Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Ганзориг: Сэтгүүлч бид нар нэг нэгнээ хамгаалах ёстой хүмүүс хоорондоо үзэлцээд байж болохгүй

 

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр саяхан сонгогдсон Цаашдаа ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Сэтгүүл зүйн төлөө юу хийх вэ?

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо бол бичдэг, ярьдаг, яг сэтгүүл зүйн гал тогоонд яваа хүмүүс нэгдэж байгуулсан гишүүдийн байгууллага. Бид цаашдаа нийслэлийн хүрээний хэвлэл мэдээллийн мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийнхээ чадавх, чадамж болон нийгмийн асуудал дээр анхаарч ажиллана. Мэргэжлийн чиг баримжаа бүхий байгууллагуудтайгаа хамтран ажиллана. Сэтгүүл зүйн төлөө их ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн түрүүн бид тогоон дотроо асуудлаа ярих хэрэгтэй. Сэтгүүлчид бид өнөөдөр нийгмийн дуу хоолой, дөрөв дэх засаглалын үүргээ шударгаар биелүүлж чадаж байна уу. үнэхээр үнэний дуу хоолой болж, үнэний талд зогсож чадаж байна уу гэдгээ ярилцаж, чадахгүй байгаа бол түүнийгээ зас залруулах хэрэгтэй. Манай салбарынхан үнэхээр их амбицтай байна. Үүнийгээ хойш тавиад сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн хөгжиж буй тухай ярьж хэлэлцэх ёстой. Ийм зорилгын төлөө нэгдэж нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо байгуулагдсан. Мэргэжлийн чиг баримжаа бүхий гишүүддээ үйлчилдэг байгууллага. Хэн нэгний халаасны байгууллага биш гэдгийг зориуд тодотгон хэлье.

Шинэ тутам байгуулагдсан танай холбоо хэдэн гишүүнтэй болов. Бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулаач. Цахим сайтын хэдэн зуун залуучууд нийлээд байгуулагдсан холбоо гэж гадуур шуугиад байгаа?

Хэн ч хардах эрхтэй. Эрхээ эдлэж байгаа нь л тэр байх. Миний хувьд хар хоргүй, эвлэлдэн нэгдэж дундыг барьж ажиллана. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн нэгдэж байж л сэтгүүл зүйн салбар нэр цэвэр, үйлс нь өөдөө байна биз дээ. Энэ бол миний хувийн эрх ашиг биш. Нийт сэтгүүлч нөхдийнхөө эрх ашгийн гэсэн үзэл минь энэ юм. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоонд цахим салбараас ч тэр, сонин, радио, телевизээс ч байгаа. Зарим нэг нь хардаж, бодсон бодлоо нийгэм тэгж харж байгаа мэтээр ойлгуулдгаа больчих хэрэгтэй. Хол явмаар байгаа бол олуулаа яв гэдэг. Сэтгүүл зүйн, мэргэжлийн талаа барьж, бие даасан хөгжилдөө хүрнэ л гэж байгаа бол олуулаа явах ёстой. Манай холбоонд ажлын ачаалал дааж чадах,  сэтгэлтэй, итгэлтэй, хариуцлагатай залуучууд олон бий. Сая удирдах зөвлөлийн хурлаа хийж ажлын алба, нарийн бичгийн даргаа сонгож, эхний ажлаа төлөвлөсөн. Бүтцийн хувьд дөрвөн дэд тэргүүнтэй. Бодлогын зөвлөл болон, зөвлөхийн баг ажилладаг. Сэтгүүл зүйн хөгжлийн төлөө, эрүүл, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө хийх ажил их байна.

Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбооноос “BEST OF MONGOLIA”-гийн  шилдгүүдийг зургаа дахь жилдээ тодруулаад байгаа. Уг холбоог удирддаг хүн нь та?

Тийм ээ. Энэ төсөл жил болгон явагддаг, хэвшмэл ажил болчихсон. Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоог удирддаг нь үнэн. Улсдаа татвараа төлөөд, хийхээ хийгээд л явж байгаа. Дараа жил энэ холбоог удирдах миний сонгуульт эрх дуусч байгаа. Дараагийн хүнд нь шилжүүлнэ.  

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны их хурал МСНЭ-ийн их хурлын өмнө болсноороо олон хүний харыг төрүүллээ. Яагаад заавал МСНЭ-ийн их хурлын өмнө их хурлаа хийсэн юм бэ? Таныг МСНЭ-ийн их хуралд квот авч орох нь гэсэн яриа сэтгүүлчдийн дунд байсан?

МСНЭ бол сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага. Өөрийн гэсэн баримталдаг дэг журамтай албан ёсны хуулийн этгээд гэж би боддог. Их хурлаа хийх тов, хэчнээн төлөөлөгч оруулахаа удирдах зөвлөлөөрөө шийддэг юм билээ. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны хурал болохоос өмнө МСНЭ-ийн тов гарчихсан байсан. Ийм учраас манайх квот аваад орно гэсэн ойлголт байхгүй. Бид тус тусдаа дүрэм журамтай, бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллагууд шүү дээ. Тийм яриа гарсныг би ч бас сонссон. МСНЭ-ийн удирдлага хэн ч сонгогдсон бай мэргэжлийн чиг баримжаа бүхий төв байгууллагаа дэмжиж ажиллана, бодлого нэг явах ёстой гэж боддог. Сэтгүүл зүйн салбарт сэтгүүлчид бидэнд эв нэгдэл чухал. Бид бие биенээ хамгаалах ёстой хүмүүс хоорондоо үзэлцээд байж болохгүй. Бид үзэлцвэл салбар маань муухай харагдана.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-02-14 00:42:08

Сэтгүүлчид холбоогоо өөрсдөө сонгож одоогийн удирдлага нэртэй хорчингуудаасаа салах цаг нь болсон байна.

Ажлын байр