Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлал УИХ-ын босго давах уу


ТОГТООЛЫН ТӨСӨЛ ДЭХ ГУРВАН БҮЛЭГТ БАГТСАН 37 КОМПАНИ-

Засгийн газраас “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлээд буй. Тогтоолын төслийн агуулга нь үндсэн гурван хэсэгтэй. Үүнд:

НЭГ: УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д эрчим хүчний чиглэлийн 10 компани багтсан байдаг. Эдгээрийг Ц.Даваасүрэн сайдын саналаар уг жагсаалтаас хасахаар болсон. Тиймээс тогтоолын төсөлд хасах саналаар орж буй юм.

ХОЁР: “МИАТ”-ийн 49 хувь, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь, Монгол шуудан 10 хувь, Монголын цахилгаан холбоо 66 хувь, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувиар хувьчлал явуулах санал оруулсан. Үндсэндээ эдгээр долоон компанийн хувьчлал ихээхэн анхаарал татаж байна.

ГУРАВ: Орон нутгийн өмчит 20 АЗЗА компанийг дуудлага худалдааны зарчмаар худалдахаар оруулж ирсэн. Авто зам арчлалтын эдгээр компаниуд төсөв багатай. Дээрээс нь сул зогсолт ихтэй тул хувьчлагдах асуудал нь маргаан дагуулахгүй гэсэн хүлээлттэй байна.

Дээрх гурван бүлэгт нийт 37 компани байгаагаас 27 нь бүрэн болон хэсэгчлэн хувьчлагдах саналаар УИХ-д орж ирсэн. Гэвч өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэх эсэх дээр гишүүд асар шүүмжлэлтэй хандлаа. Гишүүдийн олонхи Засгийн газарт тогтоолын төслийг буцаах, ажлын хэсэг дээр компанийн хувьчлалыг тухайлан ярилцах зэрэг санал дэвшүүлж байв.


ГИШҮҮДИЙН ПОПРОЛ: "ХУВЬЧЛАХ ЁСГҮЙ"

“Гээндээ ч, гоондоо ч бий” гэдэг шиг тал талдаа асуудал байгаа бололтой. Нэг талд манай улс төрчид өмч хувьчлалд асар дургүй. Тэнд хамаг ах дүү, найз нөхдөө томилуулж, тэднээрээ дамжуулан, төрийн өмчийг ашиглаж тогтсон улс. Тиймээс ч айл хотлоороо төрийн өмчит компани түшиглэн амьдарч яваа улсууд хувьчлал ярихаар хамаг байдгаараа л попорсоор ирсэн. Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлал хэдэн жил дамнан гацаж байгаагийн бодит жишээ энэ.

Ядаж байхад манай гишүүд өмч хувьчлалын талаар маш нимгэн мэдлэгтэй. “УИХ-аар хувьчлагдахыг зөвшөөрсөн тохиолдолд хөрөнгийн, бизнесийн, үйл ажиллагааны үнэлгээнүүд хийгдэнэ. Үүнийхээ дараа зарагдах үнийг нь тогтоох юм” гэсэн мэргэжлийн тайлбарыг огт тоохгүй. Материалын хавсралтад ирсэн балансын үнийг нь барьж байгаад, “Төрийн банкийг 75 тэрбумаар хувьчлах ёсгүй” гээд үзчихнэ.

Төрийн банкны бодит үнэлгээ, нийлбэр дүнгээрээ 640 орчим тэрбум төгрөг. Үүнийг дахин үнэлгээгээр тогтооно. Балансын үнэ яаж ч бодсон өсөх нь тодорхой. Дээрээс нь МИАТ-ын хувьчлал. Хан-Уул дүүргийн Нисэх орчмоос сонгогдсон Б.Энх-Амгалан гишүүн л гэхэд энэ асуудлаар яг сайхан бэлдээд өгчихсөн гэлтэй гурван хуудас асуулт дээхнэ нэг чуулган дээр тавьсан. Бүр нэг зорилтот нь илт.

Яг ийм байдлаар УИХ дээр МИАТ, Төрийн банк, Монгол шуудан, Хөрөнгийн биржийг тойрч нэлээн хэрүүл болох бололтой. Жил бүрийн төсөв дээр орлого зоогоод л оруулдаг. Тэгээд уначихдаг. Албан ёсоор тогтоолын төсөл болгоод оруулаад ирэхээр дахиад унагах  нь уу гэсэн нөхцөл байдал ажиглагдаж буй юм.


-ЧУУЛГАН ДЭЭР ТОМООХОН КОМПАНИУДЫН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫГ БУЦААХ УУ-

Нөгөө талд УИХ-ын гишүүд бас чиг авууштай саналууд дэвшүүлж буй юм. Тухайлахад, өмч хувьчлалыг дагаад, ажилгүйдлийн тоо ихсэх асуудлыг бодлогоор хамгаалах, үнэлгээг яг бодьтой хийлгэх, үр ашигтай ажиллаж буй компаниудын асуудлыг эргэж харах зэрэг саналуудыг нэрлэж болно. Л.Энх-Амгалан гишүүн бусад улс орнууд Төрийн банкаа түшиглэн, ЖДҮ-ээ хөгжүүлдэг жишээг сөхлөө.

З.Нарантуяа гишүүн сүүлийн жилүүдэд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахад 23.1 тэрбум төгрөг зарцуулчихаад байхад бодит үр дүн харагдахгүй байгааг шүүмжилсэн юм. Тэрээр Хөрөнгийн биржээ эхлээд цэгцэлж аваад, бусад өмч хувьчлалаа түүгээр дамжуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МИАТ-ын хувьчлалыг буцаах асуудал УИХ-ын даргын түвшинд яригдсан гэх. Басхүү Сангийн яамыг тодорхой саналуудаа татах асуудлаар ч шахалт очсон бололтой. Байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн хэдий ч маргааш, нөгөөдрийн чуулган дээр энэ асуудал ихээхэн маргаан дэгдээж, буцаах горимын санал ч гарч мэдэхээр байгаа юм.


 

Ц.НЯМ-ОСОР: ТӨРИЙН БАНКИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ 

ХУВЬЧЛАХ САНАЛ ОРУУЛСАН

Өмч хувьчлалын асуудлаарх зарим мэдээллийг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын өгсөн тодруулгаас харна уу.

-Өмч хувьчлал явуулах зардлын төсөөлөл нь хэр өндөр гарсан бэ?

-Засгийн газар томоохон компаниудынхаа тодорхой хувийг хувьчлах тооцоо гаргасан. Тодруулбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Арилжаа төлбөр тооцоо компанийг 100 хувь хувьчилна. МИАТ, ХАА-н бирж, Мэдээлэл холбоо сүлжээ Монгол шуудан ХК-ийн 49 хувийг хувьчилна. Хувьчлалын зардал буюу үнэлгээний зардал 700 орчим сая төгрөг байгаа.

-УИХ дахь сөрөг хүчний зүгээс ашигтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ тухайд?

-Өнгөрсөн дөрвөн жил төрийн өмчит компаниудын 70 гаруй хувь ашиггүй ажилласан. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 гаруй хувийг ашигтай ажиллуулж чадсан. Төрийн өмчит компаниудын менежментийг зөв хийвэл ашигтай ажиллаж болно. Удирдаж, зохион байгуулж байгаа хүмүүсээс ашигтай ажиллах эсэх нь шалтгаалж байгаа. Тиймээс тодорхой хэсгийг нь хувьчлаад иргэд олон нийтийн оролцоог бий болгох чиглэлээр хувьчлах санал оруулсан.

-Төрийн банк, Хөрөнгийн бирж хоёр ашигтай ажиллаж байхад хувьчлах шаардлагатай юу?

-Өнгөрсөн жилүүдэд ашиггүй ажиллаж байсан компаниудыг ашигтай ажиллуулаад үнэ цэнийг нь өсгөснийх нь дараа хувьчлах санал оруулж байна. Үнэ цэнэгүй үед нь хувьчилж болдоггүй. Гэхдээ 100 хувь бус 49 хүртэлх хувийг хувьчлах санал оруулсан.

-Энэ компаниудыг хэдээр хувьчилж, хэдий хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцож байна вэ?

-Бид төсөвт орлого төвлөрүүлэх гэж хувьчлаагүй. Өмнөх хувьчлалууд төсөвт орлого бүрдүүлэх зориулалттай байсан. Харин энэ удаагийнх компанийн засаглалыг сайжруулах, иргэд том компаниудын хувьцааг худалдаж авах боломжийг бий болгох зорилготой. Хуульд хувьчлах компаниудын үнэлгээг заана гэсэн. Гэтэл хувьчлах компаниудаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд үнэлдэг. Ингэхдээ хөрөнгө, бизнес, жишиг компаниуд ямар үнэтэй байна гэсэн гурван чиглэлээр үнэлдэг. Үүний дараа тухайн хувьчлах компанийн үнийг тогтоодог. Тогтоосон үнийн зөв, бурууг хөндлөнгийн аудитын байгууллага хянадаг.

Аудитын байгууллага зөв үнэлсэн гэж үзвэл нийт хөрөнгө нь хэдэн ширхэг хувьцаа болох, Хөрөнгийн бирж дээр нэг ширхэг хувьцаа нь хэдэн төгрөгөөр худалдах вэ гэдэг нь гарна. Тэгээд хувьцааны арилжаа Хөрөнгийн бирж дээр иргэдэд нээлттэй явагдана. Тиймээс энд хардах зүйл байхгүй гэдгийг хэлье. Монгол Улс түүхэндээ 20-иод банк хувьчилсан. Гэхдээ анх удаа Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах санал оруулсан. Өмнө нь банкуудыг дуудлага худалдаагаар хэсэг бүлэг хүмүүс л авдаг байсан. Хөрөнгийн бирж ашигтай ажиллаж байна, хувьчлах ёсгүй гэж байна. Засгийн газар дээр ч  ийм асуудал гарсан. Хөрөнгийн биржийн хувьчлалд мэргэжлийн хүмүүс Сангийн яам, Монголбанкны хүмүүсийг үгийг сайн сонсох хэрэгтэй. Хөрөнгийн биржийг цаг тухайд нь хувьчлахгүй бол түүх болж үлдэнэ.

-Цаг хугацаанд нь хувьчлаагүй түүх болж үлдсэн салбар манайд байна гэсэн үг вэ?

-Цахилгаан холбоо компани 1990-ээд онд үнэтэй байсан. Тэр үед нь хувьчилж чадаагүйгээс болоод суурин утасны хэрэглээ унаж байв. Дагаад компанийн үнэ цэнэ унасан. Үүнтэй ижил Хөрөнгийн биржийн үнэ цэнэ ч гэсэн хэсэг хугацааны дараа унах магадлалтайг Сангийн яамнаас тайлбарласан. Ирэх долоо хоногийн АН-ын бүлгийн хуралд Сангийн сайд, Монголбанкны төлөөллийг оролцуулж, мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг өгнө.

-Орон нутгийн авто зам, засвар арчлалтын 20 компанийг хувьчлах болсон үндэслэл ийн тухайд?

-Манайд авто зам ашиглалтын үйлчилгээ эрхлэж байгаа 495 тусгай зөвшөөрөлтэй компани байдгийн 80-90 нь л өдөр тутам идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улсын мэдэлд авто зам засвар арчлалтын 28 компани байсныг наймыг нь хувьчилсан. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд энэ компаниудын техник технологийг шинэчилснээс хойш дахин шинэчлэл хийгээгүй. Тиймээс технологийн хуучралтай, цөөхөн ажилтантай, төрийн захиалгат үйлчилгээ хийдэг, өртэй учраас хувьчилж, хувьд шилжүүлье гэж үзсэн. Хувьчилж авсан газрууд хариуцаж авсан замаа засах хариуцлагыг хүлээх юм.

Ж.МЯДАГБАДАМ
Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр