Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ХОМ-ээ хожимдуулсан болон мэдүүлээгүй албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээх вэ?


АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг нийтэд ил болгоод хоёр хонож байна. Үүнээс тав хоногийн хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй болон хугацаа хожимдуулсан албан тушаалтнуудын нэрийг зарласан. Өөрөөр хэлбэл, нийтийн албанд ажиллаж байгаа хүн хуульд заасан үүргийн дагуу хөрөнгөө мэдүүлэх ёстой юм. Гэвч энэ удаа нэг хүн ор тас мэдүүлээгүй, зургаан хүн хугацаа хожимдуулжээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан ч хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстойгоос 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хөрөнгөө огт мэдүүлээгүй ба тодорхой шалтгаан хэлээгүй байна. Түүнчлэн  АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэдгийг АТГ-аас мэдэгдсэн.

Харин Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ.

Тэгвэл ХОМ-ээ хугацаа хожимдуулсан болон огт мэдүүлээгүй хүмүүст хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх ёстойг хүргэж байна.  ХАСХОМ-ийн зөрчлийн хариуцлагын дагуу Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн дагуу хугацаа хожимдуулсан буюу нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бол сануулах арга хэмжээ авдаг байна. Түүнчлэн удаа дараа хугацаа хожимдуулсан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл, хугацаагаар 30 хувиар бууруулах заалттай.

Харин худал мэдүүлсэн буюу зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна. ХОМ-ээ хугацаа хожимдуулсан болон огт мэдүүлээгүй хүмүүст ямар арга хэмжээ авсан талаар АТГ-аас тодруулахад “СЕХ-ны гишүүн Б.Билэгтэд хариуцлага тооцуулахаар Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын Тамгын газарт хандсан. Хожимдуулсан хүмүүсийн хувьд харьяа байгууллагуудад нь албан бичиг хүргүүлсэн. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэсэн хариултыг өглөө.

 

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр