Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй байхад тань туслах 5 зөвлөмж


Өглөөг хэчнээн эрчтэй, урам зориг дүүрэн эхлүүлсэн ч өдрийн дундуур өөр тийш сатаарч, хойш суух нь ихэсч, нэг л ажил чинь явахгүй байна уу? Заримдаа та хэчнээн хичээсэн ч гараас чинь олигтой зүйл гарахгүй, төлөвлөгөө чинь ном ёсоороо урагшлахгүй байж өөртөө урам хугарах тохиолдол гарч байна уу?Санаа зоволтгүй, та ганцаараа биш. Тийм сэтгэгдэл хүн бүрт багагүй тохиолддог гэдэгт эргэлзэх хэрэггүй. Unread танд бүтэн өдрийн турш үр бүтээмж дүүрэн байхад тань туслах хамгийн чухал таван зөвлөгөөг хүргэж байна.

1. ХИЙХ ЗҮЙЛСЭЭ ЗӨВ СОНГО

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Эйзенхауэрийн гаргасан 2x2 хүснэгт нь ажлаа эрэмбэлэн хуваарилах шалгарсан аргуудын нэг юм. Тэрээр "Надад чухал ба яаралтай гэсэн 2 төрлийн хийх зүйлс байдаг. Чухал нь хэзээ ч яаралтай байдаггүй, яаралтай нь хэзээ ч чухал байдаггүй." хэмээн хэлсэн байдаг. Гэтэл олон хүмүүс яаралтай болон чухал ажлуудыг ялгахгүй байх нь элбэг. Харин Эйзенхауэрийн хүснэгт нь энэ хоёрыг хэрхэн ялгах тухай маш тодорхой харуулж чадсан юм.

Энэхүү хүснэгт нь 4 нүднээс бүрдэх бөгөөд хөндлөн тэнхлэг нь яаралтай эсэх, босоо тэнхлэг нь чухал эсэхийг илтгэнэ. Өөрийн хийх ажлуудаа эдгээр дөрвөн нүдэнд хуваарилж үзээд нэг харвал шаардлагагүй ажлуудад овоо цаг дэмий үрдгээ олж харж магадгүй шүү.

МЭДҮҮШТЭЙ: Бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй байхад тань туслах 5 зөвлөмж

Яаралтай хэдий ч чухал биш ажлууд нь стрессдүүлэх нь элбэг. Ихэвчлэн янз бүрийн мэйл, мессэжэнд хариу өгөх, хүмүүстэй уулзахаар төлөвлөх зэрэг нь энэ бүлэгт багтана. Ийм төрлийн ажлууд биднийг байнгын "хариу өгдөг горим"-д шилжүүлдэг бөгөөд эцсийн хугацаа заагаагүй байдаг тул дараа гэж хойшлуулахад хялбар чухал хэдий ч яаралтай биш ажлуудыг мартахад хүргэдэг. Жишээлбэл, лидерүүдийн хувьд стратегийн зорилтууд дээр ажиллах, урт хугацааны төлөвлөгөө гаргах, шинэ мэргэжилтэн бэлдэхэд анхаарах, бренд бий болгох зэрэг энэ ангилалд багтаж болох юм. Эдгээрийг хийхгүй хойшлуулах нь урт хугацаанд ямар их хор хохирлыг авчрах бол?

2. ГҮН ТӨВЛӨРЧ АЖИЛЛАХ ЦАГИЙГ ТУСД НЬ ГАРГА

Алдарт хөрөнгө оруулагчдын нэг Сэм Альтман дижитал технологи нь "бидний сэтгэцийг хямралд хүргэж буй энэ цаг үеийн томоохон асуудал" хэмээн хэлжээ. Үнэхээр ч бид дунджаар өдөрт 150 удаа ухаалаг утсаа шалгадаг бөгөөд энэ нь цэгцтэй болоод бүтээлчээр сэтгэх чадварт нөлөөлдөг аж.

"Deep work" номын зохиолч Кал Ньюпортын үзэж буйгаар энэ бүхнийг тодорхой цагт илүү гүн төвлөрч ажилласнаар шийдэх боломжтой аж. Тэр Пеннсилванийн Их Сургуулийн профессор Адам Грантын арга барил дээр жишээ авч үүнийг тайлбарласан бөгөөд түүнийг бүх хичээлээ намрын улиралд шахаж хавар, зуны улирлыг зөвхөн судалгаанд зориулдаг байсныг онцолжээ.

Хэрвээ таны мэргэжил дээрх шиг нэг дор бүх ажлаа шахах боломжгүй бол гутрах хэрэггүй. Өөр нэгэн гүн төвлөрч ажиллах аргыг Ньюпорт санал болгож буй бөгөөд энэ нь өөрийн тогтсон цагийн төлөвлөгөөтэй болох аж. Жишээ нь, 5:30-д ажлаа дуусгана л гэсэн бол 5:30-аас хойш ямар ч ажил хийхгүй байх. Энэ хэтэрхий чанга сонсогдож байвал арай хөнгөхөн хэлбэр болох 25 минут гүн төвлөрч ажиллаад богино хугацааны завсарлага авах байдлаар явдаг Помодоро техникийг ашиглаад үзээрэй.

МЭДҮҮШТЭЙ: Бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй байхад тань туслах 5 зөвлөмж

3. Уулзалтын өртгийг тооцоолох

Дэлхийн хамгийн алдартай инкубаторуудын нэг "Y Combinator"-ын хамтран үүсгэн байгуулагч Пол Грэм нь ажлын төлөвлөгөөг менежер болон бүтээгчийнх гэж 2 ангилжээ. Хэрвээ та уулзалт, хурал, мэйл дунд эргэлдэж байвал менежер төлөвлөгөөтэй гэсэн үг. Менежерүүд нь ихэвчлэн ажлаа 1 цагийн блокоор төлөвлөдөг буюу тэдний хийж буй ажил нь 1 цаг тутамд өөрчлөгддөг аж. Харин бүтээгч ангилалд хийдэг ажил нь тасралтгүй урт хугацаанд ажиллахыг шаарддаг зохиолч, уран бүтээлч болон программистууд багтдаг.

Энэ хоёр хүмүүсийн хуваарь нь ихэвчлэн уулзалтан дээр огтлолцдог бөгөөд эдгээр уулзалтуудын уршгийг ойлгох нь чухал. Уулзалт хэдий богинохон байлаа ч энэ нь гүн төвлөрч ажиллахад саад болдог. Эсвэл өдөр уулзалт байгаа гэж бодсоор өглөө нь сайтар төвлөрч чадахгүй нь ч бий. Тиймээс хүн бүр "Энэ уулзалт үнэхээр шаардлагатай юу?" хэмээн өөрсдөөсөө асууж байх хэрэгтэй.

Ялангуяа өнөөгийн завгүй, хурдтай хэмнэлтэй энэ нийгэмд байнгын уулзалтууд үр ашгаасаа илүү дэмий зардал болох нь элбэг болсон гэдгийг мартаж болохгүй. Замын түгжрээ, зогсоолын асуудал, цаг хоцролт гээд олон шалтаг тоочиж болно. Тиймээс та уулзалтын материалаа эхэлж хүлээн авч хэвших, эсвэл онлайн уулзалт хийж болдог апп-уудаас ч сонголт хийж болно шүү дээ. Датакомын үүсгэн байгуулагч Д.Энхбат бидэнтэй уулзах үедээ Appear.in-ийг ихэд ашиглаж, цагаа хэмнэдэг тухайгаа ярьж байсныг танд эргэн нэг сануулъя.

МЭДҮҮШТЭЙ: Бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй байхад тань туслах 5 зөвлөмж

4. Бидний нууц хөрөнгө буюу энергиэ зөв зарцуулах

Менежментийн шинээр гарч ирсэн шилдэг арга бол эрч хүчээ зохицуулах юм. Энэ нь цаг хугацаа шиг хязгаартай биш бөгөөд дахин сэлбээд байх боломжтой. Гэвч ихэнх бүтээмжээ нэмэгдүүлэх тухай зөвлөгөөнүүд эрч хүчээ сэлбэх тал дээр онцгой ач холбогдол өгч чаддаггүй.

Энэхүү арга замын тухай тайлбарласан гол бүтээл бол Тони Шварц болон Жим Лоер нарын "Power of Full Engagement". Энэ бол хүмүүсийг сайн ажиллуулахын тулд тэдний бие махбодын, сэтгэл санааны болон оюуны эрч хүчийг байнга сэлбэх шаардлагатайг тайлбарласан ном юм. Үндсэндээ ажилчдаа юун түрүүнд хүн гэдгийг нь ойлгох чухал гэсэн үг. Компаниуд болон менежерүүд фитнесс болон нойрны ач холбогдлыг хамт олондоо таниулж энэ төрлийн бодлогыг явуулснаар ажилчдад бие махбодын эрч хүчээ сэлбэх боломжийг олгож болно. Стресстэй үйл явдлыг хэрхэн зохицуулах талаар зааварчилж сургах нь тэдний сэтгэл санааны эрч хүчийг нэмэгдүүлэх тусална. Үүнээс гадна оюун санааны эрч хүчийг нь ч мартаж болохгүй бөгөөд ажилчиддаа хамгийн чухал ажилдаа анхаарал хандуулан ажиллах цагийг гаргаж өгөхөө мартаж болохгүй. Түүнчлэн хийж буй ажлаа утга учиртайд тооцдог хүмүүс илүү эерэг байхын сацуу тууштай төвлөрч ажиллаж чаддаг тул энэ бүхнийг дээд удирдлагууд нь бий болгох чухал.

МЭДҮҮШТЭЙ: Бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй байхад тань туслах 5 зөвлөмж

5. Хамгийн хүнд ажлыг хамгийн түрүүнд хийх

Хийх зүйлсийн жагсаалтаас хасагдах шинжгүй үргэлж толгойг тань гашилгаастай нэг тийм ажил танд байсан уу? Ийм төрлийн ажлыг өдөр бүр хамгийн түрүүнд нугалах ёстой байдаг аж.

Ингэснээр та томоохон ажлыг дуусгаж урамшихаас гадна тухайн өдрийн турш өндөр бүтээмжтэй ажилладаг байна. Учир нь хамгийн ихээр таныг шаналгаж байсан тэр ажлын ард гарснаар та санаа зовох зүйлгүй болж гадна дараа дараагийн ажлаа илүү эрч хүчтэй гүйцэтгэх юм.

Энэ ажлаа хийж дууссаныхаа дараа л бусад зүйлс рүүгээ анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хэрвээ ямар ажлыг түрүүнд шийдэхээ мэдэхгүй байгаа бол өөрөөсөө "Яг одоо юуг хийвэл би цагаа хамгийн үнэ цэнтэйгээр зарцуулж чадах вэ?" гэж асуугаад үзээрэй.

 
 
Эх сурвалж: unread.today

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр