Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сурагчид ХООЛ биш “ХОР”-оор ӨЛ залгаж байна

 

Ангийнх нь хүүхдүүд сургууль дээрээ янз бүрийн амттан авч иддэг тухай “шинэков” сурагч хүү минь хэдэнтээ ярив. Сүүлдээ хүүгээ өрөвдөн “Энэ мөнгөөр амттан биш, хүчилтөрөгчийн коктейль авч уугаарай” гээд явууллаа. Мөнгөтэй харилцаж сураагүй хүү минь эхний өдөр өнөөхөө гээж, дараагийн удаад хүчилтөрөгчийн коктейль худалддаг бүсгүйд төлбөрөө өгсөн хэрнээ “ундаагаа” авалгүй буцах зэргээр хөглөсөөр гурав дахь өдрөөс нь зорилгоо биелүүлсэн юм даг. Тэр өдөр бөөн баяр гэртээ ирээд “Аав аа, ээж ээ, би өнөөдөр маш амжилттай худалдагчид мөнгөө өгөөд, коктейль авч уусан шүү” хэмээн бөөн инээдэм болгож билээ. Аз болоход сургуулийнх нь буфеттэй зэрэгцээд, хүчилтөрөгчийн коктейль зардаг хүн байсан нь сайн хэрэг шүү. Тэгээгүй бол...

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн 2015 онд ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд борлуулж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хийсэн судалгаанаас бид ирээдүй хойчдоо дэндүү хөндий хүйтэн, хүнийрхүү сэтгэлээр хандаж буйгаа ойлгоно. Тухайлбал, хүүхдүүдийн сургуулийнхаа орчмоос байнга авч иддэг чихэр, ундаа, чипсний найрлагад илэрсэн зарим хүнсний будагч, үл исэлдүүлэгч бодис нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй тул олон улс оронд хязгаарласан, ялангуяа хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон нэмэлтүүд байжээ. Тэр байтугай сурагчдын худалдан авдаг хоол, хүнсний бүтээгдэхүүнээс хүнд металл илэрсэн бөгөөд 3.2 хувьд нь кадмий, 10.5 хувьд нь хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байгааг шинжилгээгээр тогтоосон байгаа юм.

Сургуулийн орчимд худалдаж буй хотдог, бургер, ороомог, кимбаб, бууз, пирожки, хуушуурын дээжээс нян судлалын шинжилгээ авахад хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нянгийн болон хөгц мөөгөнцрийн бохирдол илэрсэн, түргэн хоол, чипс, “ширхгийн” хоолны дийлэнх буюу 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан зэрэг зөрчил бол үүний хажууд хол цаашаа хэвтэнэ. Хордлого бол наад захын дохио гэлтэй. Гэтэл томчууд бид “Сурагчид сургууль дээрээ хордлого авлаа” гэхээр хэсэг шуугиад л мартдаг. Үнэн хэрэгтээ монголчууд өсвөр үеийнхнээ үй олноор нь чимээгүй тахал руу түлхэж буйгаа ойлгохгүй, анзаарахгүй явж. 

Манай улсын хүн амын 26 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлдэг. Сурагчид өдөрт 4-8 цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг тул нийт сурагчдын 98.4 хувь нь тухайн орчноосоо хоол хүнс авч хэрэглэдэг байна. Гэтэл нэг буфетэд дунджаар 28 ширхэг “хортой” бүтээгдэхүүн, 1-2-хон ширхэг эрүүл хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан гээд бод доо. Үр дүнд нь 6-11 насны сурагчдын 28.6 хувь нь илүүдэл жинтэй, тарган байгааг “Монголын хүн амын хоол тэжээл” Үндэсний V судалгааны дүнгээс харж болно.

“Гурван цагаан хор” гэгддэг давс, чихэр, тос, өөхихтэй хүнсээр хүүхдүүд маань сургуулийнхаа орчинд “хордож” буй ийм нөхцөлд үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй, энэ байдлаараа үргэлжилбэл өсвөр насныхны таргалалт монгол хүний хөгжлийн индексийг хойш чангаах нэг том тээг болох нь дамжиггүй. Ийм байхад зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг гээд яриад байдаг хүмүүс “овоо хараа”-гаа яагаад сургуулийн хүүхдүүд рүү чиглүүлдэггүй юм бол. Эрүүл, зөв хооллолтын талаар ойлголт мэдлэггүйг нь далимдуулан, сурагчдад хямд төсөр, чанаргүй бүтээгдэхүүн шахаж, халаасыг нь тэмтэрч буй наймаачид амьтны үрсийг өөрийнхөө хүүхэд, ач зээтэй адилтган бодож болдоггүй хэрэг үү. Мэргэжлийн хяналтын байцаагч байсхийгээд шалгалаа, ийм тийм зөрчил илэрлээ, торголоо л гэдэг, тэгээд яагаад бүх зүйл бахь байдгаараа байна вэ.

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, ард иргэдийн эрүүл мэнд, өвчлөлийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой байдгийг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг гэсэн үг. Хүүхэд, өсвөр насандаа зөв зохистой хооллож сурах нь хүний эрүүл мэнд, өсөлт хөгжил, оюун санаанд эергээр нөлөөлөхөөс гадна цус багадалт, таргалалт, шүд хорхойтох зэрэг наад захын эмгэгүүдээс урьдчилан сэргийлж, улмаар зүрх, судасны өвчин, хавдар, тархинд цус харвах гэх мэт алсын үр дагавраас сэргийлдэг байна. Хамгийн гол нь хүүхэд, өсвөр насанд төлөвшсөн, архаг хууч өвчний үндэс суурь болох хооллолтын буруу дадлуудыг хожим өөрчлөхөд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс сургуулийн орчинд худалдаж буй хоол хүнс, ундааны шим тэжээллэг чанарт стандарт тогтоож мөрдүүлэх нь зайлшгүй чухал, үүний тулд тодорхой бодлого зохицуулалт, техник, эдийн засгийн дэмжлэг, хяналт шинжилгээ, үнэлгээ шаардлагатайг мэргэжилтнүүд сануулсаар.

“Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд сургууль, цэцэрлэгийн орчимд худалдахад тохиромжгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гарган, хүүхдэд зориулсан хүнс, хоол үйлдвэрлэлд тавих шаардлагыг баталсан байдаг. Гэвч үүнийг сургуулиуд бүрэн мөрдөж хэвшээгүй байтал өнөөх нь цаасан дээрээ “өтөлж” хоцрогдсон тул өдгөө дахиад шинэчлэх шаардлагатай болжээ. Тухайлбал, бүх төрлийн хийжүүлсэн ундаа, чихрийн агууламж нь 10 хувиас их ундаа, жимсний агууламж 50 хувиас бага жимсний шүүс, сироп болон түргэн мууддаг өрмөнцөртэй жигнэмэг, чипс, попкорн, зайрмаг, их тосонд шарсан хоол (хуушуур, пирожки, шарсан ороомог, шарсан төмс), маргарин, майонез, крем агуулсан хоол, зууш, нүдэлж шарсан өндөг, кофе, энергийн ундаа, утсан хиам, давсалсан, даршилсан бүтээгдэхүүнүүдийг сургуулийн цайны газар, буфетээр худалдахыг хориглох, хязгаарлах шаардлагатайг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн зөвлөж буй.

Эдгээр нь сургуулийн орчинд худалдаж болохгүй хүнсний 20 бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас 2005 онд нэрлэхэд мөн л “цоллуулж” байж. Үүний оронд 50 хувиас доошгүй жимсний агууламжтай чацаргана, аньс, нэрсний шүүс, тослог, чихэр багатай жигнэмэг, нарийн боов, амталсан холимог будаа, кремгүй кекс, мантуун бууз, бууз, бага тосонд хайрсан хуушуур, чанасан өндөг, майонезаар амтлаагүй жимс, ногооны салат сурагчдад худалдахыг зөвлөж байна.

Сургуулийн цайны газар, буфетээр худалдахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт эрх биш байна. Гэтэл сургуулийн гаднах орчинд байгаа дэлгүүрүүдийн тухайд бол бүр ч хяналтгүй өдий хүрчээ. Тиймээс сургууль, цэцэрлэгээс 150-200 метрт байрлаж буй хүнсний мухлагуудад мөн л дээрх жагсаалтыг хамаатуулан, дагаж мөрдүүлэх шаардлагатай байгаа аж.

Сургуулийн орчин бол сурагчдын хоол хүнсэнд хандах хандлага, сонголт, зан үйлд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг газар тул гадаадын орнуудад багш, ажилтнууд нь өөрсдөө эрүүл хооллож, хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэхийг чухалчилдаг байна. Мөн биеийн тамирын багш нар сурагчдад хоол тэжээл ба хөдөлгөөний идэвх хоорондоо ямар холбоо хамааралтайг ойлгоход нь туслах, хүүхдүүдээр хүнсний бүтээгдэхүүний шошго уншуулж сургахад эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гээд хандлагыг нь өөрчлөх олон ажил хийдэг гэнэ.

Нийтэлсэн огноо: 2018-01-11 10:54:49

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр