Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шаардлага хангаагүй цайны газруудыг шат дараатай хаана

 


Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй ресторан, кафе, цайны газар бий…

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газруудыг хаахаар болсон тухай мэдээ долдугаар сард анх цацагдаж, нэг хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Олон ч хүн уурлаж бухимдсан байх. Аргагүй л дээ, өчнөөн хөрөнгө зарцуулан байж нэг газрыг тохижуулж аваад үйл ажиллагаа явуулж байтал өнөөхийг нь хаах тухай яригдаад эхлэхээр сандралгүй яахав.

Гэхдээ цайны газруудыг хааж, цуцлах мэдээлэл гарсны дараахан наадам залгаж, үргэлжлүүлээд их амралтын үе эхэлсэн болохоор өнөөх дуулиан тэгсгээд мартагдсан юм. Энэ асуудал ямар шатандаа яваа, хаах болсон үндэслэл юу байсан талаар эргэн сурвалжиллаа.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 60 ГАРУЙ ГАЗАРТ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Өдгөө нийслэл хотод орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй ресторан, кафе, цайны газар байна. Ялангуяа хөл хөдөлгөөн ихтэй гол замын дагуух байрнуудын тухайд хэд алхаад л энэ чиглэлийн газартай таарах болно. Байршил сайтай газарт бол хүний хөл тасарна гэж үгүй. Ялангуяа хичээл сургууль эхэлж буй энэ өдрүүдэд цайны газраар үйлчлүүлэх хүний тоо эрс нэмэгджээ. Гэхдээ хэвлэлд бичсэн шиг 800 газрыг бүгдийг нь хаачихгүй.

Харин стандарт шаардлага хангаагүй, аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй газруудыг шат дараатай хаах болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эхний ээлжинд 60 гаруй цайны газар “хар жагсаалт”-д орсон байна. Цайны газруудыг цэгцлэх яриа гарах болсон үндэс нь иргэдээс ирсэн гомдол. “Орон гэртээ тав тухтай байх боломж алга. Байнга хоол үнэртээд хэцүү байна”, “Дуу чимээ их гаргадаг болохоор амарч чадахгүй байна” гэж иргэд гомдоллодог аж.

Тиймээс мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй цайны газруудад шалгалт хийн, стандарт шаардлага хангаагүйг нь хаах саналаа нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. “Манай байгууллагын зүгээс дуу чимээ ихтэй, газ хэрэглэдэг, агааржуулалт байхгүй, утаа хиншүү их гаргадаг газруудад анхаарлаа хандуулж, үе шаттай арга хэмжээ авч байна. Харин нийтэд нь хаах асуудал байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэгээд ч байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргадаг газар нь зөвхөн манайх биш, ОБЕГ, Захирагчийн ажлын алба нийлж байгаад хаах эсэхийг шийддэг” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ахлах Т.Оюунбилэг ярив. Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулахад тавигдах хэд хэдэн стандартыг ихэнх байгууллага зөрчдөг аж. Тухайлбал, 40 децибелээс их дуу чимээ гаргахгүй байх, эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу агааржуулагчаа суурилуулах, орон сууцны үндсэн хийцийг өөрчлөхгүй байх, хоёроос дээш давхар бүхий барилгад хийн баллон байрлуулахгүй байх.

Цайны газруудыг цэгцлэх яриа гарах болсон үндэс нь иргэдээс ирсэн гомдол.

Стандартаа байнга зөрчдөг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахуйц байгаа тохиолдолд хаахаас өөр аргагүй.

“Хуушуур хийж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ хуушуур хийхгүй бол бидний орлого эрс багасна. Яахаа мэдэхгүй л сууж байна” гэв.

Мөн хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагын зааврын дагуу хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн газруудыг хаах тухай яригдаж байгаа аж.

“ХЭРЭВ ХААХ БАЙСАН ЮМ БОЛ АНХНААСАА ЯАХ ГЭЖ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ЮМ БЭ”

Цайны газруудыг хаах асуудалд энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй иргэд тун эмзэг хандаж буйгаа ний нуугүй илэрхийлж байлаа. Тухайлбал, тавдугаар сургуулийн ойролцоо цайны газар ажиллуулдаг Г.Энхбаатар энэ шийдвэр амьдралд хэрэгжихгүй гэж үзэж буйгаа хэлэв. Тэрбээр “Хэрэв хаах байсан юм бол анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгсөн юм бэ. Бид энэ газрыг засаж тохижуулахын тулд багагүй хөрөнгө гаргасан.

Манайх энд үйл ажиллагаа явуулаад есөн жил болж байна. 20 гаруй сая төгрөгөөр тохижуулсан. Хэрэв хаачихвал энэ цайны газартай холбоотой олон хүний амьдрал хэцүүднэ. Манайх бол хуушуур хийдэггүй. Дээд талын айл гомдол гаргаснаас хойш больсон. Харин пирожки хийдэг. Хуушуурыг бодвол утаа бараг гардаггүй юм. Биднийг цайны газар ажиллуулаад өчнөөн их ашиг олоод байна гэдэг. Гэтэл бодит байдал дээр хэцүү шүү дээ. Зуны гурван сард бол хэцүүхэн л байлаа.

Одоо л арай дээрдэж байна. Бид өглөөнөөс авахуулаад харанхуй шөнө хүртэл ажиллаж байж хэдэн цаас олдог” гэсэн юм. Тус байранд 5-6 цайны газар зэрэгцэн ажиллаж байна. Байрныхаа гадаа нарлаж суусан 60 гаруй насны эмэгтэй “Бид чинь өөрсдийн гэрт амьдарч буй хэрнээ цонхоо онгойлгох ч эрхгүй байдаг улс. Байнга хоол үнэртээд байхаар хэцүү юм. Холбогдох байгууллагад нь гомдол гаргасан. Эхнээсээ хуушуур хийж, утаа гаргахаа больж байгаа” гэв.

Харин 10-р хороололд цайны газар ажиллуулдаг 30 эргэм насны залуу “Манайд мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл ирсэн. Хамгийн гол нь хуушуур хийж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ хуушуур хийхгүй бол бидний орлого эрс багасна. яахаа мэдэхгүй л сууж байна. Манайх энэ газрыг түрээслэдэг юм. Эзэн нь 30 гаруй сая төгрөгөөр тохижуулсан гэсэн. Хэрэв хаачихвал олон хүний амьдрал хэцүүдэх байх” хэмээн ярилаа.

ХИЙН БАЛЛОНЫГ ЗУУХНЫ ДЭРГЭД БАЙРЛУУЛСАН БАЙЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цагдаагийн байгууллага болон Захирагчийн ажлын албатай хамтран 14 хоног тутам шалгалт хийж байгаа аж. Шалгалтын үеэр багагүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, хийн баллоныг халуун зуухны дэргэд байрлуулсан ноцтой зөрчил ч илэрчээ. “Иргэд дэндүү хэнэггүй байна. Хэрэв хийн баллон дэлбэрвэл тухайн барилга нурах эрсдэл ч үүсч мэднэ. Тиймээс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Мэдээж иргэд цайны газар ажиллуулахын тулд багагүй мөнгө зарцуулсан байж таарна.

Тиймээс бүгдийг шууд хаана гэхгүй байгаа шүү дээ. Бүх л үйлчилгээ стандарт, норм журамтай. Үүнийг хангах нь аж ахуйн нэгжийн үүрэг. Стандартаа байнга зөрчдөг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахуйц байгаа тохиолдолд хаахаас өөр аргагүй” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах мэргэжилтэн Т.Оюунбилэг учирласан юм. Ийнхүү нэг талаас стандарт мөрдүүлэх гэсэн мэргэжлийн хяналтынхан, нөгөө талаас өөрийн жижиг бизнесээ хамгаалж үлдэх гэсэн иргэдийн дунд үүссэн энэ асуудал цаашдаа томорч мэднэ. Гэхдээ тогтсон стандарт журмаа мөрдөж байгаа газруудад хаагдах эрсдэл нүүрлэхгүй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгоход илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2018-09-19 08:11:10

Zow! Shagaikhad l oi gutmaar gazruud denduu olshirson.

Ажлын байр