Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хоёр Ерөнхий сайдаа хорьж, ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгдсэн өдрүүд


Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцээд 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих эсэхийг шүүх шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, үргэлжлүүлэн нэг сар хорихоор болов. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэж байна.

 

Чуулган: Бүх нийтийн амралт амралтын өдөр таарвал ажлын өдөр нөхөн амраана

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Энэ үеэр хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн тухай хуульд ажил амралтын цагтай холбоотой асуудал дээр өөрчлөлт нэг их ороогүй. Өмнөх хуулийн дагуу долоо хоногийн ажлын цаг 40 цагаас илүүгүй байх, ердийн өдрийн ажлын үргэлжлэл 8 цагаас ихгүй байна гэдэг хэвээрээ. Нийтээр амрах амралтын өдөр долоо хоногийн Бямба, Ням гарагт таарч байгаа бол дараагийн ажлын долоо хоногийн эхний ажлын өдөрт шилжүүлэн тооцож байя гэсэн хувилбар яригдаж байна. Үүнийг ажлын хэсэг дээр ярина. Бусад улс орнуудад ийм жишиг байдаг. Манай улсын хувьд дунджаар бүх нийтийн амралтын гурван өдөр л долоо хоногийн Бямба, Ням гарагтай давхацдаг гэсэн тооцоолол гарсан байна" гэв.

 

 

Айлчлал: 4.6 тэрбум ам.долларын 36 гэрээ, хэлцэл байгууллаа

 

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.  Тухайлбал Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцийн төсөлд “Бодь Интернешнл” ХХК, “China State Consruction Engineering” компанитай хамтран ажиллах 450 орчим сая ам.долларын өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурлаа.

ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгдлээ

Үндэсний статистикийн газраас Монгол улсын 2018 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 (12.2%)-өөр, амьд төрсөн хүүхэд 2029 (12.2%)-өөр тус тус нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний улиралд 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9%)- аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7%)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 75 (16.4%)-аар, трихомониазаар өвчлөгчид 155 (12.1%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 72 (4.7%)-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 255 болсон байна.

 

 

Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ

 

 

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон харамсалтай өдөр өнгөрсөн долоо хоногт тохиов. Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.Тэрбээр 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа, 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа. Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.

 

Л.Амина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

хуцаж бгаа юм шүү???
2018-04-16 18:49:18

бүүр ярих юм нь олдохгүй монгол улсын нэр хүнд гээд байгаам? манай нэр төр дууссаан байхгүй болсон биз? солонгос урд,,, бас байхгүй болсон байхаа????

ёо ёо
2018-04-16 18:45:40

2 сайдын балаг

Ажлын байр