Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Оюунбилэг: Хүмүүс багш нарын цалинг 30 хувиар нэмчихсэн гэж буруу ойлгоод байна

 


Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 87-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Оюунбилэгтэй багш нарын ажил хаялтын талаар ярилцлаа.

Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаясан бэ?
Нийслэлийн хэмжээний 112 ерөнхий боловсролын сургуулиас 86 сургууль, 192 цэцэрлэгээс 89 цэцэрлэг, Шинжлэх ухааны академийн 12 хүрээлэнгээс 12 хүрээлэн ажил хаяна гэдгээ албан ёсоор сургууль цэцэрлэг,шинжлэх ухааны академи салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулж бидэнд мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар нийт 28 сургууль ажил хаялтад оролцлоо. Өнөөдрөөс энэ тоо нэмэгдэнэ. Сургуулиуд ажил хаялтад нэмэгдэн ирэх баасан гариг гэхэд нийслэлийн хэмжээнд бүх сургууль ажил хаялтад нь хамрагдах нь тодорхой болсон. Ажил хаялтад нэгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн тоо цөөрч байгаа нь шат шатны байгууллагын удирдлагын дарамтаас боллоо.

-Засгийн газар наймдугаар сарын 22-нд төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан, Олон нийт цалинг нь нэмчихээд байхад ажил хаялт зарлаж байгаа нь буруу гэх байр суурьтай байх шиг?

-Хүмүүс багш нарын цалинг 30 хувиар нэмчихсэн гэж буруу ойлгоод байгаа. Үнэхээр 30 хувиар нэмэгдчихсэн байсан бол бид нар багш хүнийхээ хувьд улс эх орон, ирээдүйгээ бодоод энэ асуудалд арай өөрөөр, хүлээлцтэй хандах байсан. Гэтэл өнөөдөр багш нарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Тодруулбал, цалин хөлсийг нэмэхдээ, эрүүл мэндийн салбарт 8-30, Соёл урлагийн салбарт 8-27, боловсрол, шинжлэх ухааны салбарт 8-12,3 гэж ялгаатай гаргасан нь ийнхүү ажил хаялт хийхэд хүргэлээ.

-Багш нарын цалинг 8-12,3 хувиар нэмэхээр нэг багшийн цалин дээр ойролцоогоор хэдэн төгрөг нэмэгдэж байгаа вэ?

-ЕБС-д хамгийн олон жил ажилласан 608 мянган төгрөгийн цалин авдаг багшийн цалин найман хувиар нэмэгдэхээр ойролцоогоор 48 мянган төгрөг нэмэгдэж байгаа. Үүнээс суутгал нь суутгагдаад 38 мянган төгрөгөөр л нэмэгдэж байгаа. Харин 608 мянган төгрөгийн цалин авдаг цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар нэмэгдэхээр ойролцоогоор 75 мянган төгрөг нэмэгдэж байна лээ. Үүнээс суутгал нь суутгагдаад 59 мянган төгрөгөөр л нэмэгдэж байгаа. харин хамгийн бага цалин авдаг буюу 530 мянган төгрөгийн цалин авдаг дунд ангийн багшийн цалин 33 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байгаа. Гэтэл гадуур цалин 30 хувиар нэмэгдлээ гэх мэдээлэл тархаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдэж байна. Ийм байхад, 30-60 мянган төгрөгийн нэмэгдэл багш нарын амьдралд нэмэр болно гэхэд хэцүү шүү дээ.

-"МҮЭХ ажил хаялтад турхирч байна. Ард нь улс төрийн хүчин байна" гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан байна. Энэ талаар?

-Тийм мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Энэ ажил хаялт бол төрийн үйлчилгээний албан хаагчдын туйлийн бага цалингаа нэмэгдүүлэхийн төлөө, эрхийнхээ хүрээнд зохион байгуулж байгаа тэмцэл гэдгийг албан ёсоор хэлье. Мэдээж үүний ард хүүхдий сурч боловсрох эрх яригдана. Үүнийг багш нар маань маш сайн ойлгож байгаа хэдий ч багшийн хөдөлмөрийн үнэлэмж сургалтын чанартай холбоотой гэдгийг хамтад нь ойлгохыг ард иргэдээсээ хүсье. Ар гэртээ санаа зовж байгаа багш шавийнхаа төлөө бүхий л зүтгэлээ гаргахад хүндрэлтэй шүү дээ. 

-Таны хувьд яг ямар зөвшилцөлд хүрч чадвал ажил хаялтаа зогсоох вэ?

-Багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмж байгааг эхний ээлжинд 15 хувь болгох. Мөн төсөвт тусгагдсан 56.4 тэрбум төгрөгөөс урамшуулал хэлбэрээр олгох 300 мянган төгрөгийг яаралтай олгох, цалинг 2019 онд багтаан одоогийнхоос 50 хувиар нэмэх шаардлага тавьж байгаа.

Т.Гэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр