Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

268 мянган тонн нүүрсний ЭРЭЛД


-УИХ-ын гишүүн Л.Энхболд танаа-

 

Манай улсын ууган нүүрсний орд Тавантолгой уурхай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд таван жижиг толгойн байршлаар нь ийнхүү "Тавантолгой” хэмээн нэрийдсэн нь өнөөдөр ч нэрээ хадгалсаар иржээ. Тус нутагт нүүрс байгааг нутгийн иргэд эртнээс мэдэж, ахуй амьжиргаандаа хэрэглэдэг байжээ. Улмаар 1960-аад оны үед албан ёсоор нөөцийг нь тогтоож, говийн аймгуудыг нүүрсээр хангахаар шийдвэрлэсэн нь өнөөгийн "Тавантолгой” ХК-ийн түүхэн эхлэл болж өгсөн билээ. Харин өдгөө "Тавантолгой” ХК нь улсдаа тэргүүлэх зэргийн компани болсон бөгөөд нүүрсний экспортоосоо Өмнөговь аймагт 51 хувийн ногдол ашиг, мөн Цогтцэций сумын төсвийн 90 хувийг бүрдүүлдгээс гадна улсын татварт агаарын бохирдлын татвар төлдөг. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 114 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Өмнөговь аймгийнхаа төсөвт 51 хувийн ногдол ашиг буюу  60 орчим тэрбум төгрөгийг шилжүүлэн өгөхөөр төлөвлөөд байна. Компанийн зөв бодлого, төлөвлөгөөний үр дүнд ийнхүү өмнийн говьдоо мянга гаруй хүнийг ажлын байртай, орлоготой байлгасны төлөө төрийн албан тушаалтнууд нь ташаа мэдээлэл ярьж яваа нь зүйд нийцэхгүй. Иймд өмнийн говьд ажиллаад ирсэн  сэтгүүлчдийн баг үнэн бодит байдлыг хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд та бодит байдалтай очиж танилцаагүй, дутуу дулимаг мэдээллээс болж орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшил талбай руу орж, нүүрс олборлож, улсыг хохироосон гэж ярьж буй нь үнэнд нийцэхгүй байгааг  мэргэжилтнүүд ийнхүү тайлбарлаж байна. Энэ талаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатар хэлэхдээ "Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол манай компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг. Хил давж нүүрс олборлосон асуудал нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК  тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Манай хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, акт тогтоол гаргасан. "Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийг бий болохоос өмнө манайд оногдсон талбайгаас 260 мянган тонн нүүрс олборлосныг олж тогтоосон. Нүүрсний чанар харилцан адилгүй учраас мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хэцүү. Энэ асуудлыг эцэслэж "Эрдэнэс–Тавантолгой” ХК болон "Тавантолгой” ХК–ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Нэгэнт акт үйлдэж, хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд нэвтэрч нүүрс олборлох, уурхайн ажил эрхлэх ямар ч боломжгүй. "Эрдэнэс-Тавантолгой” ХК тусгай зөвшөөрлийн хилийн асуудалд онцгой анхааран ажилладаг.  Дээр нь компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дээрх асуудлыг мэргэжлийн бус хүмүүс өнгөц харж "Тавантолгой” ХК нь "Эрдэнэс-Таван толгой” ХК–ийн хил давж нүүрс олборлосон талаар удаа дараа ташаа мэдээлэл цацаж, ажлын талбар дээр өдөр тутмын хяналтаа тавиад ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон компанийн нэр хүндийг санаатайгаар унагаж байгаад харамсаж байна” гэж тайлбар өглөө.

 

Харин "Тавантолгой” ХК-ийн зүгээс тухайн үед үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Р.Зоригтбаатараас тодруулсан юм. Тэрбээр "1966 онд байгуулагдсан энэ уурхай маань тасралтгүй ажиллаж байгаад одоо нүүрсээ олборлож буй 4 дүгээр талбайгаас  Хөтөлийн цемент шохойн үйлдвэр болон III цахилгаан станцыг нүүрсээр хангах зорилготойгоор Чойроор дамжуулан тээвэрлэж эхэлсэн юм. Гэвч зарим нэгэн шалтгааны улмаас 1992 онд нүүрс тээвэрлэлтийг зогсоож, харин 2004 оноос эхлэн Хятад улсад нүүрс экспортлох болсноор энэ 4 дүгээр уурхайг дахин ашиглаж эхэлсэн. 4 дүгээр талбай маань "Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хойд талаараа хиллэдэг. Хоёр компанийн хоорондох тусгай зөвшөөрлийн хананы талаар хүмүүс буруу ойлголттой явдаг. Нүүрсээр хиллэж байгаа учир манай хоёр компанийн хувьд харилцан ярилцах ойлголцох асуудлууд байдаг. Манай компанийн хувьд ашиглалтын 50 гаруй жилийн түүхтэй, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд саяхнаас нүүрсээ олборлож буй шинэ компани. Иймд харилцан ярилцаж ойлголцох зайлшгүй асуудлууд ар араасаа гардаг учир бид 2015 оноос эхлэн ажлын хэсэг гарган, харилцан ярьсаар байгаад 2017 оны 2 дугаар сард "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан.  Энэ дагуу манай хоёр компани хоорондоо ярилцаад хил давж олборлосон нүүрсний асуудал байсныг ярилцаж одоо ямар ч маргаангүй болсон.

 

Мөн нэг буруу ойлголт байдаг нь "Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь төрийн мэдлийнх, 49 хувь нь орон нутгийн өмчийнх. Хэн нэгэн хүний хувийн компани биш. Гэтэл хариуцлагатай албан тушаалтан "Тавантолгой” гэх хувийн компани "Эрдэнэс-Тавантолгой”-н уурхай халдаж, төчнөөн тонн нүүрс хулгайлчихаж, өчнөөн га хөрс хуулчихаж гэнэ гэж ярьж байгаа нь маш өрөөсгөл ойлголт юм. Өөрөө сонссон дутуу дулимаг мэдээллээ нягталж шалгахгүй ард түмэнд буруу мэдээлэл өгч байгаа нь  төрийн түшээ хүний хувьд ёс зүйгүй  үйлдэл болж байгаа юм” хэмээн ярилаа. "Эрдэнэс-Тавантолгой” ХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, нүүрс олборлож эхлэхээс өмнө  тусгай зөвшөөрлийн хилийг нарийвчлан зааглаагүй байсан байдаг. Харин  тус компани нүүрс олборлолт эхэлснээс хойш дундын хананы асуудал гарч ирсэн бөгөөд  тавин жилийн турш нүүрсээ олборлож буй "Тавантолгой” ХК олборлолт газрын гүн рүүгээ нэлээд явсан байсан нь хана үүсэх шалтгаан болсон юм. Гэвч уг асуудалд хоёр компанийн мэргэжлийн хүмүүсийн хамтарсан ажлын хэсэг гарч, нурах эрсдэл үүсээд байсан дундын ханыг буулгаж, аюулгүй болгосон байна.  "Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Б.Алтангэрэлийн тайлбарлаж буйгаар, энэ хана нь нуралт үүсэх эрсдэлтэй байсан учир хоёр компани хоорондоо ярилцаж байгаад хамтарч, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн аж. Түүнээс бус хил давж, хөрс хуулан нүүрс олборлосон асуудал байхгүй гэнэ. Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтын талбай нь дөрвөн талаараа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшил талбайгаар хүрээлэгддэг учир өдөр бүр хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Энэ бүхнийг гэрээгээрээ зохицуулж ажилладаг. Түүнээс бус хэн нэг нь илүү дутуу ашиглах, тэр тусмаа тонн тонноор нь нүүрс гаргах ямар ч боломжгүй болохыг ХАБ-ын инженер Б.Алтангэрэл баталж байна.

 

Цаашид ч хоёр компанийн хооронд хамтарч ажиллах байнгын шаардлага тулгарах бөгөөд энэ нь компаниудын өдөр тутмын үйл ажиллагаа болон хэтийн төлөвлөгөөнд саад болохгүйгээр зохицуулахыг хэн хэн нь чармайж байгаа. Энэхүү 268 мянган тонн нүүрс нь тэр чигээрээ цэвэр коксжсон нүүрс биш бөгөөд уг нүүрсийг гаргахад хоёр компанийн хамтарсан ажлын хэсэг гарч, мэргэжлийн байгууллагын хараа хяналтан дор тухайн үед нь эдийн засгийн тооцоо болон бусад асуудлаа шийдвэрлэсэн байдаг юм. Энэ тухай "Тавантолгой” ХК-ийн ахлах инженер З.Эрдэнэбаяраас тодруулахад "Нүүрс олборлох нь нэлээд нарийн шат дараалсан ажил байдаг. Хүмүүсийн боддог шиг шанагаар ганц хутгаад л сайн чанарын нүүрс ухна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Нүүрсний давхарга өөрөө олон давхаргатай.  Өнгөн хөрс, саажсан нүүрс, исэлдсэн нүүрс гэх мэтчилэн чанарын шаардлага төдийлөн хангахгүй давхаргууд явж байгаад газрын гүн рүү нэлээд ухаж байж сайн чанарын коксжсон нүүрсийг олборлодог. Хэл ам болоод буй 268 мянган тонн нүүрс тэр чигээрээ коксжсон нүүрс байсан уу гэвэл үгүй.  200 мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй нүүрс болохыг тухайн үед хоёр компанийн маркшейдерийн баг гараад дүгнэсэн байдаг.  Тэгэхээр 268 мянган тонн нүүрсийг хулгайгаар олборлосон гэх асуудал нь өрөөсгөл ойлголт. Түүнээс бус нууц гэрээ хийгээд хулгайгаар нүүрс олборлож асуудал огт байхгүй. Манай компани нь бүхий л газраараа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшил талбайгаар хүрээлэгддэг учир нүүрсээ олборлохдоо хөрс хуулалт болон тээвэрлэлтийн бүхий л асуудлыг  байнга ярилцах шаардлагатай болно. Энэ харилцааг л зохицуулсан гэрээ хийгдсэн болохоос бус энд нууцалсан ямар нэгэн асуудал юу ч байхгүй” гэж тайлбарлалаа. Үнэхээр энэ гэрээг хийснээр өмнө нь үүсээд байсан хилийн маргаантай асуудал болон овоолгын зам гаргах, хөрс хуулалт хийх, мөн тээвэрлэлтийн замаа гаргах асуудлаа шийдэж чадсан байна. Тэр ч байтугай энэхүү 268 мянган тонн нүүрсний асуудлаа ч харилцан ярилцаж, аудитын байгууллагаар шалгуулан эдийн засгийн ямар ч маргаангүй хэмээн дүгнүүлж, ойлголцож чадсан байна. Ийнхүү харилцан ойлголцсон асуудлыг дахин дахин сөхөөд байгааг хоёр компанийн хамт олон гайхаж байгаагаа хоёр компанийн хамт олон учирласан юм.  

 

Ерөнхий инженер П.Мөнхтуулын ярьснаар, хоёр компанийн хооронд байгуулсан "Хамтын ажиллагааны гэрээ”-нд нууцалсан болон нүүрс хулгайлсан ямар ч асуудал байхгүй бөгөөд харин ч энэ гэрээгээр хоёр талын ойлголцохгүй олон асуудлыг шийдэж өгчээ.  Тусгай зөвшөөрлийн хилийг нарийвчлан тогтоож өгснөөр, маргаантай байсан асуудлууд шийдэгдсэн харин ч сайшаалтай гэрээ болсон байна. Гэтэл үүнийг хулгай, луйвар мэт харагдуулах гэж хариуцлагагүй үг хэлж байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн юм. 

 


 "Тавантолгой” ХК-ийн хувьд улсад, аймагт, орон нутагт гээд гурван татвар төлдөг компани. Ийм татвар төлдөг компани Монголд тун цөөхөн. Компанийн ашиг орлого болоод ногдол ашгийн талаар Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг ийнхүү ярьсан юм. "Манай компани нь 1966 оноос өнөөдрийг хүртэл нүүрсний олборлолт явуулж буй компани. Харин "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьд 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн.  Мөн нэг зүйлийг анхааруулахад "Эрдэнэс-Тавантолгой” нь манай уурхайг бүх талаараа тойроод байрладаг ашиглалтын том талбайтай.  Өөрөөр хэлбэл, баруун зүүн урд хойд бүхий  л талаараа бүсэлдэг гэсэн үг. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг ажлаа эхлээгүй байхад баруун, зүүн, хойд талаас нь манай компани нүүрс олборлосон тал бий. Гэхдээ энэ нь 2011 онд "Эрдэнэс-Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө гэсэн үг.  Харин ажлаа эхэлснээс хойш хоёр компани албан ёсоор хоёр талаасаа комисс гаргаад тусгай зөвшөөрлийн хилээ шав тавьсан.  Ингээд нийт  268,3 мянган тонн нүүрсний асуудалд хоёр компаниас комисс гарч акт үйлдсэн. Түүнээс бус хэвлэлүүдээр бичээд байгаа шиг  манай компани илтэд дээрэм хийгээд, эсвэл улсыг хохироогоод байгаа юм байхгүй.

 

Тусгай зөвшөөрлийн хилийн асуудал тун нарийн хэмжилттэй байдаг. Манайх өөрийн эзэмшлийн талбайн нүүрсээ олборлохын тулд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талбай руу орж болзошгүй тул энэ бүхнийг зохицуулж, хоёр компани хамтран ажиллах гэрээ хийж байнга хэмжилт хийж хяналттай ажилладаг. Тэгэхээр манай хоёр компанийн хооронд ямар нэгэн үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй. Энэ нь мэргэжлийн бус, эсвэл улстөрийн агуулгаар ийм ташаа мэдээлэл нийгэмд түгээж байгаа нь харамсалтай байна. Ердөө энэ яригдаад байгаа 260 мянган тонн нүүрсний асуудлыг улстөржүүлж, шууд л өнөөдрийн үнэ ханшаар бодоод байгаа нь эцэстээ ийм олон тэрбум төгрөгөөр хохироосон юм шиг нийгэмд хүрч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх хил давсан асуудлаар танилцуулга үйлдсэн байдаг юм.  Манай компани өнгөрсөн жил татварт нийт 184,0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Гэхдээ манайх шиг гурван газар татвар төлдөг байгууллага байдаггүй болов уу.  Цогтцэций сумынхаа төсвийн 90 хувийг бүрдүүлэхээс гадна  аймагтаа 51 хувийн ногдол ашгаа өгдөг. Мөн агаарын бохирдлын татвар гэж 1 тонн нүүрс тутмаас  1000 төгрөгийг улсын татварт өгдөг. Уг нь агаар бохирдож буй газар нь энэ нутаг орон байхад улсын төсөв рүү авчихдаг. Өнгөрсөн жил манай компани агаарын бохирдлын татварт 4.1 тэрбум төгрөг улсад төлсөн. 2017 оны эцсийн байдлаар манай компани 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо удахгүй хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж ногдол ашгаа хуваарилна” гэлээ.

 

Ийнхүү хоёр компанийн холбогдох албан тушаалтнууд үнэнийг өгүүлж, бодит байдлыг баримттайгаар ярьж байна. Тэгэхээр эрхэм гишүүн та эх орныхоо эдийн засагт томоохон дэмжлэг болж байгаа нутгийнхаа компаниар зочлон очиж, үнэн бодит байдалтай өөрийн биеэр танилцахыг хүсч байна.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр