Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Татвар хаашаа “Урсаж” байна вэ?


МАН 2016 онд сонгуулийн дараа төрийн эрхийг хүлээн авахад байдал хүндхэн байжээ. Энэ үед сонгуулийн амлалтаасаа эрс татгалзаж, татваруудыг зарим төрөлд шаталсан хэлбэрээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь учир шалтгаантай гэдгийг нэг талаар зөвтгөж болохоор байж. Гэхдээ хамгийн зөв нь гэж хэлэхэд учир дутагдалтай. Жил бүрийн төсвийн алдагдал, нэг үгээр бол дутагдсан мөнгөө нөхөхийн тулд ч юм уу, Засгийн газар үнэт цаас гаргаж, арилжааны банкуудаас дээд тал нь 18 хувийн хүүтэй зээлийг үнэт цаасаа барьцаалах замаар зээлсээр байв.
2016 оны эцсээр гэхэд арилжааны банкуудад төлөх үнэт цаасны өр 3.2 их наяд төгрөгт хүрсэн байв. Улсын төсвөөс /нийтийн санхүү/ арилжааны банкуудад төлөх Засгийн газрын үнэт цаасны зөвхөн хүүгийн төлбөр гэхэд 850 тэрбум төгрөгт хүрээд байв. Энэ нь 2017 оны улсын төсвийн нийт цалингийн сангийн 60 хувьтай, улсын төсвийн татварын орлогын 20 хувьтай тэнцсэн юм.
Засгийн газрын үнэт цаасыг барьцаалаад 13-18 хувийн хүүтэйгээр мөнгөө зээлүүлсэн арилжааны банкуудын ашиг нэг үгээр бол улсын төсвөөс хийгдсэн гэсэн үг. Бидний татвар нийгмийн үйлчилгээ рүү буюу улсаас л харж хандахгүй бол болохгүй салбар руу биш арилжааны банкууд руу ч юм уу ашиг болж очоод байгаа хэрэг. Хувийн хэвшлийнхэн хэзээ ч сонирхохгүй, ашиг өгөхгүй салбаруудаа улсаас л харж хандахгүй бол болдоггүй.
Яг тийм зорилтот хэсэг рүү биш өөр ашиг сонирхлын бүлэглэл рүү татварын мөнгө шимэгдчихээд байвал улсын төсвийн “дахин хуваарилалт”-ын шударга зарчим алдагдаж, эцэст нь татвар төлөгчид бухимдаж эхэлнэ. Яг ийм үйл явц өрнөх нөхцөл өнөөдөр бүрдээд байгааг татварын нэмэгдлийг эсэргүүцэж буй сүүлийн өдрүүдийн бухимдал илэрхийлж байна.
Уг нь татварын “философи” хаана мөнгө байна, тэнд оногдож байх ёстой. Хаана хор хохирол бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ цэцэглэж байна тэнд түлхүү хувиар оногдох ёстой. Энд нэг тоо хэлэхэд Монгол Улсын нийт борлуулалтын орлогын 96 хувийг нийт аж ахуйн нэгжийн 7 хувь хийдэг. Нийт орлогын 4 хувийг нийт аж ахуйн нэгжийн 93 хувь нь хийдэг гэх тоо бий. Борлуулалтын 96 хувийг хийж байгаа 7 хувьд татвар түлхүү оногдох ёстой гэсэн логик байж болно гэсэн үг.
Улсын төсөв болон татвараас бүрдүүлдэг нийтийн санхүүгийн үндсэн нэг үүрэг нь дахин хуваарилалтын үүрэг гэж үзвэл бидний татвар нийтийн эрх ашигт үйлчлэх салбар руу санхүүжилт болон хуваарилагдаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг дор дороо боломжоороо нягтлан үзэхэд илүүдэхгүй бололтой.
 
 
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр