Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Намрын чуулган хаалтаа хийж, их хэмжээий тэсрэх бодис илрүүлсэн өдрүүд


Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, санал авахад Ерөнхийлөгчөөс 3, УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос 57, Засгийн газраас 44, нийтдээ 104 хууль тогтоомжийн санал ирүүлсэн байна.Нийт 24 асуудал багтлаа. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг тоймлон хүргэе.


М.Энхболд: Тансаглал, зардал аль ч шатанд байх ёсгүй





УИХ-ын чуулганы хааж, УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж,  төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна.  УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталлаа.  Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж баталсан. Дэлгэрэнгүйг...эндээс уншина уу.


Ц.Нямдорж: Томилолтоор яваагүй бол чуулганы танхимд кнопоо дараад сууцгаа






УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Ингээд Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх уг хуулийн төслийг дэмжсэнгүй.  Хуулийн төсөл дэмжигдээгүйд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихээхэн бухимдав.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Ирцээ бүрдүүлээд саналаа хураа. Алийн болгон ирц бүрдэхгүй Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг унагаах юм. Д.Хаянхярваа МАН-ын бүлэг дарга мөн үү. УИХ-ын гишүүдэд хариуцлага байх ёстой шүү. Яахаараа УИХ-ын гишүүдийг ирцээ бүрдүүлэх гэхээр Засгийн газрын гишүүдийг ирцээ бүрдүүл гэж ацаглаад байгаа юм. Томилолтоор яваагүй бол чуулганы танхимд кнопоо дараад сууцгаа. С.Бямбацогт та нар, хаашаа алга болчихдог юм. Төсөл унасны дараа орж ирлээ. Гишүүдийн ирцээ бүрдүүлж, санал хураалтад оруулаач ээ. Дахин санал хураалт явуул" гэв. 




Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг 4.6 жил болгон өөрчиллөө






Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгэжээ.


Харин Г.Ганчимэгийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жил хасч, 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн О.Даваасүрэн, Э.Гантулга нарыг урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Даваасүрэнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил 6 сар хорих, Э.Гантулгад нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.


Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8 жил болж хөнгөрсөн тул шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.



Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.




Их хэмжээий тэсрэх бодис илрүүлжээ


Тагнуулынхан өнгөрсөн сарын 31-ний өдөр их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нийслэлийн Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулах гэж байгаад баригдсан байна. Зарим хүн ашиг олох зорилгоор хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсрэх бодис хууль бусаар зарж, борлуулдаг. Үүнээс үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч цөөнгүй бий. Тухайлбал, 2015 онд Төв аймагт хоёр иргэн тэсрэх бодис хууль бусаар ашиглаж байгаад амь насаа алдаж байсан. Тиймээс хууль хүчний байгууллагынхан тэсрэх бодисын хууль бус худалдаа, ашиглалтад тавих хяналтаа сайжруулахгүй бол аюулын харанга ойрхон байна.  ТЕГ-аас энэ хэргийг шалгаж байгаа аж. 




Тайвань дахь Монгол оюутнууд эрүүл, аюулгүй газарт ирсэн


 Тайваньд болсон газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар  Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд "Энэ  оны хоёрдугаар сарын 6-нд Тайванийн зүүн эрэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдөлтийн мэдээг Олон улсын болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Орой 23.00 цагт болсон энэ үйл явдал харамсалтай үр дүн авчирлаа. Тухайн бүс нутагт манай  улсын оюутнууд байсан. Оюутнуудтай холбогдох үйл ажиллагааг энэ сарын 7,8-ны өдөр явууллаа. 


Гадаад яамны Консулын газраас энэ бүсэд хамгийн эрсдэлтэй байгаа газраас дөрвөн оюутныг авах ажлыг энэ сарын 8-ны өглөө 08.19 цагт Тайпэйд авчирсан. Үүний өмнө мөн тухайн бүсэд байсан хоёр оюутан ирсэн байсан.   Газар хөдлөлтийн давтамж аюулгүй гэж үзэж байсан бүсэд байсан оюутнуудыг нэмж авчирах арга хэмжээг авсан. Тэнд 13 оюутнаас 10 нь ирсэн. Гурван оюутан нь өөрсдийн саналаар их сургуульдаа үлдсэн байгаа. Энэ оюутнуудтай бид өнөөдөр 14:00 цагт видео уулзалт хийсэн. Бүгд эрүүл байна, аюулгүй газарт ирсэн. Газар хөдлөлтийн эрсдэлтэй байдал намдтал бид Тайпэйд байлгаж байгаад буцаана.   Зарим иргэд энэ асуудал дээр ГХЯ яаж ажиллав гэж байгаа юм. Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас холбогдох заалтын дагуу зохиох хэмжээний зардлыг гаргасан. Энэ сарын 8-нд Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу ГХ-ны сайд тушаал гарган хөрөнгө мөнгийг шийдүүснээр оюутнуудыг бүгдийг нь авчраад байна" гэв. 




Л.Амина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр