Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БЗД-ийн удирдлагууд асуудлыг шийдэхгүй байгаагийн улмаас 10-аад айлд бохир дунд амьдарч байна


БЗД-ийн дөрөвдүгээр хорооны Цэргийн хотхоны 10-аад айл өтгөн дунд амьдарч байна. Тэд үерийн улмаас өөрсдийн гэртээ ч амьдарч чадахгүй, тэр бүү хэл хашаанаасаа гарч чадахгүй байгаа тул хүүхдийнхээ вакцинийг ч хийлгэж чадахгүй байгаа аж. Үүний улмаас хүүхдүүдийнх нь хөл гараар тууралт гарч эхэлжээ. Энэ асуудалд дүүргийн удирдлагууд нь огт анхаардаггүй, мөнгө гаргаж чадахгүй, эсвэл нүү гэсэн хариу өгчээ. Тиймээс арга буюу хэвлэлийнхэнд хандсан байна. 

Үерийн ус шууд урсч орсноос айлуудын бохир урсаж, тэр хэсгийн 10 гаруй айл нэлэнхүүдээ ус, бохирт автсан байдалтай сар гаруйн хугацааг өнгөрөөж байна. Гэвч дүүргийн удирдлагуудын зүгээс тусламж, туслалцаа үзүүлэх нь битгий хэл анхаарал ч хандуулдаггүй учир хүнд нөхцөлд байгаа айлууд өөрсдөө мөнгө нийлүүлж, шуудуу ухуулан, хашаагаараа дамжсан хоолой хийлгэснээр усыг гадагш урсгаж чаджээ. Гэтэл энэ жил нэг айлын дороос булаг ундарч эхэлсэнээс болж нөхцөл байдал бүр ч хүнд байдалд орсон байна. Мөн хогний машин хог ачихаар ирэхдээ шигдэж орсон тул машиныг гаргахдаа замыг нь сүйтгэж орхижээ. Үүний улмаас одоо машин ч явах боломжгүй болоод байна. 

Ингээд энэ хавьдаа хамгийн онц ноцтой айлын тоонд ороод байгаа Л.Пүрэвсүрэн гуайгийнд очлоо. Өмссөн гутал шаварт шигдэж алхахад туйлын бэрх, үнэр танар ч гэж авах юмгүй болжээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэсэг газарт нэг ч ариутгал хийгдээгүй байна. 
 

Л.Пүрэвсүрэн гуайнх хашаандаа 15 жил амьдарсан. Саяхан шинэ байшин барьж төвхнөсөн ч үерийн улмаас байшин нь тэр чигээрээ усанд автаж, жорлон нь усаар дүүрсэн байна. Тиймээс арга буюу хашаандаа гэр барьж орсон аж. Гэтэл үерийн ус хашааг нэлэнхүйд нь хамарсан тул гэр нь хүртэл норж, бохирдсон хөрс шороо гэрийн бүрээс туурганд нэвчиж, бохирын үнэр салахаа байжээ. Ийм нөхцөлд ариутгал, халдваргүйжүүлэлт огт хийгдээгүйн улмаас охиных нь гар хөл, биеэр тууралт өгч эхэлсэн байна. ХӨСҮТ-д очиход түрхэх тос, уух эм бичиж өгөн, яаралтай ариутгал хийхгүй бол өвчлөх магадлал маш өндөр байгааг сануулжээ. 

Л.Пүрэвсүрэн гуай байшин дах бохироо соруулахаар онцгойгийнхонд хандсан байна. Онцгойгийнхон бохирыг соруулахаар ирсэн боловч хашаа руу нь машин орох боломжгүйгээр лаг шавар үүссэн аж. Тэрбээр “Байшингийн доторх усыг л шавхаад, ариутгал хийчихвэл дотор нь байгаа тавилга зэрэг ч дүүрсэн хэрэг болжээ” гэлээ. 

Тэднийх энэ хавьдаа хамгийн онц ноцтой байдалд байгаа айлын тоонд ороод байгаа ч бусад айлууд ч гэсэн өтгөн дунд, хэцүү нөхцөлд амьдарч байгаагаа учирлалаа. 

БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн Л.Ундрах "Үерийн улмаас бохир орж ирсэн.  Гэвч нэг ч удаа ариутгал хийгдээгүй байгаа. Бид сар гаруй ийм байдалтай байна. Хүүхэд минь өвчин тусахгүй гэх баталгаагүй байна. Дээрээс нь хогны машин хог ачих гэж ирээд цөмрөөд орчихсон. Үүнийг гаргах гэж гудамж сүйтгээд хаячихсан. Одоо машин ч явах боломжгүй болсон. Манай энэ хавь худаггүй учраас айлууд ихэвчлэн машинаар холоос ус зөөдөг. Гэтэл одоо машин явах боломжгүй болчихоор бид усаа ч авч чадахгүй хүнд нөхцөлд амьдарч байна. Хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хэлээд ч нэмэр алга. Сүүлдээ бүр ядаргаатай хэл амтай хүүхэн гэж төвөгшөөж байна. Бид ч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна" гэв. 

БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн Ж.Уранчимэг "Манайх үерийн ам хааж буугаагүй. Манай хажуугаар үерийн суваг гараад ус нь урсах ёстой байтал тэр хэсгийг айлууд таглаад буучихсан байгаа юм. Ингэснээр ус урагшаа урсахгүй, тунаж үлдээд хамгийн нам дор хэсгийн айлууд руу тэр их үерийн ус орж ирээд байна. Манай нойл усаар дүүрч байшин руу хүртэл орсноор бид амьдрах боломжгүй болж айлын хашаа байшинд ам бүл тавуулаа толгой хоргодож байна. Сүүлийн хоёр жил ийм байдалтай байсан. Анх 2014 онд газрын албанд хандаж, үерийн аман дээр айл буугаад газрыг нь шороо асгаж тэгшлээд байна. Үерийн ус нь манай хашаа руу ороод байгаа тухай хэлсэн. Гэтэл энэ айлуудад 2015 онд өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаад өгчихсөн байсан. Дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, дүүргийн засаг даргын орлогч, онцгой байдалд хандсан. Онцгойгийн дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй болсон байна. Энэ нь өөрсдийн буруу биш, бусдын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх дүгнэлт гаргаж өгсөн. Тэгээд халамж үйлчилгээний хэлтэст хандаж нэг удаагийн тэтгэмж олгох өргөдөл өгөх хэрэгтэй гээд, өргөдөл өгсөн ч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ жил дахиад материалаа өгсөн. Дээрээс нь манай байшингийн доороос энэ жил булаг ундраад гараад ирсэн. Байшингийн дөрвөн талаар ус гарч урсч байгаа. Хэзээ нураад унахыг мэдэхгүй байна" гэлээ. 

БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн М.Саранчимэг "Энэ хороонд амьдраад 20 жил болж байна. Үер ус болохоор хойноосоо ус байнга орж ирдэг. Манайх гэрт амьдардаг. Гэрийн дунд бүс хүртэл усанд автсан. Өөрийнхөө хашааны хаалгаар орж гарч чадахгүй, зунжин нүүдлийн байдалтай амьдарсан. 10-аад айл зуу, зуун мянган төгрөг нийлүүлж, шуудуу татаж, хоолой дамнуулан тавьж усыг гадагш урсгасан байгаа. Тэгэхгүй бол бид бохир усан дунд живэх эрсдэлд амьдарч байсан. Бид өөрсдийн хүчээр чадах арга хэмжээгээ авчихаад байхад хороо, дүүргээс ямар ч арга хэмжээ авахгүй байна. БЗД ер нь ард иргэдийнхээ төлөө юу ч хийдэггүй. Бид шаардлага тавиад очихоор “Та нар тэгвэл нүү” гэдэг. Бид энэ газар дээрээ 10, 20 жил амьдарч байна. Тийм л юм бол анхнаасаа ийм байна гэдгийг нь тооцоод газар олгохгүй байх хэрэгтэй шүү дээ. БЗД ард иргэдээ харж үзэхийг хүсч байна. Иргэд ийм нөхцөл байдалд амьдарч байна гэдэг 21 дүгээр зуунд байх ёсгүй дүр зураг мэт боловч бодит амьдрал дээр байсаар байна. Төр засаг нь иргэдээ тоодоггүй, шат шатны байгууллагууд нь хариуцсан ажлаа хийдэггүй. Ийм л нийгэмд хамгийн их хохирч байгаа нь иргэд болоод байна" гэв.

БЗД-ийн дөрөвдүгээр хороо нь хоёр иргэдийн төлөөлөлтэй. БЗД-ийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргаар ажилладаг Б.Наранчулуун руу залгахад тэрбээр утсаа авдаггүй. Харин иргэд нь  “Тэр хүн сонгогчдоос авсан итгэлийг нь дааж, бидний төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй. Залгахаар утсаа авдаггүй" гэсэн юм.

Харин Иргэдийн хурлын бас нэг төлөөлөгч болох Ж.Энхбаатар нь энэ асуудалд анхаарлаа хандуулж, одоог хүртэл ажиллаж, холбогдох газарт нь хандаж яваа хэмээн иргэд хэлсэн юм. Тиймээс энэ асуудлаар Ж.Энхбаатартай холбогдож үүссэн нөхцөл байдлын талаар тодруулав. 

 -Үерт автсан айлуудын нөхцөл байдал хэр байна. Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-БЗД-ийн дөрөвдүгээр хороонд өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхэлж булаг ундарч эхэлсэн. Үер нэг удаадаа урсаад өнгөрдөг бол булаг байнга урсч байгаа болохоор асуудал үүсээд байгаа юм. Иргэд манай хашаа руу л орохгүй бол бусад нь хамаагүй мэт хааж боосноор иргэдийн дунд нилээд зөрчил үүссэн. Тиймээс нөхцөл байдлыг шийдэх үүднээс Дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, БЗД-ийн дөрөвдүгээр хороог хариуцсан газрын албаны ажилтан Б.Уянга, Онцгой байдлын хэлтсийг дуудан газар дээр нь ажилласан байгаа. Хамгийн түрүүлж санхүүжилтээ шийдэж шуудуу ухаж усыг цааш нь урсгах хэрэгтэй. Мөн бохирын ус урсч орсон айлуудад ариутгалын үйлчилгээг маш яаралтай хийж, ариутгалын дараа хайрга асгуулж, зам талбайг нь тэгшилж өгөх хэрэгтэй гэх шийдэлд хүрсэн. Үүний дагуу БЗД-ийн Засаг даргын орлогч Баясахд албан бичиг хүргүүлж, очиж уулзсан юм. Иргэд өөрсдөө хөрөнгө гарган дөрвөн айлыг дамнуулан усыг урсгах арга хэмжээ авчихаад байж байна.

-Нэг айлын байшин бүхлээрээ бохир усаар дүүрч гамшгийн байдалтай байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

-Тус хорооны 398 тоот айл Г.Пүрэвсүрэнгийн байшинд орсон усыг яаралтай соруулах шаардлагатай. Тэгэхгүй бол өвөл болоод хөлдвөл байшин хагарч цуурах эрсдэл байна. Түр гэр бариад амьдарч байгаа ч гэр нь хүртэл бохир усанд нэвчсэн байдалтай байгаа. Мөн халдваргүйжүүлэлт ариутгал хийгээгүйн улмаас охиных нь биеэр юм туурч эмнэлэгт хандсан байдалтай байна. Бусад иргэдэд ч нөлөөлөх вий гэхээс их санаа зовж байна. Халдварт өвчин тархах нөхцөл бүрдчихээд байна.

-Айлууд машинаараа ажил, сургууль, бусад ажлаа амжуулах ямар ч боломжгүй болсон байна. Үүнийг яаралтай шийдвэрлэх арга зам юу байна?

-Хогний машин хог ачиж яваад энэ айлуудын гудманд цөмөрч орж шаварт суусан. Маргааш нь бас нэг хогний машин татах гэж ирээд бас суучихсан. Тэгээд гаргахын тулд том экскэ оруулж, тэр хавийн газрыг ухуулж, машинаа гаргаж авсан ч тус газар нь борооны усанд намаг үүсгээд жижиг, том ямар ч машин явах боломжгүй болсон. Нийтлэг үйлчилгээний хэлтсээс хайрга асгуулах юм бол бид түрээд, дэвсээд өгч болно гэсэн хариу өгсөн. Дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахтай урьдчилан цаг аван уулзахад нөөцийн хөрөнгөнөөс ямар нэг мөнгө гаргах боломжгүй, эсвэл энэ айлуудыг хүчээр нүүлгэ гэх хариу өгсөн. Мэдээж энэ айлууд газраа эзэмшихээр, өмчлөхөөр авчихсан. Байшин барьчихсан айлууд нүүх ямарч боломжгүй шүү дээ. Хэрвээ нүүлгэхдээ тулах юм бол энэ газар дээр нь гэрчилгээ гаргаж өгсөн хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлыг шийдүүлэхээр дахин, дахин шаардлага хүргүүлээд явж байна.

-Дүүрэг хөдлөхгүй бол нийслэл рүү хандах хэрэгтэй шүү дээ?

-Тийм. Үүний дагуу Нийслэлийн захирагчийн албатай ч бас уулзсан. Тэд хэлэхдээ БЗД өөрсдөө асуудлаа шийдэхгүй Нийслэлрүү явуулаад байна. БЗД-ийн хувьд Дарь эх, Монелийн замд үүссэн нөхцөл байдлыг Нийслэлийн захирагчийн алба өөрсдийн нөөц бололцоогоор шийдсэн учир дахин хөрөнгө гаргах боломжгүй. СБД, Чингэлтэй дүүргүүд өөрсдийн нөөц хөрөнгөөр БЗД-т үүссэн нөхцөл шиг үер устай холбоотой асуудлыг ингэж шийдсэн байна гээд дүүргийн тайланг танилцуулсан. Харин манай дүүрэгт энэ асуудал шийдэгдсэн зүйл нэг ч байхгүй. Дүүргийн удирдлагууд ажлаа хийхгүй, иргэдээ бодсон ажилд хойрго хандаж байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг ойлгож байгаа ч иргэд үүнийг цааш урсгадаг болгочихлоо. Тиймээс одоо иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь дүүргийн засаг даргын үүрэг шүү дээ. Энэ үүргээ биелүүлж ажиллаач гэх шаардлагыг хүргүүлсээр байна. Ийнхүү ажлаа хийдэггүй, ширээний араас босох дургүй даргатай БЗД-т энэ мэт асуудал байнга үүсэх болсон. Гэвч эрх мэдэлтэй албан тушаалтан нь иргэдээ үл хайхран албан тушаалын төлөө явах үзэгдэл энэ дүүрэгт жишиг болон тогтчихоод байгаа нь харамсалтай.

 

Энэ асуудлаар манай сайт БЗД-ийн удирдлагуудаас тайлбар авч, эргэн мэдээлэх болно. 

Х.Соёл-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр