Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Г.Баасангийн "илчлэлт" VS АТГ-ын "няцаалт"


Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд "АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хурлын үеэр АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллүүдийг хийснийг багцлан хүргэж байна. 

 

АТГ-т гомдол гаргасан хүнийг даргад нь матдаг:

"АТГ-т гомдол гаргасан иргэдийг дээд албан тушаалтанд нь ховлодог зөрчил байна. Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг даргатай холбоотой маш олон хүний гарын үсэгтэй гомдол манайд ирсэн. Гэтэл гомдол гаргасан хүмүүсийг Засаг даргад нь матсан байна. Түүнчлэн гаргасан гомдолд нь хариу өгдөггүй. Хариугаа нэхээд очхоор бүртгэгдээгүй байна, дахиад бичээд ир гээд явуулдаг. Бас Олон нийтийн зөвлөлд өргөдөл гаргасан хүмүүсийг зэмлэдэг. Баасанд хандаад байхдаа яадаг юм бэ гэж загнадаг. Ингэж загнуулсан хүн долоо болчихоод байна. Тэр хүмүүс бидний нэрийг битгий хэлээрэй бид чангалуулахыг хүсэхгүй байна шүү Баасан гуай гэж хэлсэн." 

М.Энхболдтой холбоотой ирсэн гомдолыг устгасан:

"Мөн тэрээр АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Одоогийн байдлаар 4 иргэний гомдлыг устгасан гэсэн мэдээлэл бий. Жишээлбэл М.Энхболдтой холбоотой гомдол устгагдсан. Гомдлыг нь устгасан талаар гавьяат эмч А гэдэг хүнд АТГ-ын гомдол хүлээж авдаг хүн хэлсэн юм байна. Тиймээс иргэн А гомдлыг нь хүлээж авсан хүн хаачсаныг АТГ-аас асууж асуулга тавьчихсан. Хариу нь хэзээ ирэхийг мэдэхгүй. А гэх энэ иргэн М.Энхболд гэж хүний 2005 оны наймдугаар сарын 9-нд гаргасан 319-р захирамж нь албан тушаалтны гэмт хэргийн шинжтэй байна гэсэн гомдол өгсөн байсан."

АТГ-ын дарга Х.Энхжаргал гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад сууж байдаг

"АТГ “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатай. Гэтэл АТГ-аас аливаа авлигын хэрэгт хэрэг бүртгэлт нээе гээд прокурорт шилжүүлэхээр прокурор нь татгалзаж байна гээд хариу өгчихдөг. Эсвэл АТГ нь хэрэг үүсгэх шаардлагагүй гэдэг. АТГ, прокурор хоёр ийм байдлаар авлигын хэргийг дундаа хийдүүлж байна. Улаанбаатар төмөр замын оффшор данс, засварын машин, тос тосолгоо, 999 вагон гэх мэт маш олон авлигын асуудлыг бид гаргаж тавьсан. Гэтэл АТГ-ын дарга Х.Энхжаргал 2017 оны 12 сарын 27-ны өдөр “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж надад хэлсэн. 12 сарын 25-нд АТГ-т хэвлэлийн хурал болох үеэр сэтгүүлчид Улаанбаатар төмөр замын асуудал юу болж байгааг асуухад “Тэр талаар мэдээлэл байхгүй” гэж хариулж байсан. Ингэж хариулсныг би ч сонссон. Сэтгүүлчид та бүхэн ч сонссон. Үүнээс харахад АТГ-ын дарга Х.Энхжаргал гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад сууж байдаг, авлигын гомдол хэн өгч байгааг  дарамталдаг, мөрдөн байцаагч нараа битгий хэрэг үүсгээрэй гэж замхруулдаг удирдагч нь байна гэж харахад хүргэж байна. Ялангуяа Х.Энхжаргал гэж энэ хүнийг солиогүй цагт АТГ-т ямар ч хэрэг ороод нэмэргүй юм байна гэсэн байр сууринд бид хүрээд байна"

Харин түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа Авлигатай Тэмцэх Газраас цаг үеийн асуудлаар мөн мэдээлэл хийлээ. Өнөөдөр Г.Баасан тэргүүтэй хүмүүс илт худал мэдээлэл тараасантай холбогдуулан залруулга мэдээлэл хийж байна. Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг няцааж байна хэмээн мэдэгдсэн юм. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү: Г.Баасан АТГ-ыг гүтгэж, ташаа мэдээлэл тараалаа

Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү: "Олон нийтийн зөвлөлийн Г.Баасан тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж байгууллагын үйл ажиллагааг илт гүтгэж, мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнтэй холбогдуулан албан ёсны мэдээлэл хийж байна. Аливаа хувь хүн АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр Г.Баасан нарын хүмүүс АТГ-ын байгууллагын удирлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж гутаан дормжлох, харлуулах улмаар Авилгатай тэмцэх ажлын хүчийг бууруулах, ОУ-ын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө МУ-ын АТГ-ын нэр хүндийг унагаах зорилгоор удаа дараа худал ташаа , илт гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тараалаа.

АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг нь олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах байдаг. Гэтэл зарим хүмүүс АТГ-ын талаар худал мэдээлэл тарааж байгаа нь олон нийтийг АТГ-д итгэх итгэлийг алдагдуулж байна. Ямар эрх ашгийн төлөө ийм мэдээлэл хийж яваад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас АТГ-аас байгууллагын эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол цаашид нэр төрөө сэргээлгэхээр Монгол Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдэж байна" гэв.

  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр