Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”

 
Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгд бүртгэгдээд удаж буй. Тиймдээ ч нийслэлийн иргэд, бодлого боловсруулагчдын хувьд агаарын бохирдол нь хамгийн ихээр санаа зовоосон, анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байсаар байна. Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар төсөөлдөг ч үнэндээ жилийн дөрвөн улиралд та бидний эрүүл мэндийг хохироож байгаа.

Монгол Улсын автозамын хөдөлгөөнд оролцож байгаа нийт авто тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, удаан эдлэгдсэн хуучин машин байдаг. Тэдгээр тээврийн хэрэгслийн дийлэнх нь Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцдог бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс Ажилласан хий буюу нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хөө, тугалганы нэгдлүүд мөн альдегид зэрэг 270 гаруй хорт бодисууд ялгардаг.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл хотын замын хөдөлгөөн эрчимжиж, түгжрэл нэмэгдэхийн хэрээр агаарт хортой нэгдлүүд ихээр ялгарч хүрээлэн буй орчин, хүний бие организмд  сөрөг нөлөө үзүүлнэ. Автомашинаас ялгарах хий бидний амьсгалах орчинд нөлөөлж, агаарын бохирдлын 20%-ийг үүсгэдэг гэсэн судалгаа ч байна.

Мөн автомашинаас ялгарах агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдаж, тунадаг тул бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой ажээ. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий хэмээн Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ийн зөвлөмж бий.

Том оврын машин бензин их ашигладаг учраас шаталт их үүсгэж, түүгээрээ СО2 илүү ихээр ялгаруулна. Жилд дунджаар 110 мянган  орчим том оврын тээврийн хэрэгсэл нийслэл хотоор зорчдог бөгөөд тэдгээр тээврийн хэрэгслээс 2.655.375 тонн СО2 ялгардаг байна. Энэ ялгаралтыг бууруулсанаар нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна байгаль орчинд ээлтэй ажил болно.

Тиймээс бид том оврын ачааны автомашины хөдөлгөөнтэй холбоотой дараах өөрчлөлтүүдийг хийх шаардлага тулгараад байна. Үүнд:
  • Сунаж тогтсон бүтэцтэй тул хотын 2 захад ачаа тээврийн терминал яаралтай зохион байгуулах, бэлэн байдалд байгаа дэд бүтцийг ашиглалтанд оруулах
  • Орон нутгийн ачаа тээврийн машинуудыг хотын төврүү оруулахгүйгээр хотын захын терминалуудад зогсоож, бараа хангамжийг хийгээд буцаан гаргах
  • Логистикийн төвүүдийг дэмжиж, тээвэр логистикийг давхардалгүй оновчтой болгоход туслах
  • Нэвтрэх чадвар муу байгаа, төмөр замтай огтлолцсон хэсгүүдийг нүхэн гарц, гүүрээр шийдэх
 

П.Нарандэлгэр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр