Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дондогдулам хатан эмэгтэйчүүдийн эрхийг анх дээдэлсэн юм биш үү

 


Өдгөө “Март-8” хэмээх өдөр бол монголчуудын хувьд өөрийнх нь үндэсний баяр мэт танил дотно болсон тийм л тэмдэглэлт өдрүүдийн нэг болж хувирсан. Гэхдээ нийгмийн олонхи нь “Эмэгтэйчүүдийн баяр”, “Мартын 8” гэх нэршил агуулгаар тэмдэглэж дадсан зүйл. Үнэн хэрэгтээ бол европоос үүсэлтэй  энэ баяр нь эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэл илэрхийлж ирсэн билгэдэлт өдөр аж.

Үүсэл гарлын хувьд бол 1857 оны 3 сарын 8 нд Нью-Йоркийн гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд  ажиллах нөхцлийг сайжруулах, ажлын цагийг багасгах, эрчүүдтэй адил цалин өгөх шаардлага тавин жагссанаар энэ баярыг тэмдэглэх шалтгаан болжээ. Эх сурвалжид тэмдэглэн үлдээснээс харвал тухайн цагт үйлдвэрийн эмэгтэйчүүд өдөрт 16 цаг, эрчүүд 10 цаг ажилладаг байсан учраас тус үйлдвэрийн эмэгтэйчүүд тэмцэл хийснээр ажлын цагийг 10 болгуулж чадсан гэдэг. Үүнээс үүдэн Үйлдвэрчний  эвлэл байгуулагдаж, эмэгтэйчүүд анх удаа гишүүнээр элссэн түүх ч бий. Ийнхүү Европод эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалан тэмцэж байх үед монголчууд бид ямар байв аа. Монгол Улсад Манжийн ноёрхол ид хүчээ авчихсан өнгөт охид маань харийн хаад ноёдын торгон хөнжилд умбаж байгаа мэт байвч үнэн хэрэгтээ тэдний эрхшээлд байв.

Юун эмэгтэйүүдийн эрх тэгш байдал, жендэр энэ тэр бол цаашаа. Охид эмсийг харьд боолчуулах богтлохоос эхлээд эмс охид маань цагийн бурангуйг эдэлсэн түүхтэй. Монголчууд бид ч өөрсдөө эхнэр авахдаа тэднийг хулгайлдаг, богтолдог ёсон бат бөх оршиж байсан цаг. Эд мөнгө, алm эрдэнэсээр зарагдах бол наад захын асуудал. Бид энэхүү хувь заятайгаа эвлрэн суух цагт Европод эмэгтэйүүд эрхийнхээ төлөө тэмцэж санаандаа хүрч байсан түүх байна.

Харин энэхүү түүхт өдрийг нэлээд хожуу буюу 1910 онд Данийн Копенгаген хотноо болсон Социалист Эмэгтэйчүүдийн  Их Хурлаар “Эмэгтэйчүүдйин Эрхийг Хамгаалах Өдрийг” бий болгох, жил бүр эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байх шийдвэр гарсан нь албан ёсны зүйл болжээ. Энэ албан ёсны шийдвэрийн дагуу анх удаа Герман, Австри, Дани, Швейцари зэрэг улсуудад баярын өдрийг тэмдэглэж байсныг сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Үүнээс үүдэн ажилчин анги боол эмэгтэйчүүдэд гарын бэлэг түгээж, тэмдэглэлт өдрөөр ажлаас нь чөлөөлөн амраадаг жишиг тогтсон гэдэг.

Харин энэ үед буюу 1910 онд манай улсад өнөөх л ёс ноёрож Манжийн засаглал хэвээрээ байв. Үндэсний эрх чөлөөний салхи сэвэлзэж эхэлж байсан тийм л үе. Харин өөр нэг эх сурвалжид тэмдэглэн үлдээснээр энэ үед Богд хаан, тэр тусмаа Дондогдулам хатан эмэгтэйчүүдийн эрхийг ихэд дээдэлдэг байсан гэдэг. Тиймдээ ч ордныхоо үйлчин, үйлчлэгч эмэгтэйчүүдэд тусгайлсан сан бий болгож, чөлөөт цагаар нь эрчүүдтэй эн тэнцэхүйц шагай харвуулан цэнгүүлдэг байсан тухай ч дурдсан нь бий. Магадгүй энэ нь шинэ цагийн эмэгтэйчүүдийн эрхийг өндөрт өргөх суурь хөрс нь ч байсан гэхэд буруудахгүй. Үүнээс өөр эх сурвалжид эмэгтэйчүүдийг ийн дээдэлж байсан тухай алга. Тэгэхээр эмэгтэйчүүдийг эрчүүдийн зиндаанд дөхүүлсэн, тэдний эрхийг өндөрт өргөсөн анхны хүн нь Дондогдулам хатан байх өндөр магадлал байна. Тухайн цагт ордны эмэгтэйчүүдийн цалин урамшууллыг ч Богд хаантанд айлтган бусад алба хаагчдын нэгэн адил болгож байсан түүх бий. 

Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол Монгол Улсын түүхэнд тод үсгээр бичигдэн үлдсэн үйл. Энэ үйлийн хөрс суурин дээр мандсан Ардын хувьсгалын үед ямартай ч эмэгтэйчүүд маань сэтгэл зүрхээ дагах суурь тавигдсан. Ардын хувьсгалаас хойш эмс охидыг өөрийн дураар богтлон авах нь хязгаарлагдаж байсан гэдэг. Гэхдээ л олон зуун жил мөрдөгдөж ирсэн энэ хатуу харгис гэмээр зан зүйл амь бөхтэй оршсоор байсныг түүхэнд үлдээсэн нь бий.

Харин Монгол Улсад соёлын довтолгоо өрнөж эхэлсэн цагаас эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох хүрээ чамгүй бий болсон. Энэ хэрээр өрнийн соёл хавтгайдаэ нэвтрээгүй ч хойд хөршөөс даялуулж авсан зүйлийн нэг бол “Март 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Хойд ах нарын шууд командаар хөдөлж байсан бидний хувьд тэндээс оруулж ирсэн баярыг бол билгэ тэмдгээ болгон хүлээн авах нь аргагүй учраас эмэгтэйчүүдийн хувьд адил тэгш эрх эдлэх үйлсэд нь нэгэн алхам дөхүүлж өгсөн учиртай. Өнөөдөр бол хэн нэгнээр хэлүүлэх аргагүй болж, Жендэрийн тэгш байдал, энэ тухай ч хуультай болсон.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр