Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийтийн тээврийн соёлыг бүтээгчид

 

Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар Смарт Карт ХХК  болон Сити баз консалтинг ХХК-ийн шалгагч нарын хамтарсан  Баруун салаа-Зүүн салаа, Тахилт-Орбит, Баруун-Зүүн салаа чиглэлд хийсэн нэгдсэн хяналт шалгалтын үеэр бэлтгэсэн сэтгүүлч Ч.Хулангийн сурвалжлагыг хүргэж байна.


Ургахын улаан нартай уралдан ажилчид цуглав. Улмаар бүгд хувиарт ажлаа хүлээн авч, хийх ёстой зүйлсээ зөвлөлдсөнөөр их хотын иргэдийг соёлжуулах нийтийн тээврийн хяналт шалгалтын ажил эхлэх нь тэр. Хамгийн анхны автобус өглөөний 6:45 минутад тогтмол хөдөлдөг тул бид Халдвартын эцсийн буудлаас шалгагч нараа хувиарт автобусанд нь суулган, “Нийтийн тээврийн үйлчилгээний хяналт” гэсэн хаяг бүхий машиндаа смарт карт цэнэглэгчийг байршуулан хөдөлсөнөөр энэ өдрийн ажил эхэлсэн юм.

Автобусны шалгагчид бүгд зөрчил гаргасан иргэдийн зөрчлийг тэмдэглэж авах үүрэгтэй бөгөөд  смарт картгүй, бэлэн мөнгөөр зорчих гэсэн, бусдын карт ашиглах, эсвэл туулайчлахыг завдсан иргэдийн зөрчлийг илрүүлэн, байх ёстой шаардлагуудыг тухай бүрд нь тавьж байв. Энэ үеэр хүмүүс уурлах нь уурлаж, эсэргүүцэж, гомдол санал ирүүлж, цөөн хэдэн хүн л үг дуугүй тавьсан шаардлагуудыг дагахаар хүлээн зөвшөөрч байсан юм.

Нийтийн тээврийн соёлыг бүтээгчид

Бид цааш хөдлөн Баянхошууны эцсийг зорилоо. Гадаа агаарын хэм нэмэх хорин хувь болтлоо өссөн байсан тул нэлээдгүй давчдаж явав. Энэ удаад Нийслэлийн тээврийн газрын байцаагч нар давхар байлцан автобусны жолооч нарыг шалгав. Ингэхдээ, жолооч бичиг баримтын зөрчилтэй байна уу, иргэдийг мөнгө аван зорчуулсан эсэх, ажлын хувцсаа өмссөн эсэх гээд олон зүйлийг нарийвчлан шалгаж байв. 

Зогсоол дээр автобус ирэхэд хянагч нар иргэдийн зөрчлийг илрүүлж, харин тээврийн газрын байцаагч жолоочийг шалгаж, зөрчил илэрсэн иргэдэд “Улаанбаатар смарт карт”-ынхан мэдээлэл өгч картаар ханган, “Сити баз консалтинг”-ийн шалгагчид смарт картыг нь хурдан шуурхай цэнэглэн өгч байсан нь нэгэн зорилгын дор нэгдсэн баг хамт олон ийм л байдаг байхдаа гэх сэтгэгдлийг төрүүлж байв.

Бид Баянхошууны эцсийн буудлаас гэхэд огт смарт картгүй иргэдэд смарт картыг борлуулан, цэнэглэсэн картын хэмжээ 50 000 хүртэлх мөнгөн дүнд хүрсэн байв. Харин энэ үед хүүхэдтэйгээ яваа нэгэн эмэгтэй таарч, мөнөөх бүсгүй карт авах мөнгөгүй байсан тул шалгагч нарын нэг өөрт байсан илүү картаа бэлэглэн  бас мөнгөн дүнгээр цэнэглүүлж өглөө. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа огт танихгүй нэгэнд харамгүй сэтгэлээр хандаж, тусалсан шалгагчид миний бие өнөөх бүсгүйн өмнөөс ихэд баярлаж суув.

Нийтийн тээврийн соёлыг бүтээгчид

Гадаа нар төөнөхийн сацуу, хүмүүсийн гаргаж буй зөрчил нэмэгдэж, бид ч их ядарцгаав. Энэ их халуунд өдөржин ингэж хяналт шалгалт хийн хүмүүст шаардлага тавьж явах их л хэцүү санагдаж байлаа. Гэвч хүлээсэн үүрэг, хийх ёстой ажил нь тул “Сити баз консалтинг” ХХК-ийн шалгагчид огтхон ч зовуурласан шинжгүй ажил үүргээ гүйцэтгэх нь бахархал төрүүлж байсныг нуух юун.

Буудлаас буудлын хооронд зорчиж, зөрчил илрүүлсээр л уух ус, бие засах газрын хүндрэл үүсэж миний бие ч тавгүйтэж эхэллээ. Баруун салааны эцсийн буудалд ирэхэд цаг аль хэдийнээ үд хэвийсэн байх бөгөөд хүмүүс маань ихэд ядарсан шинжтэй харагдаж байлаа.

Биднээс өөр багт харьяалагдах нэгэн шалгагчийн бие гэнэт муудсан гэх мэдээ ирэв.  Тэр даруйд “Сити баз консалтинг” ХХК-ийн Хүний их эмч Д.Үнэнбат ирж яаралтай тусламжийг үзүүлсэн хэдий ч баг хамт олных нь сэтгэл түгшсээр л.

-“Энэ маягаараа байвал түүнийг гэрт нь хүргэх нь зүйтэй, халуунд унаад өгвөл яах юм бэ?”

-“Ажил гэж явсаар биеэ бодох хэрэгтэй шүү дээ”

-“Хэсэг харзная, эмч арга хэмжээ авсан шүү дээ” гэх мэтээр ярилцаж байхыг нь сонсож суусан би яагаад ч юм ажлын амт гэдэг хүнд ямар их нөлөөлдөг тухай эргэцүүлэн сууж байлаа.

Нийтийн тээврийн соёлыг бүтээгчид

Хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд маш их санал ирүүлж байсан бөгөөд “Та бүгдийн энэ үйл ажиллагаа их зүгээр санагдаж байна. Урьд нь хүмүүс дүрмээрээ үйлчлүүлэхгүй, жолооч нар хүртэл ажлын үүргээ ухамсарладаггүй мэт санагдаж байлаа. Смарт карт цэнэглүүлэх газар алсын буудлуудад төдийлөн байдаггүй. Харин та хэд маань энэ халуунд энэхүү хүндрэлийг шийдэх гээд зүтгэж яваад баяртай байна” гэх иргэдийн зүгээс илэрхийлж байсан талархлын үгийг онцлох нь зүйтэй болов уу.

Үдийн  цайны цаг болж  бид хэсэг хугацаанд амс хийв. Хүмүүсийн элдэв муу муухай араншинтай таарч өглөөнөөс өдөр хүртэл ихэд ядарсан боловч хооллох зуураа элдэв хөгжөөнт явдлуудыг ярьж дулаахан уур амьсгал бүрдүүлэн тэр  дунд нь би ч бас нэгдэн суув. 

“Ажлаасаа та хэд ямар мэдрэмжийг авдаг вэ?” гэж асуухад “Сити баз”-ын Шалгагчид “Хотын иргэдийг соёлжуулж байна гэдэг чинь бид энэ хотынхоо соёлын нэгээхэн хэсгийг бүтээлцэж байна аа гэсэн үг биз дээ” хэмээн инээмсэглэл тодруулан басхүү хийж буй ажлаараа, өөрөөрөө бахархаж байгаа нь тэдний нүднээс анзаарагдана. Энэ их халуун, шороон шуурга, их хэмжээний уур бухимдалтай иргэд гээд тэсэхүйеэ хүнд бэрхийг давах сэтгэлийн хатыг тэд аль хэдийн өөрсдөдөө бат суулгасан байв.

Нийтийн тээврийн соёлыг бүтээгчид

Зүүн салааны эцэст хүрлээ. Бүгчим агаад халуун салхи өмнөөс үлээх аж. Энэ удаад ч бас их хэмжээний зөрчилтэй хүмүүс биднийг угтав. Картандаа мөнгөгүй, цэнэглэх газар байхгүй тул бэлэн мөнгөөр зорчих гэсэн нэгэн эмэгтэйд шаардлага тавьж, тэр эмэгтэй шаардлагыг биелүүлсэн боловч автобус хүлээлгүй яваад өгөх нь тэр. Уурсаж бухимдсан бүсгүй учир зүггүй хараал урсгана. Хэдий энгийн хүмүүс ч гэсэн ажил бол ажил шүү дээ. Энэ мэтчилэн хүндхэн, хүндхэн явдлууд ихээхэн таардаг нь ойлгомжтой байв.

Сэтгүүлч миний хамт явсан хяналт, шалгалтын багийнхан орой гэхэд нийт иргэдтэй холбоотой 70 гаруй зөрчил илрүүлсэн байлаа. Энэ бол маш бага тоо гэнэ. Долоо хоног бүр тодорхой чиглэлүүдэд шалгалт хийдэг тул ойрын өдрүүдэд зөрчлийн тоо ихэд буурч байгаа гэж шалгагч, хяналтын ажилтнуудын зүгээс ярив. Харин Нийслэлийн тээврийн газраас энэ өдөр нийт зөрчилтэй 30 гаруй жолоочид арга хэмжээ авсан гэлээ.

Нийтийн тээврийн соёлыг бүтээгчид

Их хотын иргэдийг соёлжуулах өрнүүн их зорилгыг өмнөө тээсэн шалгач нарын их ажлын ээлжит нэгэн өдөр ийнхүү ард хоцров. Бүтээн байгуулахаар, биет болоод биет бус соёлыг түгээхээр ажиллаж яваа олон, олон хүмүүс энэ хотод бий. Тэдгээрийн нэгээхэн хэсэгтэй хамт нэгэн өдрийг өнгөрүүлснээ товчхон сийрүүлэхэд ийм байна.  
 
Ч.Хуланa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр