Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дансандаа 1 сая доллар, 5 настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч хэн бэ

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн ноцтой баримт дэлгэлээ.

Нэгдүгээрт, тэрбээр  “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсэний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх. Тэглээ гээд би зогсохгүй. Цаг нь болохоор АТГ-т шалгагдаж байсан энэ асуудлыг баримттай ил болгоно” гэдгээ мэдэгдлээ.

Эрхэм гишүүний хэлсэн хоёр дахь ноцтой мэдээлэл бол  “Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.доллар авлига авдаг яриа явчихлаа” гэсэн юм.

Шүүгчдийн цалин Монголдоо л “топ” өндөрт тооцогдох байх. Мэдээж, ийм хэмжээний цалинтай, хууль дүрмээ баримталж бусдын хувь заяаг дэнсэлдэг шүүгчдийн хувьд хэн нэгний сарвайсан авлигад алгаа тэнийлгээд байх ухамсар, үйл хөдлөл баймааргүй санагдана.

Мэдээллийн эх сурвалжид хамгийн ойр байгаа хууль тогтоогчийн хувьд энэ бүхэн бол зүгээр нэг хэл нь хальтираад хэлчихсэн үг биш, баримт нотолгоотой, барьж авах эх сурвалжтай байж таарна.

Монгол Улсад хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагч  шүүгчид гэдгийг иргэд дуулсан, мэдсэн.  Тэднийг ийм цалинтай байхыг нь дотроо дэмжиж явдаг нэгэн гэвэл үүнийг тэрлэгч би вээр. Шүүгчид хамгийн багадаа 2,7-3,3 сая төгрөгийн цалин авдаг тухай Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хоёр жилийн өмнө мэдээлж байсан. Энэ хэмжээ одоо лав буураагүй байх. Татвар төлөгчид шүүгч нартаа хамгийн өндөр цалингаа өгөхөөс гадна бүх насаар нь томилдог. Товчхондоо бол байгаагийнхээ хэрээр  тэднийг өөхөнд өнхрүүлж,  өдөнд  хөлбөрүүлж байна. Үүнийхээ хариуд шударга ёс, шударга шийдлийг л тэднээс нэхнэ.

Шүүгч өндөр цалинтай байх  гол шалтгаан нь тэдний хараат бус байдал.  Цалингаас гадна шүүгчид  5 жил ажилласнаас хойш цалин нь жил бүр 2 хувь нэмэгддэг дүрэм журам байдаг тухай сонсож байсан. Ингэж тооцохоор шүүгчдийн цалин Монголдоо л “топ” өндөрт тооцогдох байх. Мэдээж, ийм хэмжээний цалинтай, хууль дүрмээ баримталж бусдын хувь заяаг дэнсэлдэг шүүгчдийн хувьд  хэн нэгний сарвайсан авлигад  алгаа тэнийлгээд байх ухамсар, үйл хөдлөл  баймааргүй санагдана.

Түүнчлэн 2012 оноос Монгол Улсын шүүхийн шинэчлэл хийгдэж байгаа, цалин хөлс нь Монголын нөхцөлд бусадтай жишимгүй өндөр болохоор шүүхийн шударга байдал сайжирсан хэмээн итгэж явдаг. Шүүх засаглал шударга байж л  төр шударга болно.

Гэтэл Монголын шүүх шударга байгаа эсэх нь эргэлзээтэй гэдгийг эрхэм гишүүний хэлсэн дээрхи хоёр баримт дэлгэж байна.    

Дансандаа 1 сая ам.доллар, 5 настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч ажлаасаа гарахдаа миний энэ бол юу ч биш, дарга нарынхад үүнээс их бий гэсэн утгатай үг хэлж байсан гээд бодохоор шүүгчид гэдэг чинь бийлэгжүү хүмүүс юм байна гэж харагдахаар байна. Гэхдээ нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг энэ тодотголыг бүх шүүгч нарт хамаатуулж бас болохгүй.  

Насаараа хурааж хуримтлуулаад шүүгч дансандаа 1 сая ам доллартай болж чадах уу. Хэрэв одоогийн ханшаар тооцвол 1 сая доллар гэдэг 2,4 тэрбум төгрөг гэсэн үг.  Гэтэл үүнээс гадна 5 настай хүүхдийнх нь  дансанд 500 сая төгрөг бас бий. 5 настай хүүхэдтэй хүн гэхээр нас нь намба нь аяндаа төсөөлөгдөнө. Лав 50, 60 настан биш. Тэр бол залуу хүн байж таарах гээд байна. Хэдий завандаа “шударга хөдөлмөрөөрөө” ингэтлээ хөрөнгөжив гэдэг нь анхаарал татах асуудал.

Иргэд шүүхээсээ шударга ёсыг нэхдэг. Шүүхийн тухайд сайн саар хэл амны аль аль нь дуулддаг. Иргэд сайнд нь талархаж,  саар муухайд нь сэтгэлээ гонсойлгодог байж таарна. Шударга шүүх гэсэн  ойлголт төсөөлөл,  итгэл үнэмшлийнхээ  үнэн бодитой бусад иргэд  ийн гонсойдог.

Өнгөрсөн оны сүүлчээр Монголынхоо шүүхийг дэлхийн бусад улстай харьцуулах харах завшаан тохиов. Олон улсын нэгэн аналитик байгууллагын судалгаагаар  Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа 137 орноос 110 дугаарт бичигджээ. Үндсэндээ сүүл мушгисан гэсэн үг.

Хамгийн харамсалтай нь  37 жилийн турш диктатор системээр явсан Зимбабве улсын ард Монголын шүүх бичигдсэн.  Ингэтлээ дор орсон нь манай улсын шүүх засаглалын хараат бус байдал алдагдсаны жишээ гэж олон нийт харж байгаа.  Хараат бус байна гэдэг нь авлига шүүхийн  системд нэвтрэх үүд хаалга болж байна гэсэн үг.  Долларын саятнууд шүүхээс төрөх шалтгаан энэ бус уу. 

 

М.Нэргүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2018-03-19 13:52:35

hen gedgiig gishuun Hyambaatraas asuu ter l medej baigaa gesen shuu dee

Зочин
2018-03-15 15:14:11

Хуулийн*байгуулагын*бүх*албан*хаагч*нарын*олсон*орлогыг*шалгах*хэрэгтэй Шудраг*цөөнх*хэлмэгэх*ёсгүй

Ажлын байр