Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Цогзолмаад сайдын ЭТИК бий юу?


Монгол төрд залгамж халаа бий болов уу? Улсын эдийн засаг, бодлого шийдвэр дөрвөн жилээр хэмжигддэг байсан бол одоо нэг парламентийн хугацаанд хоёр ч удаа шинэ засгийн нүүр үздэг болж байна. Хамгийн гол нь, засаг төр солигдсон ч бодлого үргэлжлэх ёстой атал энэ зарчим хаа нэгтээ гээгдэн алга болжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагаасан. Тэгэхдээ энэ засгийг байгуулахад өөрсдөө огтхон ч  оролцоогүй мэт аашилсан нь хачирхалтай. Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газрын кабинет бүрдмэгц ажлаа авсан сайд нар халаа сэлгээг ёстой л баруун, солгойгүй хийсэн гэхэд болно.

Наад захын жишээ татахад, БСШУС-ын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тамгаа хүлээн авсныхаа дөнгөж дараахан л “Би газрын дарга нарын түвшинд нэлээд их хөдөлгөөн хийнэ” гэж заналтайгаар мэдэгдсэнийг бүгд мэдэж байгаа биз ээ. Яамны ажлыг урагшлуулж, сайжруулахын тулд зохих халаа сэлгээ хийж болох ч  үүнийгээ бодит баримтаар тайлбарлаж, ул суурьтай хандах ёстой. Гэтэл Ц.Цогзолмаа сайд өнөөг хүртэл БСШУЯ-ыг самарч буйн шалтгааныг тайлбарласан үг ч унасангүй. Гэхдээ тэрбээр чуулганы танхим, байнгын хорооны хуралдааны үеэр гал цогтой үгс шидэлж, хайр гамгүй шүүмжлэл урсгадгаараа алдартай болж байгааг онцлох хэрэгтэй байх. Харамсалтай нь, түүний ажил ам хоёр зөрсөөр.

Тухайлбал тэрбээр яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаатай хамтран ажиллахгүй гэдгээ шуудхан зарлаад, ажлаас нь чөлөөлчихсөн. Ерөнхийдөө тодорхойлсон шалтгаангүйгээр. Яах вэ, энэ хүнтэй таарч ажиллахгүй гэж байгаа ч хууль ёст улсад хүнийг бодлого сөрдөг, хатуу шүүмжилдгийнх нь төлөө ажлаас нь чөлөөлөх явдал зүйд хэр нийцэж байгаа бол. Хамгийн ноцтой нь, Төрийн албаны зөвлөлд Ж.Болормаагаас гадна өмнөх Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан болон нөөцөнд бүртгэгдсэн хоёр ч хүн байсаар атал энэ албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарласан байгааг ойлгоход бэрх. Тэгэхээр төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүмүүсийн зүтгэл хэрэгцээгүй болж, нөгөө талдаа Төрийн албаны хууль зөрчигдөөд байгаа юм биш биз гэх хардлага төрсөн нь нууц биш.

Үүнээс гадна, Ц.Цогзолмаагийн ажлыг түүний зөвлөх С.Мөнхөөлэй гэгч хүн өмнөөс нь хийдэг, уулзахаар очсон хүмүүсийг сайд биш зөвлөх нь хүлээн авдаг, яамны бичиг баримттай шууд танилцдаг гэх асуудал гарсан. Гэтэл энэ хүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн орон тооны зөвлөх биш, харин УИХ-ын гишүүнийх нь хувиар зөвлөдөг нэгэн ажээ. Одоо бол С.Мөнхөөлэй гэгчийг яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон байгаа гэнэ. Тэгвэл ийм  томилгоонд ч тодорхой шалгуур, зохицуулах хууль, дүрэм, журам, бий гэдгийг Ц.Цогзолмаа сайд мэдэх л ёстой.

Ингээд харахад, Ц.Цогзолмаа сайд маань яамыг хуугаар нь өөрчилж, сайжруулна гээд байсан нь өөрийн танил талаа төрийн албанд авна гэсэн утгатай байжээ гэж бодогдохоор.

Яг үнэндээ, түүнийг ийнхүү хүчтэйгээр гарч ирэхэд олон нийт талархан хүлээн авч, одоо л боловсролын салбар дахь гажуудсан асуудлууд цэгцрэх нь гэж найдаж байтал халаа сэлгээ урьдын “жишгээр” танил талын сүлжээнд өртөөд эхэлсэн тул эргэлзэж эхэлсэн билээ.

Нөгөөтэйгүүр, бүр мэргэжлийн Засгийн газар байгуулагдах үед л Ц.Цогзолмааг БСШУ-ны сайд болно гэлцэж, тэрбээр өөрөө ч үүндээ итгэлтэй байсан нь үнэн. Тэр ч бүү хэл, сайдын суудлын тохироог ч хийчихсэн гэх яриа гарсан ч эцсийн мөчид өөрчлөгдөж, боловсролын салбарт насаараа зүтгэсэн, эрдэмтэн, академич хүн сайд болсон. Гэхдээ тэрхүү Засгийн газар богино настай байж, өмнө нь яригдаж байсан хүмүүс ийнхүү хүссэн суудалдаа очсон. Харин тэгтэл их хүсэн тэмүүлсэн нь салбарыг өөд татахтай ямар нэгэн сэжмээр холбоотой байгаасай л гэж хүсэх үлдлээ.

... Төрийн албаны зөвлөлд Ж.Болормаагаас гадна өмнөх Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан болон нөөцөнд бүртгэгдсэн хоёр ч хүн байсаар атал энэ албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарласан байгааг ойлгоход бэрх. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүмүүсийн зүтгэл хэрэгцээгүй болж, нөгөө талдаа Төрийн албаны хууль зөрчигдөөд байгаа юм биш биз гэх хардлага төрсөн нь нууц биш...

Эх сурвалж: НИЙГМИЙН ШУУДАН сонин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр