Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрдэнэт үйлдвэрийн ”тал еэвэн”-гийн маргаан эцэстээ юу болох вэ?


Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан уу, хувьчилсан уу?

Манай улсын төсвийн 30-40 хувийг дангаар бүрдүүлдэг “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон сааралдуухан өнгө төрхтэй, базаахгүй үйл явдлууд дуулиан шуугианаар үргэлжилсээр  л байна. Нэг дуулиан дарагдахаар нөгөө дуулиан босоод ирнэ.

Анхандаа улстөрийн эрх мэдэлтнүүдийн шахаанаас  “Эрдэнэт” үйлдвэрийг аврах тухай яригдаж, шахааны бизнесийн бүтээгдэхүүнээр нь үзэсгэлэн гаргасан ч удаатай. Шахаа арай багасав уу гэтэл нуухыг нь аваад нүдийг нь сохлохын үлгэр биелэлээ олох дөхлөө. 2016 оны УИХ-ын сонгуулийн бужигнаан дундуур Ч.Сайханбилэгийн Засгийн газар ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсан 49 хувийг  Худалдаа хөгжлийн банктай холбоотой гэгдэх “Монгол зэс” компанид Тунгалаг тамир кинонд гардагчлан  баян Итгэлт, Павловт хандан  “Эвийг нь олоод сэмхэн  гулгуулаад байдаг хэрэг ээ хө” гэдэг шиг чимээгүйхэн “гулгуулсан” байсан нь илчлэгдэв. Бөөн дуулиан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д мэдэгдэлгүй дэлхийд томд тооцогдох, хоёр улсын Засгийн газрын хамтарсан  өмчлөлийн хэлбэртэй үйлдвэрээс 49 хувийг нь салгаад 27 настай залуугийн компанид 400 сая ам.доллараар өгчилгөсөн. “Монголын зэс” корпо­ра­цын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаМ.Мөнх­баатар “Монголд Засгийн газрын хэмжээнд, ОХУ-д Ерөнхийлөгчийнхөө түвшинд яригдсан байх. Тэгээд л “Ростех” компаниас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан” гэлээ. Тухайн үеийн Засгийн газар үхэхийн өмнө үхэр буугаа тавина гээч болсон бололтой.

ОХУ-ын  Засгийн газар зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй

Эрдэнэт”-ийг тойрсон эргэлзээгүй хариулт нэхсэн, ээдрээтэй асуулт олон бий. “Монгол зэс”-ийнхэн Эрдэнэтийн 49 хувийг “Ростех”-ээс авсан гэдэг бол албаныхан тодруулбал, Эрдэнэтийн 49 хувийн төлөө эцсээ хүртэл үзэлцэхээ аль эрт зарлан тунхагласан Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөр байр суурь илэрхийлдэг.

Ц.Нямдорж: Хойд айлд их сонин үйл явдал болж өнгөрсөн.2016 оны зургадугаар сард “Ростех”-ийн захирал албан бичиг явуулж, Засгийн газар 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалз. 49 хувийг МКК-д худалдах зөвшөөрөл олго гэсэн байна. “Ростех”ийн хяналтын зөвлөлийн эчнээ хурал болж, энэ асуудлыг ярьсан. ОХУ-ын Ерөнхий сайд Монголын тал зөвшөөрвөл 49 хувиа худалдах тухай захирамж гаргасан. Гэтэл 49 хувийг эзэмшигч “Ростех”-ээс албан бичиг ирсэн болохоос ОХУ-ын Засгийн газраас ирээгүй. Манай Засгийн газар гэнэт хуралдан, “Ростех”-ийн бүх нөхцлийг хүлээн зөвшөөрчихсөн тогтоол гаргасан. Тогтоолд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан байна.  Уг нь Сангийн сайд энэ асуудлыг оруулах ёстой. Ийм л юм болсон” гэжээ. Энэ асуулт тодорхой хариултгүй үлдчихлээ.

УИХ-аар яагаад хэлэлцүүлээгүй вэ?

Шалтгаан тодорхой. Хууль бус байсан учраас гэсэн дүгнэлтийг зарим улстөрч гаргасан, бас хэлсэн. УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны тоосон дундуур Ч.Сайханбилэгийн Засгийн газар будлиантай шийдвэр гаргасан  нь үнэн.

Нэг сэхээртэл улсын  төсвийн гуравны нэг хувийг бүрдүүлдэг ганц саалийн үнээнийхээ сүүний хагасыг бусдаас аваад өөр хэн нэгэнд худалдчихсан байх нь тэр. Эндээс л хоёр  жил дамнасан “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан тухай дуулиан нь шуугианаар үргэлжилсэн юм. Улстөрчдийг дагаад ард түмэн ч хоёр хуваагдав. ОХУ-д байсан 49 хувийг  Монголын жирийн компани аваад ирсэн байхад, баярла гэж нэг хэсэг нь өрвөлзөхөд “ард түмний өмч байх ёстой” гэж нөгөө хэсэг нь өмөөрөв. Энэ “хайн”-ыг  улстөрчид, УИХ хагалж, Засгийн газар нэг мөр цэгцлэх зам л үлдсэн. Өөр гарц байсангүй.

“Монгол зэс” шүүхэд хандсан шалтгаан

УИХ, Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг  буцаан авах шийдвэр гарсаны дараачаас “Монгол зэс”-ийнхэн шүүхэд хандсан. Энэ нь ч зүйн хэрэг. Аманд зүгээр ороод ирсэн шар тосыг одоо цагт хэлээрээ түлхээд гаргадаг компани байтугай хүн ч олдохгүй.

Энгийнээр бол ийм тайлбар гаргана. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан ”Монголын зэс” корпораци Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд ялалт байгууллаа. Захиргааны хэргийн шүүх хоёр удаа хэлэлцэн “Монгол зэс”-ийн талд шийдвэр гаргаад байсан ч Улсын дээд шүүх Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх асуудал биш гэж үзэн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн удаатай. Улсын дээд шүүх ч манай талд шийдвэр гаргасан гэж “Монгол зэс”-ийнхэн мэдэгдлээ.  Засгийн газар УИХ-ын тогтоолыг, “Монгол зэс” компани  шүүхийн шийдвэрийг өмнөө барьсан “тулаан” удаан үргэлжлээгүй юм.

Засгийн газар 49 хувийг төрийн мэдэлд авав   

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан юм.  

Шинэ оны эхэнд олон түмний сонорыг У.Хүрэлсүхийн Засгийн газар ингэж  мялаасан юм. Мөн 49 хувиас 10 хувийг иргэддээ хувьцаа хэлбрээр олгохоор шийдвэрлэж буй. Хувьцааны асуудлыгг УИХ дээр эцэслэх учиртай. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгана” гэж мэдэгдсэн юм. Ингэснээр Эрдэнэтийн 49 хувийн маргаан  түр боловч намжлаа.    Засгийн газар 49 хувийг буцааж авсны цаана төр хөрөнгөдөө эзэн болдог гэх гаргалгаа,  хувийн хэвшлээс булааж авлаа гэх хардлага, мөн ард түмэнд 10 хувийг хувьцаа хэлбрээр олгоно гэсэн  хүлээлт үлдэв.

Еэвэнгийн нөгөө тал буюу 51 хувь байна уу?

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь яг төрийн мэдэлд байна уу гэсэн асуулт. Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109 ам.долларын зээл авсан. Үйл явдал 2009-2010 оны хооронд өрнөсөн байдаг.

Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байсан бөгөөд Ш.Батхүүгийн “Жаст” группийн  зээл авахад “Эрдэнэт”-ийг дэнчингээр тавьсан хэргийн гол буруутнаар нэрлэгдсэн. Тухайн үедээ төрийн бүх өмчийг мэддэг том байгууллагын  дарга байсан учраас түүний үзэгний үзээр, гарын үсгээр асуудал шийдвэрлэгдэж байсан алтан үе нь.  “Стандарт” банзинд Эрдэнэтүйлдвэрийг барьцаалсан тухай чимээ олон жилийн өмнөөс анирласаар одоо “дуулиан” болж томорч байгаа нь энэ юм.

Эрдэнэтийн өрийг хэн барагдуулах вэ?

 Бас л тодорхойгүй. Өөрөө бол хуурамчаар үйлдээгүй холбогдох хүмүүсээс баталгаа гаргуулсан гэдэг юм.  “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан нь үнэн ч гарын үсгүүдийг хуурамчаар үйлджээ. Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк “Жаст” группийн үүсгэсэн өр, зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн юм хэмээн хэвлэлүүд мэдээлсэн.


Энэ нь түүнийг Эрдэнэтийг барьцаалсан зээл авсныг дахин нотолж байгаа. Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийг  барьцаалан “Стандарт” банкнаас авсан түүний 109 сая ам.долларын өрийг хэн төлж барагдуулах нь тодорхой бус хэвээрээ. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар “ Ш.Батхүү Стандарт банкнаас Эрдэнэтийг барьцаалж зээл авсныг мэдээгүй. Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг бид хоёр энэ тухай мэдэхгүй. Эрдэнэт үйлдвэр тэр өрийг төлөх ёсгүй” хэмээн мэдэгдэж байжээ.

Арбитрын шүүх дээр ялагдсан шалтгаан

Шалтаан тодорхой. Ш.Батхүү Эрдэнэтийг барьцаалж зээл авсан ч өр төлөгдөөгүй. Хэн ч удаан хүлээхгүй. Лондонгийн Арбитрын  шүүх дээр маргааныг хэлэлцэж Монголын талын өр 51 сая ам.доллар,  шүүхийн зардал, торгууль, үндсэн зээлийн хүүд  44 сая нийт 95 сая ам.долларын төлбөр ногдууллаа. Дээр дооргүй л мэгдэв, шуугив.

Зээлсэн мөнгийг нь эргүүлж төлөхгүй луу унжаад байхаар хувь хүн ч шүүхэд хандана. Жирийн бизнесмэн Өмнөд Африкийн банкинд тухайн үед Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын мэдлийн 51 хувийг барьцаалаад 109 сая ам.долларын зээлийг шууд авна гэдэг бас л эргэлзээтэй. Цаана нь татах хүч, хамгаалах эрх мэдэлтэн байсан ч гэж өнөөг хүртэл харддаг. Ерөнхий сайд асан С.Баяр тэдний нэг гэгдсэн. С.Баяр энэ тухайд “Би Ерөнхий сайд байхдаа ч дараа нь ч энэ талаар ямар нэгэн учир холбогдолгүй гэдгийг мэдэгдье” гэсэн юм.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ш.Батхүү юу ярьж байв

“Стандарт” банк Арбитрын шүүх дээр ялж, Монголын тал өрд унах эх үүсвэрийг тавьсан хэргийн эзэн хэнгэргийндохиур Ш.Батхүү тухайн үед юу ярьж байсан бэ.

Ш.Батхүү “Олоновоотын ордыг би Мянганбаяраас авсан. Энд яг алт байгаа юу гэхэд “Бид хоёр жил ухсан. Дүгнэлтээр гурван тонн алт бий гэж хэлсэн. Би “Жаст-Ойл” компаниа “Магнай трейд”-д шилжүүлсэн.  Зоос, Анодыг дампуурахад Мянганбаяр нөлөөлсөн. Олоновоотод үйл ажиллагаа явуулдаг компаниуд манай компанид шатахууны  10 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсан.  Авлагаа авахын тулд аргагүйн эрхэнд энэ төсөлд оролцсон. Миний хамгийн том алдаа бол “Монгол газар” компанитай хамтарсан явдал” гэсэн нь хожимдсон ухаарал байсан болов уу. Харин “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа авч Стандарт банкнаас зээл авсан нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Түүний өрийг Эрдэнэт үйлдвэр барагдуулах уу.

"Эрдэнэт" үйлдвэр ямар байр суурьтай байгаа вэ?  

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн " Ш.Батхүүгийн 51 сая ам.долларын өрийг төлөхгүйн тулд хуулийн фирм хөлслөн давж заалдахаар ажиллаж байна. Давж заалдах эрхийг авахын тулд Лондонгийн шүүхээс 532.7 мянган фунт стирлинг байршуулахыг шаардсан.

Үүнийг нь “Эрдэнэт үйлдвэр"-ийн зүгээс ёсоор гүйцэлдүүлээд байна.Гэвч дахин 51 сая ам.доллартай тэнцэх мөнгийг байршуулахыг бас шаардсан. Ингэж чадахгүй бол цаашид үйлдвэрийн хувь заяатай холбогдох асуулт үүсэх гээд байна. “Эрдэнэт үйлдвэр” хором ч  зогсох эрхгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар зогслоо гэхэд хоногт 1.5-1.7 сая ам.долларын үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрт эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учрах эрсдэлтэй” хэмээн  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.

"Эрдэнэт" үйлдвэрийг битүүмжлэх үү?

 Арбитрын шүүх дээр шийдвэр гарч Монголын тал өр төлөх нь тодорхой болохтой зэрэгцэн  “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай мэдээлэл тархав. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй.

Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр "Эрдэнэт” үйлдвэр, "Стандарт" банк хоёрын асуудал.  “Эрдэнэт” үйлдвэр давж заалдсан ч олигтой юм болоогүй шинжтэй. "Эрдэнэт” үйлдвэрийнхэн "Стандарт" банктай ярих бололцоо байгаа” гэсэн хариулт өгчээ. Юутай ч саалийн үнээ “Эрдэнэт”-ийг өнөө маргаашгүй битүүмжилж үйл ажиллагааг нь гацаана гэдэг юу л бол. Төрийн өм, бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Ням-Осор “Эрдэнэт үйлдвэрийн маргаан шүүхээрээ шийдэгдэнэ. Бас нууцын зэрэглэлтэй зүйл яригддаг юм билээ” гэжээ. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол төрд ирсэн ч 51:49 хувийн маргаан нэг мөр “100 хувь” болтлоо удах шинжтэй.

Д.Дамдиндорж

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-02-08 15:02:19

Ш.Батхүү, Очирхүү, Ч.Ганзориг, Д.Сугар, С.Баяр, Сү. Батболд нарыг одоо барьж хорь.Ард түмэн шаардаж байна. Монгол эх сүйрлээ.

Ажлын байр