Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.МӨНХБОЛОР: Цахим картын систем нэвтэрснээр нийслэлийн төсвөөс жилдээ 20 гаруй тэрбум төгрөгийг хэмнэдэг болсон


Улаанбаатар Смарт Карт ХХК-ий ТУЗ-ийн дарга Б.Мөнхболортай ярилцлаа.

-Сүүлийн үед нийтийн тээвэрт орлого бүрдүүлэлттэй холбоотой зарим нэг шүүмжлэл дагуулах болсон. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Зарим нэг улс төрчдийн хувьд смарт картын талаар буруу ташаа ойлголттой явж байх шиг байна. Нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг систем шилжсэнээр далд байгаа орлогыг ил болгох, хяналтын системийг сайжруулахад маш том дэвшил болсон. Хамгийн гол нь санхүүгийн хувьд том давуу талыг бий болгож чадсан юм. Өнөөдөр нийтийн тээврийн салбарт санхүүгийн хувьд 3 төрлийн багцаар орлогоо бүрдүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, шугамын орлого буюу иргэд автобусанд суухдаа төлдөг мөнгө. Төлбөрийн ухаалаг систем хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд автобусанд мөнгөө төлөөд тухайн төлсөн мөнгийг аж ахуйн нэгж тоолоод өөрсдөө тоолсон дүнгээ амаар хэлж тайлан, тооцоогоо гаргадаг байлаа. Харин цахим системээр дамжуулаад төлбөрийг нэг бүрчлэн тоолох боломжтой болсон. Тодруулбал 2015 оны долдугаар сарын 22-нд энэ төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш шугамын орлогыг өсч, өмнөх жилүүдтэй харьцуулахад 4-8 тэрбум төгрөгийн орлогын өсөлтийг бий болгосон гэсэн судалгаа гарсан.

Хоёрдугаарт, нөхөн олговор буюу хууль тогтоомжид заасны  дагуу нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаагийн алба хаагч,  хүндэт донор  зэрэг  хүмүүсийн зорчилтонд зориулж, төрөөс  буюу төсвөөс  олгодог мөнгө. Цахим систем хэрэгжиж эхлэхээс өмнө төсөвлөсөн хэмжээгээр буюу нийт ахмадын тоогоор тооцож төрөөс мөнгө олгодог байсан. Харин ухаалаг системд шилжснээр ахмадын тоог яг бодитоор тоолдог болсон.  Тухайлбал өмнө нь буюу 2013 онд 53,2 тэрбум,  2014 онд 59,3 тэрбум,  2015 онд 53 тэрбум төгрөг тус тус олгосон байдаг. 2016 оноос эхлээд цахим картаар зорчилтыг нэг бүрчлэн тоолдог болж, энэ мөнгөн хэмжээнд хэмнэлт гарч  2016 онд 36,1 тэрбум, 2017 онд 30,5 тэрбум, 2018 онд 34 тэрбум төгрөг болсон байна.  

Өөрөөр хэлбэл систем нэвтэрч эхлэхээс өмнө 59,60 тэрбум  байсан бол систем нэвтэрсний дараа 30 тэрбумаар буюу  2 дахин буураад жилдээ 23-28 тэрбум төгрөгийг төсвөөс хэмнэсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан. 

Гуравдугаарт, зардлын санхүүжилт гэсэн ойлголт байгаа. Энэ тал дээр иргэдийн дунд буруу ойлголт өгөөд байгаа тал бий. Учир нь зардлын санхүүжилт тал дээр  НИТХ-ын зарим төлөөлөгч нар санаатай бөгөөд санамсаргүй байдлаар гүтгэх шинж чанартай буруу ойлголт мэдээллийг олон нийтэд өгч байна. Энэ зардлын санхүүжилт гэдэг нь үндсэндээ манай компанитай бол шууд хамааралгүй ойлголт. Учир нь манай төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө автобус компаниуд шугаманд явсан орлогоо дээр хэлсэнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хөнгөлөлттэй зорчигчдын зардлаа аваад болдог байсан. Аж ахуйн нэгжүүд орлогын төлөө хөөцөлдөж хүн авахын тулд булаацалддаг байсан. Автобусны буудал дээр уралддаг, шахцалддаг гэсэн асуудлууд их гардаг байсан. 

Манайх цахим систем хэрэгжүүлж эхэлснээр зорчигчдыг нэг бүрчлэн тоолж, автобусуудыг хэдэн цаг ажилласан гэдгийг бодитой хянадаг болсон учраас энэ салбарт дараа дараагийн шатны хөгжүүлэлт  хийх боломжтой болсон.

Нийтийн тээврийн салбарын зардлын санхүүжилт буюу нийслэлийн төсвөөс жил болгон гардаг зардлыг НИТХ-аас батлан олгодог гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж, хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан байдаг. Тодруулбал, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.

Уг тогтоолын  хүрээнд  аж ахуйн нэгжүүд олсон орлогоо бүрэн авдаг тогтолцоог өөрчлөн  хотын зах, хотын төв,  олон хүнтэй газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаагаас үл хамааран яг адилхан хэмжээний санхүүжилт авахаар /ажилсан цагаар/ тооцож аж ахуйн нэгжүүдэд зардлыг нь олгож байхаар шийдвэр гарсан.

Энэ шийдвэртээ уялдаад аж ахуйн нэгжүүд шугаман орлогоо нэгдсэн журмаар авдаг боловч нөхөн орлогоо авах, цаана нь дахиад бусад тээврийн хэрэгслийн ашиглалтын, засварын зардалд хүрэхгүй зөрүү мөнгийг нь нийслэлийн төсвөөс гаргаж өгөх шаардлагатай болсон. Харин энэ зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж олгох шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой буюу өмнө нь олсноо авдаг байсан тогтолцоог зардлаар нь санхүүжүүлдэг болсноос шалтгаалаад төсвөөс мөнгө гардаг болсон гэсэн үг. Харин энэ шийдвэр нь Улаанбаатар Смарт компанитай ямар ч хамааралгүй бөгөөд зардлын санхүүжилтийг бид хариуцдаггүй юм.

Бидний зүгээс аж ахуйн нэгжүүдийн автобусны ажилласан гүйцэтгэл цагийг ухаалаг систем ашиглан гаргадаг болсноор төсөвт маш том ил тод байдал, хэмнэлтийг авчирч чадсан. Эсрэгээрээ энэ бүхний талаар зөв ойлголт, мэдээлэлгүй манай үйл ажиллагааны талаар буруу ташаа ойлголт гаргаж, буруу мэдээлэл гаргаж байгаад бидний зүгээс харамсаж байна.

Цахим картын системд шилжснээр иргэд дамжин суух  боломжтой болсон. Нийт зорчигчдын хэдэн хувь нь энэ хөнгөлөлтөнд хамрагдаж байна вэ?

Цахим төлбөрийн системийн иргэдэд олгож байгаа нэг боломж бол дамжин суух хөнгөлөлт юм. Өдөр тутамд зорчигчдын 80 орчим хувь нь энэ хөнгөлөлтийг эдэлж зорчдог. Дамжин суухад тодорхой хэдэн нөхцөл байдаг.  Ер нь дамжин суух хөнгөлөлтийг өдөрт 4 цагийн зайтай, хэдэн ч удаа сууж болно. Мэдэж энэ тал дээр нэлээдгүй үнийн дүн яригдана. Харин энэ дамжин суулттай холбоотой бүх зардлыг нийслэл өөрөөсөө гаргана гэж заасан байдаг. Нийслэлээс хөнгөлөлттэй картны санхүүжилтэнд зориулж сардаа 200 сая төгрөгийн төсвийг иргэддээ зориулж байна гэсэн тооцоо гарсан.

Тиймээс нийслэлээс ийм хэмжээний хөнгөлөлтийг үзүүлчихээд эргээд Улаанбаатар смарт карт компани буюу энэ цахим картын систем буруутай гэж байгаа нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Зарим төрийн албан хаагчид нийтийн тээврийн салбарыг сайн мэдэхгүй, сайн мэдээлэлтэй байхгүй байж  иргэдэд буруу мэдээлэл өгч байгаад харамсаж байна. Удаа дараа гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд гарч байна. Цаашид хуулийн байгууллагаар шалгуулах хүртэл арга хэмжээг авах болно. 

Нөгөө талаас нийтийн тээврийн салбарт хийсэн аудит, санхүүгийн шалгалт хийсэн мэргэжлийн байгууллагуудын  дүгнэлтийг олон нийтэд  ил болгох хэрэгтэй байна. Цаашлаад нийслэлийн тээврийн газар бусад үйлчилгээ явуулж байгаа, хяналт тавьж байгаа байгууллагууд харилцан уядаа холбоотой ажиллах нь чухал байна.

Б.МӨНХБОЛОР: Цахим картын систем нэвтэрснээр нийслэлийн төсвөөс жилдээ 20 гаруй тэрбум төгрөгийг хэмнэдэг болсон Arslan.mn

Танай компанид төрийн байгууллагаас хяналт хэрхэн тавьж ажилладаг вэ?

"Улаанбаатар смарт карт" компаний 24 хувийг Улаанбаатар хот эзэмшдэг бөгөөд энэ хувиараа хяналтаа тогтоодог. "Тиймээс Улаанбаатар смарт" карт компаний ТУЗ-ын төлөөлөлд нийслэлээс хоёр төлөөлөл буюу нийслэлийн Тээврийн газрын дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нар багтдаг. Эрх хэмжээнийхээ хүрээнд  компаний дотоод бүх мэдээ, мэдээллийг авч байдаг.

100 хувь картын системд шилжсэнээс хойш өдөр тутам картаар үйлчлүүлсэн хүмүүсийн төвлөрсөн орлогыг шилэн дансан дээр аж ахуйн нэгжээр нь, тухайн өдрийн явсан цагаар нь бодоод нийслэлийн Тээврийн газраар хянуулсаны үндсэн дээр  аж ахуйн нэгжүүдэд явсан цагаар нь хуваарилдаг байгаа. Түүнчлэн сар болгоны 5-нд үнэгүй зорчигч, хөнгөлттэй зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан зэрэг хөнгөлттэй зорчигчдын нийт тоон мэдээг чиглэл тус  бүрээр нь нийслэлийн Тээврийн газраар батлуулан нийслэлийн төрийн санд өгдөг. Нийслэлийн төрийн сангаас ажлын гүйцэтгэлийг хянаж нийслэлийн Тээврийн газарт өгдөг. Харин тээврийн газар манайхаас өгсөн мэдээллийн дагуу аж ахуйн нэгжүүдэд хуваарилалт хийх зарчмаар явдаг.

 
 
Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр