Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Бондын мөнгө завшсан этгээдүүд хуулийн хариуцлагаас мултрах ёсгүй

Бондын мөнгө завшсан этгээдүүд хуулийн хариуцлагаас мултрах ёсгүй Монгол оронд ардчилсан төр засаг оршиж байна гэдэг нь худлаа болж таарлаа. Учир нь тэр төр гэдгийн дотор авлига авдаг ,хээл хахуульд умбасан бүхэл бүтэн арми оршин тогтнож байна. Нэг үгээр хэлбэл Монгол улсад тэрхүү төр гэдэг механизмийг хэрхэн яаж залуурдаж,дотор нь ямар үйлдэл хийж,түүнийг өөртөө яаж ашигтайгаагаар хэрэглэхийг мэддэг ,өөрсдийгөө улс төрчид гэсэн гоёмсог нэрээр халхалсан хэсэг бүлэг гэмт этгээдүүд оршсоор олон арван жилийг үджээ. Уул нь энэхүү бузар булай үйлдлийг аливаа улс оронд хууль хяналтын байгууллагууд таслан зогсоох ёстой байдаг. Харамсалтай нь манай улсад тэр систем ажиллахаа болиод удсан бололтой.

Хууль хяналтын байгууллагууд маань тэдгээр хулгайчуудын эрх ашигт л үйлчилж байх шиг. Монгол улсад “Авлигатай тэмцэх газар” гэдэг сүржин нэртэй байгууллага байдаг ч тэр бүр олигтой сайн ажиллаж чадаж байна уу гэдэг нь ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Ямар ч л байсан олон улсын авлигийн индексээр манай улс улам дээшилснээс бус доошлоогүй гэдгийг бид бүгд тодорхой мэднэ. Авлига гэдэг энэ хорт могой манай улс, эх оронд өдрөөс өдөрт хүчээ авч, цэцэглэн хөгжиж байгааг ард түмэн бид өөрсдийнхөө амьдрал дээрээс харж болно. Харин тэгвэл тэр авлигачдын тавьсан өрийг хэн гэдэг хүмүүс төлөх вэ гэдгийг иргэн та бүхэн хааяа ч гэсэн эргэцүүлж нэг бодож байсан уу гэж иргэн танаас асууя. Харамсалтай нь ингэж бодож байсан хүн манай улсад цөөхөн болов уу гэж айж байна. Төр засаг маань санхүү эдийн засгаа дэмжих зорилгоор гадаад улс орнуудад ихээхэн хэмжээний өр зээл тавьдаг.Гэхдээ тэд үүнийгээ өр зээл гэж нэрлэдэггүй , гадаадын гоё үгээр “бонд” хэмээн нэрлэдэг юм.

Бас болоогүй ээ, тэр өр зээлээ нөгөө их эзэн “ Чингис хааныхаа” нэрээр нэрлэсэн байх шиг . Өөр улсаас орж ирсэн өр зээлэндээ бас нэг сүртэй нэр олж өгөх жишээтэй. Японоос ирсэн зээлээ “Самурай бонд “ гэж нэрлэсэн байдаг. Ухаан нь АНУ аас өр зээл орж ирвэл “Ковбой бонд ”гэж нэрлэх юм байна л даа. За энэ ч яахав асуудлын гол нь тэр гоё нэрэндээ биш. Асуудлын гол нь тэр “сайхан нэртэй”бондын мөнгийг улс төрчид,бизнесмен гэсэн хэдхэн тооны хулгайч луйварчид хэдэн арван тэрбумаар нь идэж уугаад байгаад гол учир нь оршиж байна. Үүний нэг тодорхой жишээ нь сүүлийн үед Монголд өрнөөд буй “Хөгжлийн банкыг” тойрсон шуугиан юм.

Саяхан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг “Чингис”,”Самурай”бондын зарцуулалтын тайланд шалгалт хийжээ. Уг шалгалтаар өмнөх засгийн газрын нөхдүүдийн хийсэн бузар булай ажиллагаа нэгэнт ил тод болсон байна. Хамгийн муухай нь энэ дуулиан шуугианы эзэн нь өмнө нь ЗГ толгойлж байхдаа өчнөөн төчнөөн холион батан хутгаж байсан Н.Алтанхуяг болон олноо “фортуна хэмээн өргөмжлөгдсөн” Н.Батбаяр мэтийн хүмүүс нэр холбогджээ. Энэ “фортуна” гэгдэгч Н.Батбаяр нь Н.Алтанхуягийн ЗГ-т Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаал хашиж явсан хүн. Харин энэ хүн өөрийн туслахын хамт өнөөх алдарт бондын хөрөнгөөр жинхэнэ туйлах шиг болсон бололтой. Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа өөрийн туслах Ж.Мөнхбат гэгчийг Хөгжлийн банкны захирлаар томилон энэхүү холион бантанг хутгасан байна.

Тэдний идсэн уусан мөнгө ганц нэгээр дуусахгүй аж. Ард түмэн асуух эрхтэй байдаг. Гадаадаас орж ирсэн тэр их зээл, бондын мөнгө хаачиваа гэж . Харин тэр асуултын хариулт өнөөх төрийн ордон гэдэг “саарал байшинд” очоод замхран алга болох ёсгүй. Өөрөөр хэлбэл тэр төр засагт суугаа зарим хог шаарнуудаас болоод энэ улсын эдийн засаг болоод ард түмний амьдрал хохирч үлдэх ёсгүй юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээ баримтаас үзэхэд Авлигатай Тэмцэх Газраас Эдийн засгийн хөгжлийн сайд “фортуна” гэгч Н.Батбаяр болон “Хөгжлийн банкны захирал Ж.Мөнхбат нарыг энэхүү асуудалтай холбогдуулан шалгаад эхэлжээ. Мөн тэдэнтэй хамт уг яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Б.Шинэбаатар гэгчийг ч шалгаж байгаа аж. Ийнхүү төсвийн мөнгийг дураараа үрэн таран хийсэн нөхдүүд түрүүчээсээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж, Хөгжлийн банк,Эдийн засгийн хөгжлийн яамны бульхай луйвар олон түмний өмнө ил тод болж эхэлж байх шиг байна.

Өнөөдөр Монголд хаа сайгүй л эдийн засаг хүнд байна, манай улс асар их өр ширэнд орчихлоо хэмээн ярьж байгаа. Харин тэр их өр төлбөрийг хэн барагдуулах вэ гэхээр яах аргагүй ард түмэн л төлөх болж байна. Иймэрхүү л “чөтгөрийн тойрог” өнөөдөр Монгол улсад үүсчихээд байгаа нь ард түмний уур хилэнг үнэхээр хөдөлгөж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ улсад эдүгээ төр засгийн хөрөнгийг зувчуулан идэж ашигласан нь ял завшиж,ямар ч төлбөр барагдуулдаггүй,харин энэ бузар булай юманд ямар ч хамааралгүй ард түмэн нь тэр гэмт хэрэгтнүүдийн учруулсан хохирлыг төлж барагдуулдаг нэг сонин жишиг тогтжээ. Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн тарьсан балаг хэдэн арван жилд ч арилахгүй гэдэг нь ойлгомжтой билээ. Гэхдээ ямар ч байсан “хулгайч шорондоо л сууж байх ёстой” гэдэг шиг төрийн мөнгө үрэн таран хийсэн хулгайч луйварчид ял завшаад өнгөрөх биш, хуулийн өмнө хариуцлагаа хүлээх цаг заавал ирнэ гэж найдаж байна.

Ж.Тэмүүжин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2016-10-15 13:00:31

буудвал таарна

Ажлын байр