Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос


БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимпийн XXIII наадам амжилттай үргэлжилж байна. Олимп эхэлснээс хойш нийт 24 улсын баг тамирчид медаль хүртээд байгаагаас өнөөдрийн байдлаар Норвеги улс тэргүүлж байна.

Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос undefined

НАТАН ЧЕН ЗУРГААН УДАА ДӨРВӨН ЭРГЭЛТТЭЙ ҮСРЭЛТ АМЖИЛТТАЙ 
ГҮЙЦЭТГЭСЭН АНХНЫ ТАМИРЧИН БОЛОВ

АНУ-ын тамирчин Натан Чен Пёнчаны уран гулгалтын эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болжээ. Чөлөөт үзүүлбэрт тэрбээр 215,08 оноо авсан бол богино үзүүлбэрт тааруу үзүүлэлттэй байсан учир нийт 297,35 оноогоор тавдугаар байрт орсон байна.

Өдгөө 18 настай тамирчин Натан Чен чөлөөт үзүүлбэрт хамгийн өндөр оноо авсан хэдий ч дээд амжилтыг эвдэж чадсангүй. Өмнө нь Японы тамирчин Юзуру Ханю 223,20 оноогоор дээд амжилт тогтоож байв. Натан Чен нь Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн болон 2017 оны Гран при тэмцээний ялагч билээ.

Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос undefined

1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН

Японы тамирчин Юзуру Ханю “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 317,85 онооны амжилтаар алтан медаль хүртэж, дахин олимпийн аварга болов. Тэрбээр 2014 онд Сочи хотод болсон өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан билээ. Олон улсын олимпийн хорооноос мэдээлснээр, түүний энэ удаад хүртсэн медаль өвлийн олимпийн наадмын 1000 дахь алтан медаль болж байгаа аж. Харин өвлийн олимпийн наадмын хамгийн анхны алтан медалийг 1924 онд АНУ-ын тамирчин Чарльз Жутроу хүртэж байжээ.

Түүнийг гэмтэлтэй учир амжилт гаргаж чадахгүй хэмээн тооцож байсан аж. Тэрээр талбайд гарахын өмнө үргэлж Винни Пухын чихмэлээ тэвэрдэг бөгөөд аз авчирдаг хэмээн итгэдэг учраас тус чихмэлээсээ огт салдаггүй байна.

Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос undefined

ВАЛЕНТИНЫ БАЯРААР МЕДАЛИА СОЛИЛЦОВ

Пёнчаны өвлийн олимпийн багийн төрөлд хүрэл медалийн эздээр АНУ-ын уран гулгалтын хосууд болох Крис Книэрим болон Алекса Книэрим тодорсон билээ. Алекса “Хэн ч бид хоёрын юу даван туулж энд хүрснийг мэдэхгүй. Намайг медалиа атгаад зогсож байхад нөхөр маань энэ бүхний дараа үүнийг хүртэх эрхтэй гэж хэлсэн” хэмээжээ.

Энэ жил 30 настай Крис болон 26 настай Алекса нар нь 1988 оноос хойш АНУ-ыг төлөөлж Олимпийн уран гулгалтын төрөлд өрсөлдөж буй анхны гэр бүл аж. Хосууд 2014 онд сүй тавьж, 2016 онд гэрлэжээ. Хувийн амьдрал, спортын талбар дээр ч тэд үргэлж хамтдаа байж маш олон ялалт, амжилтыг өнгөрсөн хугацаанд хамтдаа бүтээжээ. “Unchained Melody” ая дээр үзүүлбэрээ үзүүлсэн хос олимпийн наадам болон Валентины баярыг тохиолдуулан медалиа солилцсон нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж болсон байна.

ОРОСЫН ТАМИРЧИН СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ

Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн албанаас ОХУ-ын нэг тамирчны допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлжээ. Өмнө нь Пёнчаны өвлийн олимпийн наадамд ОХУ-аас оролцож буй тамирчдын хэвлэлийн төлөөлөгч Константин Выборнов Олон улсын олимпийн хороо ОХУ-ын тамирчдыг допингийн эсрэг дүрмийг зөрчсөн хэмээн сэжиглэж буй талаар мэдээлж байсан аж. Өнгөрсөн ням гаригт "Спорт FM"-ийн мэдээлснээр, тамирчин Александр Крузельнцкийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэрбээр мелдони хэмээх хориотой бэлдмэл хэрэглэжээ.

Олимп болохоос өмнө ОУОХ-ноос допингийн эсрэг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын тамирчдыг сориход онцгой анхаарал хандуулсан байна. ОУОХ мэдэгдэлдээ "Олимпийн үеэр цэвэр тамирчдыг хамгаалах, хууль бус бодис хэрэглэж болох хүмүүсийг тодорхойлоход чиглэсэн допингийн эсрэг хөтөлбөр байдаг. Бид хэн нэгэн хууль бус бодис хэрэглэж байгаад сэтгэл дундуур байдаг хэмээжээ.

НОРОВИРУСЫН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ТОО 275-Д ХҮРЭВ

Пёнчан 2018 олимпийн наадмын үеэр гэдэсний халдварт өвчин буюу норовирусын халдвар авсан хүмүүсийн тоо 275-д хүрээд байгаа ажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Сун Баик Ю "Бид өдөр бүр статистик мэдээлэл цуглуулдаг. Одоогийн байдлаар нийт 275 хүнээс 225 нь эмчлүүлж, 53 хүн хорионд байна" гэжээ.

Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр