Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр 17 настай хүү алга болжээ

 

-ОБЕГ-ААС ХОРИГЛОСОН Ч ГОЛЫН ЭРЭГТ 500 ГАРУЙ ЗАЛУУСЫГ ЦУГЛАХЫГ УРИАЛЖЭЭ-
 

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 11-нд Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан залуучуудын уулзалтын үеэр тус аймгийн Дархан сумын харьяат, 17 настай С гэх залуу сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” "Залуус хөгжлийн эхлэл" summer camp-2 зуны цугларалтын үйл ажиллагааг энэ сарын 11-нд Хэрлэн голын эрэгт зохион байгуулах үеэр тухайн иргэн усанд осолдсон байж болзошгүй байгаа аж.

Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулагчаар Хэнтий аймгийн ЗДТГ, Баянмөнх сумын ЗДТГ, Хэнтий аймгийн Оюутан залуучуудын холбоо хамтран ажиллажээ. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дарга Б.Энх-Эрдэнэ, Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэл тэргүүтэй хүмүүс тус арга хэмжээнд оролцсон байж болзошгүй байна.

Тэд 18 сум, дөрвөн багийн 500 гаруй залууг үерийн хэмжээнд хүрсэн Хэрлэн голын эрэгт гурав хоног цуглуулах гэж төлөвлөхдөө цаг агаарын аюултай нөхцөл байдлын эрсдэлийг тооцоолоогүй бололтой. Хэрлэн голын усны түвшин эрс нэмэгдсэнийг ОБЕГ, УЦУОШГ-аас удаа дараа хэвлэл мэдэлээллийн хэрэгслээр ард иргэдэд анхааруулсаар байсан.

Тодруулбал, наймдугаар сарын 9-ний өдөр ОБЕГ болон УЦУОШГ-аас дараах СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээжээ. Түүнд “Наймдугаар сарын 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Мөн Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол, Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын усны түвшин нэмэгдсэн тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна” гэжээ.

Гэвч ус цаг уурын хэцүү сэрэмжлүүлгийн “нөлөө” бус залуучуудыг дөрөв хоног цуглуулж, тэдний дуу хоолойг сонсох “нөлөө” хэнд хэрэгтэй байв гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Товчхондоо Хэнтий аймагт зарлагдсан нөхөн сонгуулийн хүрээнд залуучуудыг идэвхжүүлэх зорилготой байсан уу гэж хардаж болох юм. Онцгой байдлын газраас гол мөрнийг зорихгүй байхыг анхааруулж хориглосон үед зохион байгуулсан арга хэмжээ нэг залуу амь насаа алдахад хүргэсэн үү гэх хардлага төрж буй юм.

Дээрх цуглааны зорилгыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бодлого үйл ажиллагааг залуучуудад сурталчлах, тэдний дуу хоолойг сонсож, үзэл бодлыг нэгтгэн тухайн чиглэсэн ажилд хамтарч ажиллах залуучуудын төлөөллүүдийг бий болгож, мөн хөгжил, оролцоог анхаарч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” гэх ганц өгүүлбэрт багтаажээ. Мөн тэд Хэнтий аймгийн 18 сум, дөрвөн тосгоноос тус бүр 20 залууг, Хэрлэн сумын зургаан багаас тус бүр 10 залууг төлөөлөл болгон заавал оролцуулахыг шаардсан байна.

Ямартай ч хагас мянган залуусыг нэг дор цуглуулах гол шалтгаан болсон “Залуус хөгжлийн эхлэл” summer camp-2 зуны цугларалтын талаар холбогдох эх сурвалжуудаас дараах мэдээллийг авлаа.

-АЛГА БОЛСОН ЗАЛУУ ГОЛ УСНААС БОЛГООМЖЛОХ ТУХАЙ САНАМЖИД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭВ-

Бид тухайн үед ямар арга хэмжээ зохион байгуулагдсан, юу болсон талаар сурвалжлахаар хамгийн түрүүнд Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэлтэй холбогдсон юм. Тэрээр “Манай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Залуус хөгжлийн эхлэл” залуучуудын цугларалтын эхний ээлжийн үйл ажиллагааг өнгөрсөн жил Баян-Овоо суманд зохион байгуулсан. Энэ жил манай суманд зохион байгуулахаар төлөвлөгдсөний дагуу наймдугаар сарын 11-нд эхэлсэн. Уулзалт арга хэмжээнд ирсэн хүмүүст бид “Гол усны аюулаас болгоомжил”, “Хогоо ингэж хая” зэрэг санамж бичиг тарааж, хүн бүрээр гарын үсэг зуруулсан.

Тухайн алга болсон хүүхэд ч гарын үсгээ зурсан байдаг. Энэ үеэр цагдаа нар хамгаалалтад гарч, голын эргээс хол байхыг анхааруулах арга хэмжээ авч ажилласан. Гэтэл тухайн хүүхэд халууцсанаасаа болоод усанд орохоор явсан юм билээ. Усанд алга болсон гэж үзэж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Арга хэмжээний нээлт болоод дөнгөж эхэлж байтал хүүхэд алга болсныг мэдэж, цааш үргэлжлүүлэлгүй тараасан. Тухайн өдөртөө Онцгой байдлын газраас эрэн хайх нэг баг ирсэн. Өчигдөр \2018.08.12\ дахин нэг баг, сумаас арван мотоцикльтой 18 залуу, ар гэрийнхэн нийлсэн хүмүүсийн эрэл хайгуулын ажиллагаа үргэлжилж байна.  Алга болсон залуу энэ жил 12-р ангиа төгсөөд байсан. Гэр бүлийн хүмүүс нь бидэнтэй хамт эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа. Тэдэнтэй холбож өгөх боломжгүй” гэлээ.

