Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МАХН-ын хаалгыг татлаа, Шүүхийн хаалга татна

 


Хүний хэрэглэж дуусаад хаясан эд зүйлсийг авах нь хүнд өгөөжөө өгч байсан нь тун ховор. Тэр тусмаа хэрэггүй гээд хаясан зүйлийг нь сүлд тугаа болгож авах бүр ч муу болж таарна. Тиймдээ ч монголчууд “Сиймхий ч гэсэн гэр минь” хэмээн сүсэглэж ирсэн биз ээ.

Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр нарын бүлэг хүмүүс одоогийн МАН-ын голж хаясан МАХН нэрийг авах гэж бөөн хөл болов доо. Гадны нөлөөтэй нөлөөгүй гацааж байсан ч тэд уйгагүй хөөцөлдөсний эцэст МАХН нэрийг өөрийн өмчлөлд шилжүүлж чадсан. Өөрөөр хэлбэл хүний хэрэглээд хаясан гэр оронг авч, үнэгүй болсон зүйлийг туг сүлдээ болгож залсан. Гэтэл энэ айлын анхны эзэн Н.Энхбаяр шүүхээс ял авч хорихын зүг одож байсан гашуун түүхтэй. Тэргүүлэгчээ торны цаана суулгасан ч хамтрагчид нь урт хугацаанд тэмцэл өрнүүлсээр байгаад 2012 оны сонгуульд 11 суудал авч байсан өөдрөг түүх байгааг бас дурдах хэрэгтэй. Гудамжнаас улстөрөө эхлүүлж байсан МАХН парламентад гуравдагч бүлгийг үүсгээд зогсохгүй засагт хамтарсан гэдэг бол шинэ тутам эхлүүлсэн улстөрийн хүчинд түүхэн явдал мөн байв. Үүнээс хойш МАХН-ын лидерүүд болох бүхнийг шалгах, яллах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаагийн цаана бусдын голж орхисон энэ нэр, туг сүлдэнд байна уу. Эсвэл улстөрийн том шалтгаан байна уу.

Гуравдагч хүчний орон зайг дүүргэж чадсан МАХН-аас Эрүүл мэндийн сайдаар ажиллаж асан Г.Шийлэгдамбыг өрөөнөөс нь баривчлаад яллачихлаа. Саяхан АТГ-аас мэдээлэл хийж, БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг өөрийн хамгаалал бүхий этгээд болох эгч дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан оруулсан учраас бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох зорилгоор байцаалт аваад эхэлжээ. Хорооны Засаг даргаас парламентийн гишүүн, БХБ-ын сайдын суудал хүртэл огцом дэвшиж явсан түүнийг шалгаж байгаа үндэслэл үнэхээр өчүүхэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр өөрийнхөө хүүд өчнөөн тэрбум төгрөг гулсуулчихсан хотын дарга асныг яагаад шалгахгүй байгаа юм.

Гэтэл эзнээ боргоод өшиглүүлсэн О.Баасанхүүг мөн шалгаж байгаа гэдгээ мэдээлсэн. Түүнийг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж, асуудлыг бүр прокурорт шилжүүлсэн гээд бодчих. О.Баасанхүүг МАХН найман удаа хөөсөн ч тэрбээр “би МАХН-ын гишүүн мөн” гэж зүтгэдэг. Үнэхээр МАХН-д данстай бүхнийг ийм тавилан тосч уулзаад байгаа бол наймын найман удаа хөөгдөн энд байгаад яах юм бэ. Төрийн ордонд хурал зохион байгуулах хэмжээний төсөв бүү хэл Төр, төсвөөр тоглочихсон этгээдүүд ахиад юу залгихав гээд өнгөлзөж л сууна.

Тэгвэл МАХН-ын үнэмлэх гардан аваад Ерөнхийлөгчийн сонгуульд яаруухан өрсөлдсөн С.Ганбаатар бас л 50 сая воннын асуудлаар шалгагдаад авав. Уг нь Х.Баттулгын банкны дардастай нэг тэрбум гаруй төгрөгийн дэргэд ёстой л үдийн цайны мөнгө биз ээ. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны дардастай мөнгийг улсын орлого болгосноор энэ явдал замхарч байхад үдийн цайны мөнгөний хэрэг дуусаагүй байх жишээтэй.

МАХН-ын генсекээр ажиллаж буй Э.Эрдэнэжамъян Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллах үедээ Интерполд захидал илгээсэн гэх хэргээр шалгагдаад удаа дараа шүүх хурал болж байв. Үндэслэл нь “олон улсын хэмжээнд өөрийн дур зоргоор Монгол Улсын нэрийн өмнөөс хандсан” гэдэг. Ч.Сайханбилэг Дубайн гэрээ гэгчийг Монгол Улсаас нууцаар байгуулж ирсэн гэдгийг өдгөөгийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн ч олон удаа хэлсэн. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмших хувийг хэсэг нөхөд парламентаасаа нууж очоод аваад ирсэн асуудал нь Арбитрын шүүх дээр явж л байна. Энэ мэтчилэн өч төчнөөн том асуудлыг дур мэдэн шийдсэн баримт олон. Н.Энхбаярын дүүг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлаа зогсоогооч хэмээн гуйсан Э.Эрдэнэжамъянгийн хүсэлт төдий зүйл бол ёстой юу ч биш.

МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулгыг бусадтай бүлэглэн нийслэлийн өмчийг завшсан, мөн хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр баривчлан шалгаж, түүний төрсөн ах Б.Хуягийг холбоотой гэж үзэн саатуулж, сүүлдээ гадаадад оргон зайлж байсан. Хамгийн наад зах нь Ч.Улааныг МАХН-д түр толгой хоргодоод явах зуурт АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр “Ч.Улааныг Х.Баатарын хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бий” хэмээн тухайн үед мэдэгдэж байв. Мөн ижил хувь заяанд дөрөө харшуулж явсан Д.Тэрбишдагвыг АТГ-т шалгуулахаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан удаа дараа хандаж байсан гээд МАХН-д түр ороод гарсан бүхнийг шалгасан баривчилсан хорьсон, хэрэгт татахыг завдсан ийм он жилүүд өрнөсөөр байна.

Монгол билэгдэл зан үйлээр бодвол бусдын голж хаясан эдийг гэр орноо болгосон, бусдад үнэгүй болсон зүйлийг өөрсдийн туг сүлдээ болгосонд байна уу. Эсвэл олигархиудад гуравдагч хүчин хэрэггүй учраас ийнхүү МАХН-д холбоотой бүхнийг нухчин дарж байна уу гэдэгт асуудал бий.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ИРГЭН
2018-01-30 20:21:28

ОРГИЛ ҮЕ НЬ БАЙЖ ДЭЭ.МАХН-ЫГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ШИНЭ ГИШҮҮД ДЭЭШЛЭХ БОЛОМЖГҮЙ ШИВ ДЭЭ.

Ажлын байр