Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголчууд Улаанбатарт чуулна


“Өхөөрдөм гоёо”-Дэлхийн Монгол туургатан хүүхэд, багачуудын загварын наадам тун удахгүй буюу тавдугаар сарын 20-нд болох гэж байна. Энэхүү наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгээс Ж.Нямаатай ярилцлаа.
 
–Монгол гаралтнуудыг нэгтгэсэн Монгол туургатны хүүхдийн хувцасны шоу тун удахгүй болох нь. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
 
-Бэлтгэл ерөнхийдөө дажгүй. Маш олон байгууллага аж ахуйн нэгж оролцохоо илэрхийлээд байна. Мөн Буриад Халимаг, Тува, Өвөр Монголчууд маань ирж оролцох гэж байгаа. Наадамд маань бас маш олон хүүхэд оролцохоор бүртгүүлсэн.
 
-Хэд орчим загвар өмсөгч хүүхдүүд оролцох вэ? Загвар өмсөгчид маань бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн.
 
-80 гаруй бяцхан загвар өмсөгчид маань “Мисс энд жентельмэн” төвд бэлтгэлээ хийж байгаа. Маш олон хүүхэд оролцох хүсэлтэй байсан ч бид сүүлдээ бүртгэлээ зогсоохоос өөр аргагүй болсон л доо. Гэхдээ наадам уламжлал болгон зохион байгуулагдах болохоор цаашид бусад хүүхдүүдэд боломж олгох байх аа.
 
Түүнээс гадна энэ наадмаас хүүхдүүд их олон зүйл сурч аваасай гэж хүсч байна. Монгол үндэсний хувцас гэдэг баялаг түүхтэй, өвөрмөц онцлогтой, өн удаан жилийн түүхтэй. Буриад, баяд, торгууд, захчин, дөрвөд гээд ястан болгоны хувцас өвөрмөц онцлог, давтагдашгүй хийцтэйгээс гадна хувцас өөрөө түүх өгүүлж байдаг. Тэгэхээр хувцсаар дамжуулж хүүхдүүдэд түүх соёлоо таниулан мэдүүлэх, үндэсний омогшил бахархлаа дээдлэх давхар хүмүүжлийн ач холбогдолтой. Хүүхдийн хувцсыг үзүүлэнгээ хэддүгээр зуунд хэрхэн яаж хэрэглэж байсан, ямар онцлогтой гэх мэтчилэн тайлбарлан хэлснээрээ түүхээ таниулна. Дээр нь цаг хугацааны уртад монгол хувцас хэрхэн өөрчлөгдөж ирсэн онцлог, давхар тухайн үеийн аж амьдралын талаар ч ойлголт төрүүлэх юм.
 
Наадам маань тавдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод болно. Үндэсний болоод Европ хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, Шилдэг үйлдвэрлэгч, Шилдэг загвар өмсөгч хүүхэд /5-10 болон 10-15 гэсэн хоёр насны ангиллаар/ мөн Шилдгийн шилдэг топ модел Гран при шагналтнуудыг шалгаруулна. Наадамд оролцогч бүх байгууллага, хүүхдүүд, тэдний загвар бүтээгдэхүүний шоу болохоос өмнө ба хойно бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулж, Монгол брэндийг хамтдаа алдаршуулж, өргөжүүлнэ гэсэн чин сэтгэлтэй байгаа. Мөн зохион байгуулагчдын зүгээс амьдралын боломж тааруу хүүхдүүдэд иж бүрэн хувцас бэлэглэх, сурч боловсроход нь туслах гэх мэтчилэн олон төлөвлөсөн ажлууд байгаа.
 
-Гаднаас ямар зочид оролцож байгаа вэ?
 
-Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол гээд манай монгол угсаатнууд олноороо оролцохоо илэрхийлээд байгаа. Тухайлбал Халимаг улсын дизайнер Татьяна Алексеевна гэх мэт хүндэт зочид ирнэ. Ер бүх монгол туургатнуудын соёлын наадам болох зорилготой.
 
Зочдоос гадна аж ахуй нэгж байгууллагуудын хувьд ч мөн маш идэвхтэй оролцож байна. Бид бас бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин сурталчлах давхар зорилготой. Монголчууд өнөөдөр үндэсний болоод Европ ямар ч хувцсыг үнэхээр чадварлаг, өндөр төвшинд үйлдвэрлэж байгаа гэдгийг харуулах болно.
 
-Зөвхөн үндэсний гэлтгүй Европ хувцсаар ч бас оролцож болно гэсэн байх аа?
 
-Тийм ээ. Бид загварын шоуг зохион байгуулахаас гадна гурван өдрийн турш үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг явуулна. Дашрамд Монголын үндэсний хувцас өөрөө баялаг агуулгатай болохоороо орчин үеийн хэв шинжтэй хослуулсан олон янзын гайхамшигтай сайхан загварын хувцаснууд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бас Монгол туургатны гэж онцолж байгаагийн учир нь дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, манай Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува өөр бусад бүх монгол угсаатангууд оролцдог дэлхийн хэмжээний наадам болон өргөжөөсэй гэсэн хүсэл бий. Магадгүй бид өнөөдөр Монголд, дараа, дараагийн удаад Өвөр Монгол, Буриад цаашилбал дэлхийн загварын их орон Италид ч зохион байгуулах боломжтой гэж харж, хүсч тэмүүлж байгаа.
 
Сануулахад Өхөөрдөм гоёо наадмын талаар 99088383, 99088098 утас, ospring.nyamaa@gmail.comхаягаар хандаж болно. Мөн Өхөөрдөм гоёо 1 пэйж хуудаснаас мэдээлэл авч болно шүү.
Эх сурвалж http://www.info.mn
Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголчууд Улаанбатарт чуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр