэн байгаа гэлцэх.Мэргэжлийн засгийг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон ч Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тэд дэмжсэн.

Эндээс харвал 33 бүлэгтэйгээ ч, танхимын сайдуудтайгаа Ерөнхий сайд  учраа ойлголцож чадахгүй яваа нь Ерөнхийлөгчийн хориг болон Монгол улсыг БНСУ-д төлөөлөх Элчин сайдаар томилуулахаар гаргасан Засгийн шийдвэрийнхээ эсрэг зогсч байгаа Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нарын байр сууринаас харагдаж байна.  Их хурлаараа У.Хүрэлсүх намын дарга болж чадахгүй бол түүний засгийн тоолуур гүйж эхэлнэ. Тиймээс тэр өнөөдөр 32-ын ба 33-ын, МАН ба Ерөнхийлөгч гэх "хайчин гал"-ын дунд зогсож байна.Бүлгээ хоёр хуваасан "хэрэгт" уначихаад байгаа Д.Хаянхярвааг МАН1-ээс сойж буй гэх агаад энэ нь М.Энхболдын салаа үзүүртэй санаа байж болохоор. АН-ын алдааг алхам бүртээ давтах болсон Ардын намынхан ирэх 2020 оны Их хурлын сонгуулиар ялах нь тун ч эргэлзээтэй.

Гудамжинд хөөгдөж гарсан АН-ын тавиланг гурван жилийн дараа туулж магадгүй учраас "32-ын бүлэг"-ээс Их хуралдаа төдийлөн ач холбогдол өгөхгүй байна уу гэлтэй. Засгаа авсан У.Хүрэлсүхэд намыг нь өгөөд 2020 онд ялагдсан тохиолдолд ганцааранд хариуцлага хүлээлгэх тактик бас харагдаж байна.Нөгөө талаар амынхаа аль, аль бүлэгтэйгээ ойр, тал алддаггүй 57 настай Д.Хаянхярвааг Их хурлын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авч чадвал түүний хувьд намын дарга болох ганц боломж нь энэ.Харин фракцуудын дэмжлэг багатай, намын дарга болохгүй нь нэн ойлгомжтой Н.Дэмбэрэлийн өрсөлдөж буй шалтгаанаа "Эх оронч гэдэг өөрөө ч үл ойлгох хийрхэлд итгэн Ерөнхийлөгчөө даган шүтдэг болсон ийм нийгмийн гажуудсан тогтолцоонд ялах магадлалгүй ч яадаг юм гэж сөрмөөр санагдсандаа нэр дэвшиж байна" хэмээн тайлбарласан.Гурван хүн нэрээ дэвшүүлсэн МАН-ын даргын сунгаа таван сум нь ташуур болсон АН-аас ялгаатай нь Их хурлын төлөөлөгчид нь даргаа сонгоно. Шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, шинэ содон зүйл байхгүй гэсэн үг. Баруун, зүүнээ мэдэхээ байтлаа цус ойртсон Монголын намууд даргаа сольсон ч, үйл хэргээ мэдэхээ больсон. Сунгааны өнгө, суудлын шинжийг харахад МАН-д шинэчлэлт огт явагдахгүй, шинэ даргаа сонгох нь л тодорхой болжээ. Тэгэхээр Монголын улс төрд бас юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Нийтэлсэн огноо: 2017-11-18 13:07:20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр