Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий


Шинэ Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилсээр. Ялангуяа хууль хүчний байгууллагуудыг орвонгоор нь сольж байх шиг. ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг сольж, зарим газар, хэлтсийнх нь удирдлагыг ч халж сэлгэж байгаа аж. Бусад газрын тухайд халаа сэлгээнд өртөх нь ч цаг хугацааны л асуудал болж байна.

Тухайлбал одоогоор АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг арайхан явуулчихаагүй байна. Гэвч түүний ажлыг авах хүмүүсийн тухай яриа хэдийнэ гарчихсан. Нэн түрүүнд хурандаа Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Билэгтийг зүтгүүлэх гэж байгаа гэж аравдугаар сард л улстөрийн хүрээнд шуугиад эхэлчихсэн билээ.

Гэхдээ өнөөг хүртэл энэ халаа сэлгээний тухай элдэв хов жив гарахгүй байсанд АТГ-ыг оролдохооргүйгээр тохироог хийсэн бололтой гэж олон нийт үзэж байсан юм. Тэгтэл үгүй ажээ.

Юу гэвээс, МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалж байгаа Г.Баасанг удирдана гэсэн яриа гарч эхэллээ.

Хэдийгээр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч тухайн хүний онцлог, туршлага, эзэмшсэн мэргэжил, өөр олон зүйлээс шалтгаалж зохих албанд томилох учиртай. Энд нэг л зүйл ойлгомжтой байна. АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ.

Уг нь энэ газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн. 

Мөн АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.

Тус газрын албан үүргийн чиг баримтлалад “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, АТГ эрх баригч нам хүчин, эсвэл төрийн дээд албан тушаалтнуудын зүгээс өөрсдөд нь улайран зүтгэсэн хэн нэгнийг эрхлүүлэн, шагнахаар илгээдэг газруудын нэг биш. Учир нь АТГ өөрөө хууль хэрэгжүүлэхээс гадна хэрэгжилтийг нь хянах маш онцгой, халдашгүй статус бүхий газар гэж ойлгож болно.

Г.Баасан хатагтайн тухайд хуульчийн мэргэжлийг хожим эзэмшсэн ч өнгөрсөн богино хугацаанд өөрийн ур чадварыг илэрхийлж чадсан нэгэн. Тэрбээр төрийн албаны хажуугаар олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг нь ч үнэн. Хүчин буурай ахмадуудын өмнөөс хүчтэй тулж, тэмцсээр энэ өндөрлөгт хүрсэн түүнийг Монгол Улсын нөлөө бүхий хатагтай нарын нэг ч гэдэг.

Гэхдээ дээр дурдсанчлан АТГ нь маш их нууц, мэдээлллийн сан агуулдаг, үүнийг олон нийтэд тэр бүр дэлгэх боломжгүй, ялангуяа улстөрчдөд бүр ч мэдэгдэж болохгүй. Учир нь эдгээр баримт бүр төрийн нууцыг агуулахын зэрэгцээ хүний нэр хүнд, цаашилбал амь насанд ч хүрэх магадлал өндөртэй тул өнгөрсөн хугацаанд Монголын урдаа барьдаг хурандаа, генералууд энэ газрын даргын албыг хашиж ирсэн. Гэхдээ бүгд ажлаа тайван хийсэн нь үгүй. АТГ-ын даргын албыг хашиж байгаад амиа алдсан тохиолдол ч байгаа.

Тиймээс энэ ажилд Г.Баасан хатагтай тохирохгүй. Харин түүнд одоогийн алба болох Олон нийтийн зөвлөлийн дарга хамгийн тохиромжтой гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч түүнийг энэ ажилд томилогдсоныг олон нийт талархан хүлээн авсан.
Гэхдээ Г.Баасанг энэ албанд зүтгүүлнэ гэсэн нь санамсаргүй хэрэг биш.

Учир юу гэвэл, 2016 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Харин түүнээс өмнө мань хүнийг энэ албанд томилох, эсэх талаар маргаан гарч байх үед тухайн үед УИХ-ын дарга байсан /энэ асуудал АН-ын засгийн үед яригдаж эхэлсэн/ З.Энхболд хамгийн ихээр эсэргүүцэж, өөрийн хүнийг санал болгож байсан гэдэг.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, бүх ажлыг нь өмнөөс нь хийх боломж гарсан болохоор Х.Энхжаргалын ажлыг авах нь цаг хугацааны л асуудал болсон. Гэвч АТГ-ын даргыг халж, оронд нь өөрийн хүнээ томиллоо, томиллоо гэхэд арай ч ийм найзан дундын найраа байж болохгүй албан тушаал гэдгийг мэдэх буй биз ээ.

Эх сурвалж:Өглөөний сонин
Нийтэлсэн огноо: 2017-12-07 10:43:57

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-12-10 07:58:06

Төрийн албыг самруулж, өс хонзонгоор ард түмнийг дарамтлах гэвэл энэ авгайг тавьж таарна. Тиймгүй бол арай ухаалаг, улсаа хайрлаж хүнийг хүндэтгэдэг хүн л тавих хэрэгтэй. Цагдаагийнхаа нүүрийг маажаад бархир явсан ийм хүн яаж ч мэднэ, Ерөнхийлөгч өө.

Ажлын байр