-СЭЛЭХ ГЭЖ ОРООД, ГАРЧ ИРЭЭГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

Үүний дараа хүн алга болсон тухай дуудлага хэзээ ирсэн, эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ГХУХ байцаагч хошууч П.Батхуягаас тодруулав. Тэрээр хэлэхдээ “Хүн алга болсон тухай дуудлага наймдугаар сарын 12-ны өдрийн 17:45 цагт манай байгууллагад ирсэн. Энэ тухай дуудлагыг Баянмөнх сумын ЗДТГ-аас бидэнд ирүүлсэн. Баянмөнх сумаас хойшоо 3.5 км зайд Хэрлэн голд Дархан сумын харьяат, 17 настай эрэгтэй С гол орж байгаад осолдлоо гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу эхний ээлжид найман хүний бүрэлдэхүүнтэй баг нэг автомашинтайгаар гарч ажилласан.

Дараагийн найман хүний бүрэлдэхүүн наймдугаар сарын 12-ны өдөр очиж ажиллаж байна. Одоогийн байдлаар Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч н.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, Эрэн хайх салбарын дарга н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг 35 км газарт эрлийн үйл ажиллагаа явуулсан.

Нийт долоон машин, есөн мотоцикль, гурван моторт завь, хоёр дрон ашиглан 47 хүн эрэн хайх ажиллагаа хийж байна. Тухайн иргэн сэлэх гэж ороод эргэж гарч ирээгүй гэсэн мэдээлэлтэй бий. Үүнээс нарийн ширийнийг Цагдаагийн байгууллагаас тодруул” гэв.

Үүний дагуу бид Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллага руу хоёр ч удаа утас цохиход “Наймдугаар сарын 11-ний өдөр ямар хүн жижүүрт гарч, хэрэг бүртгэснийг мэдэхгүй юм. Одоо эрлийн ажиллагаанд манай байгууллагаас ямар хүн оролцон, хариуцаж байгааг тодруулаад хариу мэдээлэл өгье” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

-ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ БОЛОН “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР”-ЫН УДИРДЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ЭРС ТАТГАЛЗАВ-

Хэнтий аймгийн ЗДТГ-аас “Манай аймгийн Засаг дарга Н.Ганбямба нээлтэд очоогүй. Нээлт болсны дараа очиж үйл ажиллагаатай танилцсан. Явсны дараа удалгүй хүн алга болсон гэх дуудлагын дагуу дахин очсон. Одоогийн байдлаар ОБГ-ын эрэл хайгуулын  албаныхан ажиллаж байна. Засаг даргатай яриулах боломжгүй” гэв.

Түүнчлэн энэ үйл явдлын хамгийн гол зохион байгуулагч болох Хэнтий аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Тодруулбал, бид тус газрын нарийн бичгийн даргатай утсаар холбогдоход “Надад ямар ч мэдээлэл байхгүй байна. Өөр хүнээс асуу” гэх хариулт өгөв. Үүний дагуу тус газрын дарга Б.Энх-Эрдэнэтэй холбогдоход асуултад хариулахаас татгалзаж, утсаа салгасан юм.

“Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар”-ын Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Алтаншагай хэлэхдээ “Албан ёсны мэдээллийг хууль хяналтын байгууллага олж тогтоосны дараа өгөх боломжтой. Одоогийн байдлаар бидэнд тодорхой мэдээлэл алга. Энэ цуглаан ямар нэг улс төрийн зорилготой байгаагүй. Хоёр хоног үргэлжлээд тарах төлөвлөгөөтэй байсан” гэв.

Хэнтий аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар”-аас "ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛ" SUMMER CAMP-2 залуучуудын цуглааны талаар өөрийн цахим хуудастаа дараах зарыг тараажээ.

Түүнд “2017 оны наймдугаар сарын 11-нээс 13-ны хооронд Баян-Овоо суманд "Залуус хөгжлийн эхлэл" залуучуудын зуны цугларалт болж, тухайн үед зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үр дүнд аймгийн залуучуудын “Дэд хөтөлбөр” боловсруулан ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн зуны цугларалт 2018 оны наймдугаар сарын 11-нээс 13-ны хооронд Баянмөнх суманд зохион байгуулагдах бөгөөд 18 сум, дөрвөн тосгоны нийт 500 залуус чуулж, "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуулийн хүрээнд байгуулагдсан Сумдын залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, гишүүдийг чадваржуулах, мөн "Цаг ирлээ" гурван сарын аяны нээлтийг зохион байгуулах, залуусын сүлд дууны клипны зураг авалт хийх зэрэг томоохон үйл ажиллагаанууд төлөвлөгдсөн байна. Залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна” гэжээ.

Дээр дурдсанчлан цуглааныг наймдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд зохион байгуулна хэмээн цахим хуудсаар зарласан ч цаасан дээр баталсан тамга тэмдэгтэй албан ёсны хөтөлбөрөөр наймдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн байжээ. Дарга нар нь наймдугаар сарын 11-нд ирж нээлт хийхээс өмнө залуучууд урьд өмнө нь хэдийнэ цугларсан байсан гэсэн үг.

П.УРНАА

hentii baynmonkh

hentii baynmonkh

hentii baynmonkhhentii baynmonkh

hentii baynmonkhhentii baynmonkh

hentii baynmonkh
 

Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochin
2018-08-20 00:16:55

dendvv ih shou zohion baiguulag shvv. bayanmunhiin udirdlgaguud

Ажлын байр