Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийтлэлч А.Баатархуяг: Төрийн тэнгэрт утаа манараад...

 


Суларсан засаг

УИХ өнөөгийнх шиг сул дорой байгаагүй юм. Хэдий МАН үнэмлэхүй 65 суудалтай ч тэхий дундуураа хуваагдчихлаа. Улстөр сонирхдог хүн нэг л асуултыг байнга тавих хэрэгтэй. Яах гэж энэ 65-ийг сонгуулсан юм бол? Ямар зорилгоор... Ямарваа үйл явц, үр дүн хэзээ ч “санамсаргүй” байгаагүй, харин ч хожим эргээд харахад “зайлшгүй” байдаг. 

Энэ УИХ бол “Үндсэн хууль” өөрчлөх захиалгатай бөөгнөрөл юм. 2/3-оос дээш нэг намынх байх хэрэгтэй. Үндсэн хууль өөрчлөхөд ийм “тоо” хэрэгтэйгээс чанар хэрэггүй тул баахан “боовчингууд” шургалчихсан хэрэг л дээ. Тиймээс сулбагар УИХ гээд байгаа юм, шалтгаангүй дорд үзэж байгаа юм биш. 65 гишүүнтэй, хатуу сахилгажсан коммунист уламжлалтай нам Засгийн газраа хөнтөрч, сольж байна гэдэг “Зүүдэнд ч оромгүй явдал” шүү дээ. Уг нь дараагийн “Намбарван” төрөх нь гэж айж байлаа, ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө. Одоо бол айдас алдуурчээ.

УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдтай, УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад сүр сүлд нь гудайчихсан, Засгийн газрыг солих дотоод тэмцэлдээ хуваагдаж, суларч доройтсон, Ерөнхийлөгчийг суудлыг алдчихсан. Ямар үхсний нь яруу алдар гэж ийм байдаг юм?

Дотоод хагарлаасаа болоод Засгийн газар нь ч хүч султай, ил цагаандаа гарсан фракцуудынхаа тэнцвэрийг хангах гэж аалзны торонд орооцолдоод шийдвэр гаргаж чадахаа байчихсан, УИХ ба ЗГ-ийн ажлын уялдаа холбоо тасарсан байна. Өмнөх ЗГ-ийн үед томилогдсон албан хаагчдаас шинэ ЗГ-т үзүүлж буй дотоод эсэргүүцэл нь “улстөрийн шалтгаантай албаар эс үйлдэх” буюу нууц ажил хаялт болж хувирчээ. ЗГ нь дээрээ ямар нэг санаачлага гарган хөдлөх л юм бол цалингаас гадуурх орлогынхоо төлөө ажиллаж, тендер “өлгийдөж” авахаас өөр зорилгогүй дунд, доод шатны паразитууд татварын орлого бүрдэж, цуслах мөнгийг нь тарааж эхэлдэг тавдугаар сараас нааш хуруугаа ч хөдөлгөхгүй нь тодорхой байна. Сая шинэ жилээр хагартлаа хүнсний зүйл идэж уунгаа, төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс авах, өгөхөө тохирлоо, түүнийхээ зургийг тавьж баярхлаа, харин тавдугаар сараас хүнсний бус зүйлээ хахаж үхтлээ иднэ гээд хүчээ нөөж байгаа л даа.

Улс орон хаост орсон. МАН-ын эрх баригчид ард түмнээ байтугай төрийн албаа ч гүйцэд хянаж чадахгүй байгааг бүгд харж байна. Улс орон удирдлагаа алдаж, чөлөөт уналт хийж байна. Үүнийг зогсоох ямар ч хүч тэнхэл өнөөгийн төрийн бүтцэд алга! Ийм үед олон нийт Ерөнхийлөгчид хамаг ачааг үүрүүлэхийг хүсч байна, харин ялагдаж төгсөгчид хонзонгоо марталгүй “ингэх л гэж сонгосон” гэлцэж гал дээр тос нэмнэ. Энэ хэрээр нийгмийн халалт үүсч байна.

Ерөнхийлөгчийн институцийн түүх богино. 1924 оны Үндсэн хуулийн зааснаас эхлээд хаангүй (ерөнхийлөгчгүй) 70 жил явсан улс гэнэт Ерөнхийлөгчтэй болохдоо коммунист болгоомжлолоор эрх мэдлийг их л харам өгсөн нь Ерөнхийлөгч П.Очирбатын үед илэрсэн. Н.Багабандийн үед үнэндээ үүдний пинд орхигдож, бэлгэдлийн төдий гэдгийг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрчихсөн, цаадах нь “хий гаргахаас” ч айдаг байв. 7 сарын 1-ны хэрэг явдлын үеэр Н.Энхбаярын үед шийдэмгий байж чадаагүйгээс олон хүний амь авсан, харин Ц.Элбэгдоржийн үед хувь улстөрчийн тоглоомын талбар болсон ийм л институц. Хамгийн сонирхол татах нэг л тал бий. Хэн тэнд очсоноос, парламент яаж бүрдэхээс энэ институцийн үйл ажиллагаа ихээхэн шалтгаалдаг. 

Санхүүжилтгүй баахан хоосон бэлгэдлийн эрх (100 гаруй эрх байгааг Д.Лүндээжанцан гишүүн илрүүлсэн байна) овоолчихсон, харин санхүүжилттэйг нь УИХ өөртөө авчихсан, санхүүгүй эрх мэдэлдээ туйлддаг ийм л институц. Бүр өнгөрсөн хугацаанд хэрэглэж, эрх баригч намтай зөрчилдөхөд хэрэглэдэг байсан “хориг тавих”, “зөвшилцөх” гэдэг хоёр зэвсгийнх нь ирийг хуурайдаад, мохоо хутга шиг болгочихсон. 

Хэрэв энэ Ерөнхийлөгч өмнөх шигээ шиг хуйвалдаанч бол өдийд хамтраад тонгочиж байх талбар. Аливаа хүн байгаа институцээ бэхжүүлээд гардаг байтал Ц.Элбэгдорж ажлаа өгөхдөө хорлож байгаа юм шиг хамаг төсөл хөтөлбөрүүдээ ЗГ-т шилжүүлж, өрөөнүүдээ хоослож ордны аж ахуйд хүлээлгэж өгөөд мөнгөгүй болгоод явчихаж. Тэр харцны учрыг одоо ойлгов уу? Иргэний танхимууд санхүүжилтгүйгээс орон нутгийн засаг захиргаа эхнээс нь хааж эхэлжээ. Эбэ явсан бол тэр хэрэггүй... Ц.Элбэгдорж явсан бол дараагийн Ерөнхийлөгч ёстой бэлгэдлийн үүрэгтэй оролцдог “тайлга, тахилга”-д явах ч мөнгөгүй хоосон уут үлдээж. Юун гадаад айлчлал, дотооддоо явах ч санхүүжилтгүй байхад... Гэтэл санаатайгаар “Ерөнхийлөгч өө, хятад яв!” гэж хөөж тавлаж байв.

Харин Х.Баттулга “нэрэлхүүдээ”, шүд зуугаад чимээгүй өнгөрөөж, одоо бол шинэ төсвийн жил тул арай өөр болох байх. Ийм нөхцөлд хагас жил аппаратаа эмхлэх гэж З.Энхболд мачийжээ, дээр нь улстөрийн тулгамдсан асуудлууд хуримтлагдаж, зайлшгүй 5 хориг тавьсан авч бүгдийг нь УИХ дэвсэлж хорслоо тайлжээ. Ингээд тэр ард түмнээсээ сонгогдоорой! Улс орны нөхцөл байдал хүндэрсэн талаар Ерөнхийлөгч хаалттай хуралдаанд 3 цаг илтгэл тавьж, ажлаа түргэтгэхийг хүсэхэд УИХ-ын ирц хуралдах хэмжээндээ дөнгөж хүрэх төдий байжээ... Байсан нь бандааштай зургаа мэйлдэж байсан бололтой!

Ерөнхийлөгч ганцхан тохиолдолд, онц байдал зарласан үед л бүх эрхийг гартаа төвлөрүүлэх эрхтэй! Огт ажил явахгүй бол яах вэ? Ийм институцид эцсийн найдвараа тавьж байгаа олон нийтийн бухимдал хуримтлагдсаар... Тэд ядаж “тэнцвэржүүлсэн” гэж бодож байгаа нь аргагүй. 

Үнэндээ ажлыг нугалах учиртай ЗГ ба түүнийг шахаж ажиллуулах үүрэгтэй УИХ ажиллахгүй байна. Ажиллаж байна гэвэл Ерөнхийлөгийн зүгээс гаргаж буй ямарваа санал санаачлагыг жадлан эсэргүүцэх, нуун дарах, эс үйлдлээр эсэргүүцэх. Тэгээд нийтийн сүлжээнд жиргэнэ. “Ажил гаргаж өгдөг Ерөнхийлөгчдөө баярлалаа, уйдаад байсан юм, ха ха ха...”

Санаачлагатай цөөн нь намынхаа дотоод тэмцэлд дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгчид хов зөөж цаг нөхцөөж байх шив дээ. Ядаж байхад хуйвалдаанч. УИХ бүрдсэн захиалгаа хэрэгжүүлэх гэж, “Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийг яримар аядах чөлөөгөөр уралдан гүйж очоод өөрчлөлтөөс “Ерөнхийлөгчийн хууль санаалчлах эрхийг хэвээр үлдээхийн тулд хужаа М.Энхболдын талынхантай тархиа ширгэтэл “бодлогоор” үзэлцэж байгаа тухай” ярьж, эсрэг этгээдээ дарахад олон нийтийн дэмжлэг дайчилж өгөхийг гуйдаг бололтой юм.

Гээд юу ч хийхгүй, ядаж ярьснаа ч хийхгүй байгаад л асуудлын гол нь бий. Шалтгаан нь манай нам угаасаа ийм шүү дээ... Гэтэл тэр МАН-ынхнаар хэзээ ч өөрчлүүлэхгүй гэж нийгмийн олонх үзэж байгаа “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэгч үлгэр домог өөрсдөд нь л “аугаа юм” болохоос өөр газар падлий ч байхгүй, нийсэн нус, хаясан шүлсний үнэгүй эд. Хэрэв МАН муйхарлаж өөрчилбөл нийгмийн халалтанд шүдэнз зурсан мэт үйлчилж, гүйцээлт хийгдэнэ. Яг нь Керенский 2 сард эргэлт хийж, хаанаа авч хаясан ч 10 сард эмэгтэй хүний хувцас өмсөөд зугтсан шиг...

Нийтээр ялангуяа олон нийтийн сүлжээний орчинд тогтворгүй байдлын дохио өгч эхлээд байна. “Фейсбүүкийн хувьсгал” ч магадгүй, хэрэв тэгвэл удирдлагыг “хэн?” авах нь тодорхойгүй болжээ. Ийм нөхцөлд “хувьсгалт” өдөөлт буюу нийгмийн гэрээг эвдэх сонирхол хаанаас эхтэйг ёстой таашгүй, нэг өдөр аппарат бариад утаа хэмжих гээд гүйдэг Д.Лүндээжанцан ч мэдэж байгаа юу? Тэр утааг УИХ-ын гишүүн биш мэргэжлийн байгууллага хэмждэг юм л даа. Нэг үе 10 оронтой калкулятораар Монголын эдийн засгийг бодож байсан шиг юм болж байна...

Утаанаас үүссэн будлиан

Утааны гол эх үүсвэр бол гэр хорооллын яндан биш УИХ-ын унхиагүй байдал юм. Утааны ид үед юу ч хийсэнгүй. Алтан тэвшийн хөндий утаагаар дүүрчихээд байхад амны хаалт зүү гээд явж байдаг засагтай болсон! Үнэндээ УИХ-ын бойкотод Засгийн газар нь ч орсон. Манай ЗГ биш, Ерөнхийлөгчийнх гэж адлана. Ингээд бүх шатандаа УИХ-аасаа авахуулаад орон нутгийн засаг захиргаагаа хүртэл “тэг” зогсолт хийсэн. Хэрэв ажил хиймээргүй бол ажлаа өгчихдөг улстөрийн арга зам бий ч харин түүнийг бол “үгүй” шүү дээ!

Ийм үед Ерөнхий сайдад олдож байгаа нь даавуун маск л даа, зайлуул. Тэгж тэгж ахиад л Ч.Хүрэлбаатарын ЗГХЭГ-ын дарга байх үеийн санаачилсан ШБОС, “утаагүй зуухыг” тарааж эхэллээ. Зарим сайд утааны орц найрлагыг таван мэдрэхүйгээрээ лабораторидоод хор багассаныг батлаж “ажил” хийв. Ямар нэгэн, ичмээр ч гэсэн шуугиан дэгдээх гол ажил нь, гэвч сүүлийн үед тэр нь байхгүй болчихож. Одоо ярьж дууссан, хангалттай, залхчихлаа...

Ийм үед Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулганд хэлсэн “Ажил хийхгүй бол ер нь тарцгаавал яасан юм?” гэдэг үг сүрхий цочоожээ. Утааны асуудлыг шийдэхээр онц байдал зарлах Ерөнхийлөгчийн санаачлагыг өнөө л ажлаас хойш суудаг зангаараа юу ч биш болгож хаясанд Ерөнхийлөгч бухимдах нь аргагүй. Бүр хоёр байнгын хороогоор шүү! Тэгээд мангуурсан нөхдийг цочоохоор шийдсэн бололтой!

Гэтэл өлгөж аваад биднийг тараах нь гэлцэж, УИХ дахь МАН-ын, М.Энхболдын бүлгийн дарга баахан дөвчигнөөд олон нийтийн анхааралд өөрөө өртөж амжив. Ажлаас хойш суухаараа ингэдэг болсон. Чуулганы танхимд, Ерөнхийлөгч хэлээд, эрх баригч намын бүлгийн дарга эсэргүүцээд мэдэгдэл хийсэн бол нэгэнт олон нийтийн анхааралд өртсөн хэрэг. Тэр цагаас албажаад явчихдаг гэмтэй. Ноцтой алдаа хийснээ Хаянхярваа ухаарчээ, наад зах нь бүлгээ удирдаж, ажлаа хийхгүй байгаа Морин толгойт өөрөө давын өмнө хариуцлага хүлээх болсныг! Нэлээд хулхи нь буусан байдалтай “Арай ч тараачихгүй байлгүй...” гэсэн үг хэлээд тараасан авч галт тэрэг хөдөллөө! Одоо олон нийтийн дунд “УИХ-ыг тараая”, “Тараах бол хэзээ?”, “Яаж хийх вэ?” гэх мэт хэлэлцүүлгүүд өрнөөд эхлэв. УИХ сууриараа ганхаад эхлэв. Үндсэн хуулийн УИХ-ыг тараах заалтыг бүрэн хэрэглээгүй! 

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуулийн 31.11-д зааснаар "Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно" гэсэн байна. Хууль мэддэгээ гайхуулах гэсэн Хаянхярваа энэ заалтыг мэддэггүй бололтой. МАН-ынхан унтаж байгаад ойлголгүй, цочсондоо хашгираад хямрал хутгаж орхилоо. УИХ-аас ялгаатай ньЕрөнхийлөгч МАН-ын ажлыг нь зогсооё гээгүй, харин ч ажлаа эрчимжүүлэхийг шахсан. Өөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж шаардсан. Харин байнгын хороод хэрэгжих боломжгүй гэж дүгнэлт гаргасан нь МАН өөрийн 2016 оны мөрийн хөтөлбөрөө үгүйсгэсэнтэй адил алхам болсон юм. Хэрэв хөтөлбөр нь хэрэгжих боломжгүйг ингэж албан ёсоор батласан бол тарсан нь дээр л дээ...

Харин олон нийт энэ маргааны явцад чухам УИХ-ыг тараах нь Ерөнхийлөгчийн хийх гол ажил мөн гэж хүлээн авсанд гол аюул бий! 2016 оны бидний алдааг засаад өгөөч... 

Утуулсан тарваганы санамж

Аман ярианд утуулсан тарвага гарын сарвуундаа хараад хүн сахиж байгааг мэддэг, гэвч хөлөө буулгахын зуурт мартдаг учраас гарч ирээд баригддаг гэлцдэг. Амьтны ой санамж богино гэдгийг л хэлээд байна. Харин манай МАН-ын ой санамж түүнээс богино болжээ. 

Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд орлогын түвшнээсээ шалтгаалан орон сууц худалдан авах боломжгүйгээс гэр хороолол огцом тэлсэн. 2003 оноос гэр хороололд амьдардаг өрхийн тоо нэмэгдэж, 2005 оны байдлаар нийт өрхийн 58.6 хувь, 2006 онд 59.6 хувь, 2007 онд 60.6 хувь, 2008 онд 61.4 хувь, 2009 онд 61.2 хувь болсон бол барилгажилт сэргэснээр 2010 оноос 60.1 хувь, 2011 онд 60.0 хувь, 2012 онд 59.8 хувь, 2013 онд 59.1 хувь, 2014 онд 57.9 хувь, 2015 онд 58.1 хувь нь гэр хороололд амьдарч байжээ.

Сүүлийн 10 орчим жилд орон сууцны барилгууд эрс нэмэгдэж, 2010-2015 оны хооронд орон сууцанд 40 шахам мянган хүн оржээ. Гэвч нийслэл рүү чиглэсэн нүүдлээс шууд шалтгаалж гэр хорооллын өрх, хүн амын тоо буурахгүй хэвээр байна. 2015 оны байдлаар нийслэлийн нийт өрхийн 58.1 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол 41.9 хувь нь орон сууцны хороололд оршин сууж байна.

Улаанбаатарын утаа бол аж үйлдвэрийнх биш ердөө гэр хорооллын л утаа. Ганцхан шалтгаантай, аж үйлдвэржсэн орнуудыг бүрхсэн утааг бодвол шийдэхэд амар юм, нэг талаар... Гарц нь ганцхан, иргэд орон сууцанд орвол утаа багасна. 

Судалгаагаар өнөөдөр Улаанбаатар хотод 30,6 мянган орон сууц ороход бэлэн борлуулалтгүй хуримтлагджээ. Нийслэлд 380 орчим мянган өрх бий, үүний 60 хувь нь 228 мянган өрх. Алслагдсан дүүргийн өрхүүдийг хасаад 200 орчим мянган өрх төвийн дүүргүүдэд гэр хороололд амьдарч байна. Хэрэв 30 мянган өрхийг эдгээр байранд оруулбал механик тооцоогоор утааны яндангийн тоо 15 хувь цөөрнө. 2018 он гэхэд ашиглалтанд орох боломжтой 80 мянган орон сууц байгаа бөгөөд хэрэв энэ бүх хөндий байр эзэнтэй болбол утааны эх үүсвэрийн 50 хувь алга болно. Хэрэв зохион байгуулалт сайн байж төвийн бүсийг яндангаас цэвэрлэж чадвал асуудал шийдэгдэхэд бэлэн ”техникийн нөхцөл” бүрдчихээд байгааг УИХ харахыг ч хүсэхгүй байгаа юм. Орон сууцжуулж байж л утаа буурна гэдгийг бүгд зөвшөөрдөг, гэтэл тэр орон сууцнууд нь бэлэн зэхээний байсаар атал шийдвэрлэхийг хүсэхгүй байгааг юу гэх юм.

Зүгээр л шалтаг тоочиж, болохгүй гэсэн бүх хувилбарыг бодож суудаг газар болчихсон хэрэг. Тэр орон сууцнууд чинь талбай том, гэр хорооллын гуйлгачингууд авч чадахгүй, 80 мянгыг гүйцээх мөнгө байхгүй, 30 мянгыг ч авах мөнгө байхгүй, эдийн засаг хямарсан... Ойлгож байна, хэрэв барилгын компаниуд хэрэглэгч хоёрыг шууд холбочихвол бүх шатны цавчаа нь байхгүй болчих гээд байгаа юм л даа. Яг ийм хойш суудаг араншин нь М.Энхболдыг нь унагаснаас сургамж авсангүй, одоо бүр УИХ-аа унагах нь. Эсвэл энэ бол М.Энхболдын арга барил биш байлгүй дээ, нэг хүнд бүх мууг тохох ч өрөвдмөөр юм байна шүү! Үхсэн буурын толгой өшиглөж байгаагаас ялгаа юун... Тэгээд ч энэ хоосон байруудыг эзэнтэй болгоход УИХ тал тоосгоны нэмэргүй, залхуурах ч юм алга, зүгээр аль нэг хуруугаараа кноп дарах л ажил.

Онцгой байдал, эмнэлэг, цэрэг цагдаа, багш, албан хаагч гээд орон сууцны гачигдалтай үй олон төрийн албан хаагчид бий. Тэд дарга биш тул хахууль авч орон байраа шийдэх боломжгүй л дээ. Хэрэв тэдэнд цалингийн баталгаагаар орон сууц олговол мөн сайхан аа?

Мөн хотод шилжин ирэгчдийг хязгаарлах, үүний тулд хязгаарын сумдыг “шинэчлэх”, зарим яамдыг хотоос нүүлгэх гэх мэт тодорхой санаачлагуудыг УИХ, ЗГ-т хүргүүлсэн авч таг чиг болжээ. Утаа бол бизнес учраас улстөрчдийн хайртай үзэгдэл мөн, утаагүй болгосноос утаагүй зуух шахсан нь дээр...

Чухамдаа Ерөнхийлөгчийн онцгой байдал зарлахад ямархуу санал санаачлага туссаныг ч нуусан, тэр талаар иргэд одоо болтол юу ч мэдээгүй, “онцгой байдал” хэмээх түгшүүртэй үгнээс өөр юу ч сонсоогүй! УИХ тэр “аймшигтай” үгнээс ард түмнээ хамгаалах гэж байгаа дүрд л тоглосон, ялангуяа МАН-ын айдсыг үргээх маани уншсан. Харин Ерөнхийлөгч “Онцгой байдал тогтоох саналаа” пиардаагүй... Ингээд үл ойлголцлоос Ерөнхийлөгч, УИХ зөрчилдөж салах тарахдаа туллаа... 

Ерөнхий сайд уу? “Ажил хийе гээд ч хийж болдоггүй хачин заваан тогтолцоотой болчихжээ, тараавал ч тараая” гэсэн гэнэлээ... Тэгэхээр чинь одоо УИХ тарж л таардаг байх даа, үгүй бол ЗГ-аараа туг тахина гээд дүвчигнээд эхэлж байх шиг!

Нийтлэлч А.Баатархуяг

Нийтэлсэн огноо: 2018-01-12 12:13:59

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-01-13 14:43:43

Төр засаг минь тогтвортой байж, ерөнхийлөгч маань өдөр бүр хов жив хөөцөлдөлгүй, их хурлын ухаантай гишүүд минь талцалгүй эдийн засгаа дээшлүүлж , ард олон эднийгээ дэмжих хэрэгтэй байна.

Ажлын байр