Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АН-ын хаврын синдром дүн өвлөөр эхэлж, ард түмнээр “овоглоно"

 

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хүртэл ахиад бүтэн сарын чилийсэн урт хугацаа байна.  Харин хаврын сараасаа урьтаж урстөрийн синдром  дүн өвлөөр хөллөх бололтой.

Шар нохой жилийн улс төрийн угтал нь Ардчилсан намын  “ард түмэнтэйгээ хамтарсан” жагсаал байх зурхай хэдийнэ зурагдаад байна. Хэлж ярьж буй үг хэл, гаргаж байгаа ааш авираас нь харвал улстөрийн хоёр дахь том хүчин гэгддэг АН-ынхан адгаж яарч, харанхуй шөнө шуурганаар төөрсөн хүн нохойн дуу сонссон мэт  холын горьдлого тээгээд байгаа нь илт. Тэд ам л нээвэл УИХ-ыг тараана, Засгийн газрыг огцруулна гэж сэрүүн зүүдэлдэг болжээ.  Тэмцлийнх нь зорилго тэр биз.

Эх орны эрх ашгийн өмнөөс сөрөг хүчний байр суурь хүчтэй сонсогдож байх учиртай. Үнэхээр Монгол минь гэх халуун сэтгэл, монголчууд минь гэсэн хоёргүй санаа тэндээс ялгарч харагдаж байвал ард түмэн дэмжиж уухайлаад явна.

2018 оныг  тус намынхан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаягласан хугацаатай мэдэгдлээр эхлүүлсэн. Тэр шаардлага агаарын бохирдол, татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн асуудлаар гэсэн гурван зүйл заалттай.  Энэ мэдэгдлийг хүргүүлснийхээ дараа АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “ Хэрэв УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.  Түүний мэдэгдэл  энэ хаврын улс төрийн тэмцлийн эхлэл  болж ирэх нь тодорхой болж байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр МҮЭ-ийнхэн даарин дээр нь давс нэмж АН-ын жагсаал цуглаантай мөр зэрэгцэх магадлал бас бий. Үйлдвэрчнийхний ярьдаг асуудал бас мөнөөх татварын нэмэгдэл. Ийнхүү  тэмцэгчдийн хувьд татвар хэмээх бэлэн шалтаг шалтгаантай болж имиж илэрхийлэлд нь өнгө нэмж эхэллээ.

Засгийн газар татварын асуудлыг эргэн ярилцана гэдгээ хэдийнэ илэрхийлээд буй. ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа  татварын асуудал монголчуудын санаа зоригоос дангаараа хамаарахгүй гэдгийг саарал ордонд тухалдаг улстөрчид байтугай Өлзийт хорооллын өвгөн Дорж ч мэдэж байгаа. Тиймээс  татварыг тэдэнтэй ярилцаж байж шийдвэрлэнэ гэсэн үг. Удахгүй ОУВС-ийнхан Улаанбаатарт ирнэ. Энэ үеэр яригдах хамгийн халуун сэдэв бол мэдээж энэ татвар байна. Хэл үгээ ололцож, хэвшиж эхэлснээ эргээд цуцалдаг юмаа гэж сайнаар төсөөлөхөд  цаг хугацаа шаардлагатай. Тэгэхээр АН-ынхны шаардаад байгаа татварын нэмэгдлийг тойрсон амбиц хоёрдугаар сарын нэгнээс өмнө лав шийдвэрлэгдэхгүй байж мэднэ.

АН-ын дээрхи хугцаатай мэдэгдэлд утааг бууруулахаар АН-ын үед эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх тухай шаардлага бий. Тэр нь “сайн хашаа” хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт. Нэр нь өөрчлөгдсөн ч нидэр дээрээ энэ байтугай ажил үргэлжлэн хийгдээд явж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход хотын өмнөх удирдлагын үед гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн хэрнээ эцэстээ байр ч үгүй, газар ч үгүй хохирч хоцорсон олон иргэдийг  орон сууцанд оруулаад байгаа гэдгийг дуулгая.

Шинэ тэмүүлэл, шийдэлгүй, иймэрхүү улстөржсөн усан шаардлага мэдэгдэл ажилд нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс болдог.  Эргээд эзнээ эвгүй байдалд оруулдаг, тэмцэл нь үр дүнгүй өнгөрдөг. Эх оронч, иргэнлэг сэтгэлгээ гэхээсээ илүүтэй улстөрийн ашиг хонжоо, пиар төдийгөөр үлдэж  хоцордог. АН-ынхны зарлан тунхаглаад байгаа энэ үндэсний хэмжээний жагсаал тэмцлийн зураглал иймэрхүү маягаар өнгө будаг нь тавигдах магадлалтай.

Энэ сарын эхээр хийсэн С.Эрдэнэ даргын хариу нэхсэн мэдэгдлийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан  хэвлэлд өгсөн ярилцлагаараа үргэлжлүүллээ. Тэрбээр “Хэрэв  ирэх сарын 1-ний  дотор  хариу өгөхгүй, асуудлыг шийдэхгүй, бултах байдлаар хандвал Ардчилсан нам, ард түмэнтэйгээ хамт жагсана, тэмцэнэ” гэдгээ нотлов.   

Ц.Туваан даргын хэлж байгаагаар “Сөрөг хүчний зүгээс  тэсвэртэй хандаж ирлээ. Аливаа зүйлд хязгаар гэж бий. Бидний тэсвэр тэвчээр барагдлаа.  МАН амласан амлалт ярьж, хэлж байсан зүйлийнхээ эсрэг явж байна. Ард түмний ч тэсвэр тэвчээр барагдаж байна. Тэгэхээр бид ард түмэнтэйгээ нэгдэж дуугарахаас өөр аргагүй байдалд хүрч байна” гэжээ. Та, би хэн ч бай ард түмний төлөөлөл мөн хэдий ч  өөрийн санаагаа өрөөлийнх мэтээр харж нийт массын өмнөөс үнэлэлт дүгнэлт хийх нь хэр зохимжтой, үнэмшилтэй байдаг юм бол доо.

Эх орны эрх ашгийн өмнөөс сөрөг хүчний байр суурь хүчтэй сонсогдож байх учиртай. Үнэхээр Монгол минь гэх халуун сэтгэл, монголчууд минь гэсэн хоёргүй санаа  тэндээс  ялгарч харагдаж байвал ард түмэн дэмжиж уухайлаад явна. Тэгснээс төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шиг хийгээгүй байгаа жагсаал цуглаанаа үндэсний хэмжээний гэж томоор тодотгож, ард түмнээр “овоглоод” байх нь арай л сэрүүдээд байна даа, Ардчилсан намынхан минь.  

Зүгээр нэг улстөрийн ашиг хожоо харсан, нам хэмээх бүлэглэлийн эрх ашигт асуудлыг багтааж хараад байвал  тэр тэмцэл тэгсхийгээд замхардаг жамтай. Яг л хаврын синдром гэсэн нэр агуулгаараа  үлдэх мөргүй мартагдана.

 

М.Нэргүй  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр