Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Т.Баясгалан: Шинжлэх ухааны салбарын ажилтнууд маргаашаас тэмцлээ эхлүүлнэ


Монголын шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан"Тэд энэ сарын 1-нээс хэлэлцэж эхэлсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр талууд асуудлыг судлана гэх нэрийдлээр тодорхойгүй хугацаагаар завсарлага авч, төрийн албан хаагчийн цалинг нэмэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй.

Асуудлыг судлана гэж завсарлага авч байгаа нь өнгөрсөн хугацаанд Засгийн газар ч тэр, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ч тэр асуудлаа судлахгүй явж, худлаа хэлж байсан юм байна, ажлаа ч хийгээгүй юм байна гэж ойлгож байна.

Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зүгээс мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 200 мянга гаруй гишүүнээс татвар авч санхүүжиж яваагийн хувьд үндсэн асуудлыг хурцхан тавих хэрэгтэй. Тиймээс МҮЭХ-ны зүгээс асуудлыг судлана гэхийн оронд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, ажил хаях асуудлаар завсарлага авах байсан гэж үзэж байна. 

Цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Засгийн газрын худал амлалтанд цаашид хууртахгүйгээр, МҮЭХ-ны оролцоогүйгээр тэмцлээ өрнүүлэх бүрэн боломжтой. Учир нь бидэнд хууль эрх зүйн нөхцөл бололцоо бий. Маргаашнаас тэмцлээ эхлүүлнэ" гэв.
 

Тус хорооны зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөх бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Өргөх бичигт:

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр асуудлаа зөв эрэмбэлэхгүй, хамгийн чухал биш асуудлыг нэгдүгээр асуудал болгон авч хэлэлцэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмүүлэх талаар чухалчлан ярьж байна. 190 мянган төрийн албан хаагч үндсэн цалингаа нэмүүлэхийг хүсэж байгаа болохоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөөд өг гэж ЗГ-аас гуйгаагүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ гээд 190 мянган албан хаагчийн цалин олигтой нэмэгдэхгүй. Засгийн газар чухал биш асуудлыг нэгдүгээрт тавьж цалин нэмэх асуудалд ингэж гал унтраах байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс Засгийн газар цаг алдалгүй хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй. Энэхүү асуудлыг цаг алдалгүй шийдэж өгөхийг хүсье гэжээ.  

Ирэх долоо хоногоос хорооныхны тэмцэл суулт хэлбэр руу шилжих юм байна. Тэмцэлд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ, Монголын багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо зэрэг хэд хэдэн байгууллага эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр