Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цэнхэр машин бид гуравтай мянга мянган хүний сэтгэл зүрх хамт аялсан

Одоогоос таван сарын өмнө өөрсдийн жижигхээн цэнхэр машинаараа дэлхийг тойрон аялахаар нэгэн хос аян замдаа гарсан. Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар Евразийн 41 улс орноор нийт 46 мянган км замыг машинаараа, 1000 км замыг усан онгоцоор туулан нийт 5 сар 10 хоног  аялаад эх орондоо ирлээ.

Тэд 2004 онд үйлдвэрлэгдсэн “Ауди А4” маркийн машинаар аяллаа хийсэн бөгөөд “Сүүлийн 1000 км замыг туулах хамгийн хэцүү байлаа. Хэдий яарч байсан ч хамаагүй давхиж, хурд хэтрүүлж болохгүй шүү гэж өөрийгөө хянаж байлаа. Аяллын хугацаанд маш их зураг авч бичлэг хийсэн, үнийгээ боловсруулж хүмүүст хүргэх том ажил үлдлээ” гэсээр эх орондоо ирсэн. Холын хүнээс үг сонс гэдэг. Залуу насандаа мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэж, амьдралын түүхээ амттайгаар бичиж яваа хостой багахан хугацаанд ярилцлаа. Энэхүү ярилцлага нэг ч гэсэн залуу хүнд мөрөөдлийнхөө төлөө шийдвэр гаргаж, алхам хийх урам зориг өгвөл бидний ярилцсаны хэрэг гарах билээ.


 

 

-Юуны өмнө дэлхийн 41 орноор машинаараа аялаад ирсэнд баяр хүргэе. Монгол Улсынхаа хамгийн баруун хилээр гарч явахаар төлөвлөсөн боловч гурван удаа бүтээгүй учир буцаж нийслэлдээ ирээд хойд хилээр гарч явсан. Аялал эхлэх үеэс л иймэрхүү саад бэрхшээл тулгарч байсан ч зорилгодоо хүрээд, аяллаа амжилттай дуусгаж чадсанд бахархаж байна...

Ш.Түвшинжаргал: -Маш их баярлалаа. Бид хоёр Австрали улсын Сидней хотод арван  сар орчим ажиллангаа хэлний бэлтгэлээ хийж байгаад өнгөрсөн оны 12 дугаар сард Монголдоо буцаж ирсэн. Аяллаа дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч бага зэрэг саатаж тавдугаар сарын 24-нөөс  эхэлсэн. Шенгений орнуудын визний хугацаа эхэлчихсэн байхад бид аялалдаа гарсан. Баян-Өлгий рүү 1800км орчим яваад Улаан-Байшинт боомтоор амжилттай гарсан ч  Оросын тал биднийг оруулалгүй буцаасан. Шалтгаан нь манай улсаас зөв жолооны хүрдтэй жижиг машинуудыг олноор нь Казахстан руу аваачиж зардаг учраас бид хоёрыг  машинаа зарж магадгүй гэж тайлбарласан. Тэндээсээ буцаад Завханы Арц-Суурийн боомтоор хоёр удаа гарахыг завдсан боловч мөн л буцаагдсан. Шинэ паспорт дээрээ гурван удаа буцаагдсан тамга даруулчихаад Улаанбаатартаа буцаж ирсэн. Хамгийн гол нь машиныхаа өнгийг өөрчилсөн учраас асуудал үүсээд байсан. Тиймээс энэ машиныг олон жил унасан, ямар ч тохиолдолд зарахгүй зэргээ батлах бичиг баримт бүрдүүлээд Алтан-Булагийн боомт руу явсан, харин тэнд ямар ч бичиг баримт шалгахгүйгээр шууд л гаргаад явуулсан. Алтанбулагийн боомт дээр очиход гэрээс гарснаас хойш яг 5000 км явсан байсан. Ингээд бид хоёр Монголынхоо хилээр гарах гэж бараг гувран долоо хоног 5000 км явсан.

Д.Амарзаяа: -Хэдийгээр баруун хилээр гарч чадаагүй ч баруун аймгуудаар явж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж, маш олон сайн найзуудтай болсон. Тийм болохоор баруун хилээр гарч чадаагүй дээ гэж огт харамсдаггүй. Бидний хувьд баруун аймгуудаа үзэж амжаагүй байсан болохоор маш сонирхолтой аялал байсан.

-Хамгийн анх гурван сарын хугацаанд 35 улсаар нийт 35 мянган км аялахаар төлөвлөөд явсан боловч 41 улс болсон. Замдаа төлөвлөгөө хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

Д.Амарзаяа: -35 улс, 35 мянган км зам туулан гурван сарын хугацаанд аялна гэж тооцоо хийсэн байсан. Гэвч яг замдаа гараад аялаад явахад төлөвлөгөө маань амьдрал дээр буухаараа нилээд өөр болсон. Зарим нэг улсын визийг авч чадаагүйн улмаас орж чадаагүй. Зарим газар энд хажууханд ийм улс байхад яаж орхиод явах юм бэ гээд анх төлөвлөөгүй байсан ч үзээд явсан. Жишээ нь хуучин Югославын долоон орноор бүгдэнгээр нь орж аяллынхаа маршрутыг өөрчилсөн. Бас нэг сонирхолтой зүйл нь Шенгений виз маань дуусахад бараг арав хоног л үлдсэн байхад Шенгений орнууд руугаа орж амжсан. Тэгээд визээ сунгуулах гээд бөөн асуудал ундарсан. Хүмүүс сунгаж өгөхгүй ээ, хэцүү боломжгүй гэхээр нь яадаг болдоо гээд л хэсэгтээ л бодол болсон шүү.

Ш.Түвшинжаргал: -Дундад Азийн орнуудаараа явсаар байгаад Шенгений орнууд руугаа дөнгөж ортол юу юугүй буцаж гарахгүй бол“харласан” гэсэн статустай болох болчихсон байсан. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л сандарч явсаар Берлин рүү очиж сунгуулсан. Мэдээж үүн дээр хүнээс туслалцаа авсан, цаг нь тулчихсан ингээд сунгуулдаг юм гээд тоймтой мэдэж байгаа хүн байхгүй нилээд сандарсан шүү. Фэйсбүүкийн найз Берлинд амьдардаг Эрдэнэчулуун ахын гэр бүлд их баярласан. Бид визээ сунгуулангаа гэрт нь хэд хоног мөнч сайхан амраад авсан даа.

-Аяллын явцад гадаадад амьдарч буй монголчууд хэрхэн хүлээн авч байсан бэ?

Д.Амарзаяа: -Бидний аяллын нилээд хувь нь монголчууд бараг амьдардаггүй оронд явагдсан. Зарим үед үнэхээр хэцүү байсан ч монголчууд амьдарч байгаа орон руу ороход цаанаасаа л сэтгэл өег санагддаг байсан. Болохоо байвал элэг нэгтнээ бараадана гээд тэр шүү дээ. Монголчууд амьдарч байгаа хотод очиход маш сайхан угтаж аваад амраадаг, үзэж харах газруудын талаар мэдээлэл өгнө. Аяллын сонинг шимтэн ярилцана, асууна. Ялангуяа Европд амьдарч байгаа монголчууд үнэхээр сайхан. Яг л ээж, аав, найз нөхөд дээрээ очиж байгаа юм шиг сэтгэгдлээр очдог байсан. Тэд ч гэсэн энхрий хүүхдүүд нь, найз нөхөд нь ирж байгаа юм шиг тосч авч тусалж байсанд маш их баярласан шүү гэдгээ хэлмээр байна.

Ш.Түвшинжаргал: -Эдийн засаг нь буурай оронд монгол хүн огт байдаггүй юм байна лээ. Тажикстан, Кыргызстан, Узбекистан, Гүрж, Армен мөн хуучин Югославын орнуудаар  монгол хүн тун ховор. Хуучин Югославын орнуудаар явж байхад маш халуун байсан учраас үнэхээр ядарсан. Тэгж яваад фэйсбүүкдээ “Босниа-Херцеговина” –д амьдардаг монгол хүн байна уу” гээд пост оруулсан чинь доор нь “Сайхан наргиа байна, та хоёр л байна даа хэхэ” гээд биччихсэн байсан. Монголчууд амьдардаг зарим орнуудад заавал олж уулзах гэлгүй өөрсдөө аялаад явсан ч зарим үед энд л монгол хүнтэй таарах юмсан гэсэн газар ч байсан. Ядарсан үед л их хань түшиг хайж эхэлдэг юм билээ.

-Гэр бүлээрээ аялсан болохоор нэг нэгэндээ түшигтэй сайхан байсан байх...

Д.Амарзаяа: -Хоёулаа явж байгаа болохоор бие биенээ тордоод сайхан. Ер нь залууст хандаж хэлэхэд ганцаараа явж тийм сайхан зүйлсийг үзэж байхаар заавал хайртай хүнтэйгээ яваарай гэж хэлмээр байна. Эйфелийн цамхагийг хайртай хүнтэйгээ үзвэл илүү амттай, гоё санагдсан.

-Есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр Францын Парис хотод байсан шүү дээ. Тэнд амьдралын тань нэгэн үнэ цэнэтэй, дурсгалтай үйл явдал болсон нь гэрлэх санал авсан байсан. Энэ талаараа ярихгүй юу?

Д.Амарзаяа: -Хүмүүс надаас үүнийг нилээд их асууж байгаа, тэгээд яасан, нээрээ мэдээгүй юм уу гээд л... Эмэгтэй хүн бүр л Эйфелийн цамхагийн өмнө сүйн бөгж авахыг мөрөөддөг байх. Бид үерхэж эхэлж байх үед би энэ талаар үргэлж ярьдаг байсан ч сүүлдээ мартчихсан байсан. Ер нь амьдралдаа яг тийм байдлаар бөгж авна ч гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Бид хэзээний гэр бүл зохиогоод тав зургаан жил болчихсон хоёр хүүхэдтэй аав ээж. Тийм болохоор үгт санаанд ороогүй. Үнэхээр сайхан байсан шүү.

 

 

-Энэ төлөвлөгөөг хэзээ боловсруулж, хаанаас бөгжөө авсан юм бэ?

Ш.Түвшинжаргал: -Аялалдаа гарахаас өмнө төлөвлөчихсөн байсан. Ийм замыг туулж Эйфелийн цамхагийн өмнө оччихоод тийм зүйл хийхгүй бол ямар эр хүн болох билээ дээ. /инээв сурв/ Анх эндээс явахдаа төсөөлж байснаас жаахан өөр байсан л даа. Эйфелийн цамхагийн өмнө очоод нүдээ салгаж чадахгүй харж суусаар байгаад нар жаргах болчихсон. Анхны төсөөлөл уг нь цэлмэг тэнгэрийн дор, хойно нь цагаан тагтаа нисээд л, костюм пиджак, цагаан даашинзтай тийм зураглал төсөөлж байсан ч амьдрал дээр жаахан өөрчлөгдсөн. Гэхдээ гол утга санаа нь гажуудаагүй ээ.

Д.Амарзаяа: -Жуулчид, хүмүүс хэдэн зуугаараа газраар суучихсан Эйфелийн цамхагийг харж байдаг юм билээ. Тэр олон хүний өмнө бөгж аваад жаахан ичсэн, сандарсан. Бас хамгийн инээдтэй нь “фэйсбүүк лайв” асаачихсан байсныг би огт мэдээгүй байсан. Анхны өөрөө мэдээгүй лайв тэр байсан. /инээв сурв/

-Аяллын зорилго Улаанбаатар-Лондон-Улаанбаатар байсан. Гэвч эх орноосоо Английн визийг мэдүүлэх ёстой байсныг мэдээгүй явснаас үүдээд нэлээд эгзэгтэй зүйл болсон. Энэ талаар ярихгүй юу?

Ш.Түвшинжаргал: -Визний хувьд мэдэхгүй туршлагагүйгээсээ болоод маш их цаг, мөнгө алддаг юм байна лээ. Тухайлбал, Узбэкстаны визийг нилээн өндөр үнэ төлж авсан боловч тэгэх шаардлага байгаагүй. Мөн Гүрж улс руу орох визээ мэдүүлчхээд Азербайжан улсад таван өдөр хүлээсэн. Гэвч Шенгений олон удаагийн визтэй хүн Гүрж рүү шууд ордог журам гарчихсан байсныг бид хоёр мэдэлгүй хүлээсэн байсан.

 

 

Монгол Улсад Их Британи улсын элчин сайдын яам байгаа учраас байнгын оршин суугаа газартаа визээ мэдүүлээд аваад явах ёстой байсныг мэдээгүй. Английн визийг дөхөж байгаад мэдүүлнэ дээ гээд л яваад байсан. Гэтэл дөхөх тусам хүн бүр, ялангуяа албаны хүмүүс Монголоос гарахдаа визээ авах байсан тухай сануулж байсан. Жишээ нь Германаас Английн виз мэдүүлэхийн тулд тэнд дор хаяж зургаан сар амьдарсан бүртгэлтэй байх ёстой юм билээ. Тэр бүрт л яадаг болдоо гэж бодож байсан. Анхнаасаа л Лондон орохоор төлөвлөж гарсан учраас хэдий Франц хүртэл амжилттай явсан ч гол зорилгодоо хүрч чадахгүй, нэг л сэтгэлд дутуу санагдаад байсан. Бид Франц улс дахь Монгол улсын элчин сайдын яамаараа орж учир явдлаа хэлэн тусламж хүсэхэд элчин сайд А.Баттөр гэж хүн биднийг маш сайн ойлгож, хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан. Ийм том зорилготой, ийм хол явж байгаа залуу улсуудыг дэмжилгүй яахав гээд Английн элчинд “Монгол улсаас анх удаа хамгийн олон орноор дөрвөн сарын турш машинтайгаа тойрон аялж яваа залуусд визний тал дээр дэмжлэг үзүүлнэ үү?” гэсэн утгатай ноот бичиг хийж өгсөн. Английн визэнд ороход бид хоёрт хүнд үзүүлэх зүйл юу ч байгаагүй. Мөнгө маань бараг дуусах тийшээ хандсан байсан. Ойр зуурын бичиг баримтаа гэрээсээ хувилуулж и-мэйлээр аваад гадаад паспортаа нот бичигтэй хамт элчинд өгсөн. Гэтэл виз маань гарчихсан, бид бөөн баяр болсон доо. Аяллын гол зорилго, эцсийн цэг тэнд байсан учраас маш их баярласан. Хэрвээ Франц дахь элчингийхэн ингэж бид хоёрыг ойлгож тусалж дэмжээгүй бол Англи руу орж чадахгүй, зорилгодоо хүрэлгүй буцах байсан. Энэ дашрамд Франц улс дахь монгол улсын элчин сайдын яам болон элчин сайд А.Баттөр таньд маш их баярласанаа танай сайтаар дамжуулаад хэлмээр байна.

-Замын турш маш олон сонирхолтой учралтай таарсан талаараа мэдээлэлж байсан. Тэдгээрийг эргээд дурсахгүй юу?

Д.Амарзаяа: -Тажикстанд улсад Туркменистаны визийг мэдүүлэх гээд элчин сайдын яаман оочерлож байхад дэлхийгээр бүтэн жил үүргэвчтэй аялал хийж буй Австрали хостой таараад танилцаж найзууд болсон. Гэтэл тав, зургаан хоногийн дараа Узбэкстанд Доглон төмөр хааны бунхан дээр нөгөө хоёртойгоо дахиад таарсан. Орилолдож тэврэлдээд уулзсан, тэр цагаас эхлээд л фэйсбүүкээр хаана явж байгаа энэ улсад тийм байна тэр улсад ийм байна гээд л аялалынхаа талаар байнга мэдээлэл солилцож байсан. Тэд нийтийн тээврээр аялдаг, үүргэвчтэй аялагч хос байсан. Хэдэн сая жуулчин хичнээн зуун үзвэр байхад яг нэг газар нэг цагт таардаг.

Ш.Түвшинжаргал: -Туркд хурдны зам дээр давхиж байтал замын хажууд машин нь эвдэрсэн өвөө, эмээ хоёр харагдсан. Хурдны зам дээр шууд эргэх боломжгүй учраас нилээд явж байгаад гарц олж тойроод бараг 10 км яваад эргээд иртэл машиных нь дугуй хагарчихсан хоёр настай хүн зогсож  байсан. Гадаадад ялангуяа хурдны зам дээр хэн нэгэн зогсоод тусална гэдэг ойлголт байдаггүй юм билээ. Гэтэл цэв цэнхэр машинтай бов бор хаанах нь мэдэгдэхгүй нөхөр нэг бууж ирээд түс тас гялс дугуйг нь солиод өгчихсөн. Нөгөө хоёр маань маш их баярласан, Лондонд очвол заавал залгаарай гээд утасныхаа дугаарыг өгсөн. 70 гарчихсан хүмүүс маш халуунд удаан байвал хэцүү. Энэ явдал бараг наймдугаар сард болсон. Хоёр сарын дараа Лондонд очоод холбогдоод уулзтал өөрийнх нь хүүхдүүд холоос ирсэн юм шиг л хөөрч баярласан. Хүүхдүүдтэйгээ танилцуулаад, үндэсний хоолоороо дайлаад, үгүй ээ зүгээр гээд байхад бензин дүүргэж өгсөн. Үгүй ээ зүгээр гэхээр өвөө маань “Энэ бол Лондон. Би мэдэж байна” гээд л дагуулаад яваад байсан. “Хэзээ ч хамаагүй Лондонд ирвэл утасдаж залгахгүйгээр хаалга тогшоод л ороод ирээрэй” гэсэн. Бид ч гэсэн тэднийг эх орондоо урьсан. Хоёр жилийн дараа ирж магадгүй гэсэн шүү.

Бас нэг сонин тохиолдол гэвэл Германаас гараад Монголоор дайраад Австрали явж буй авто аялагчидтай Тажикстанд таарсан. Хамгийн сонин нь бидний машин нэг ижил логотой байсан. “Мод тарьж, Баянзүрх хайрханаа ойжуулъя” гэсэн логог машин дээрээ наагаад Улаанбаатар болон Берлинээс гарсан хоёр машин яг замын дунд таарсан нь сонин тохиолдол байсан. Бид буудал, ресторанд оролгүй  хэмнэж явсан багахаан мөнгийг мод тарих сайн үйлст хандивласан.

Мөн Парис Дакар ралли уралдаан бол жолоо мушгидаг эрчүүдийн мөрөөдлийн оргил нь. Энэ бол авто спортын олимп, зөвхөн чанга гарууд л оролцдог. Гэтэл Улаан-Үүдэд Дакар уралдаанд оролцохоор Монголоос явж байгаа багийнхантай таарсан. Нэг шатахуун түгээгүүрийн хоёр талаас л ороод ирсэн. Бөөн баяр болсон. Тэнд миний тоглож өссөн найз Хатанбаатар явж байсанд бүүр илүү их баярлаж, гайхсан. Тэд зөвхөн уралдаандаа бүртгүүлж, “мандатаа авах”  гэж л Парис руу явж байгаа. Тэндээсээ өмнөд Америк руу очиж 5000 км эзгүй элсэн цөлөөр уралдаад буцаад явсан замаараа ирнэ гэсэн. Жинхэнэ баавгайн анчид, бид хоёр үнэхээр шүтэн биширсэн. Тэд бол жинхэнэ бөмбөрцгийн аялагчид.

Д.Амарзаяа: Орой 22 цагийн үед тэдэнтэй таарсан. Өмнөх орой нь нойр муутай, өдөржин машинд явсан учраас ядарчихсан байсан ч тэдэнтэй уулзаад цаашаа явахдаа маш сэргэг болсон байсан. Нэг гоё урмын үг, эсвэл сайхан учрал тохиол таарахад  бид хоёр  сэргээд л, цэнэглэгдээд л явчихдаг.

 

 

Ш.Түвшинжаргал: - Урмын үг бол хамгийн сайхан халуун хоол цай юм билээ. Заримаар нь нэг өдөр, заримаар нь долоо хоног заримыг нь бүр хэдэн сар жилээр ч идэж хооллож болдог. Хүнд үе зөндөө байсан. Тэр үед нэг гоё үг сонсчихоор л нэг л гоё, эх орхныхоо төлөө чухал юм хийгээд байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд л явж өгнө.

-Аяллын бас нэг гишүүн бол мэдээж цэнхэр машин. 2004 онд Германд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш багагүй хугацааны дараа эх орондоо очсон. Өнгөө хувиргасан, замдаа газаар цэнэглэгддэг болсон гээд багагүй адал явдал тууллаа...

Ш.Түвшинжаргал: Тийм шүү машин маань Монголд орж ирээд долоон жил болж байгаа  машин. 2004 оноос хойш анх удаа “эх орондоо” эргэж очсон гэж хэлж болно. Олон жил Монголд явсан учраас засвар хийх шаардлагатай байсан. Олон улсын хэмжээний мастер Эрдэнэчулуун гэж УАЗ-469 машинаар уралддаг, засдаг мундаг ах бий. Тэр хүний ууган хүү Э.Өлзийбадрах гэдэг гэр бүлийн найз маань гурван сарын хугацаанд машиныг маань зассан бэлдсэн. Шаардлагатай зүйлсийг нь энэ тэндээс захиж авч ирээд янзлаад одоо асуулалгүй яваад ирнэ ээ л гэж хэлсэн. Машин маань замдаа нэг ч зогсоогүй, эвдрэл гараагүй. Ер нь цэнхэр машин бид гурав урт замыг амжилттай дуусгаж чадсан нь гурван зүйлээс хамааралтай гэж бодож байна. Нэгдүгээрт, Өлзийбадрах найз маань машины үндсэн засварыг маш их сэтгэл гарган хийж өгсөн, бүр юмыг яаж мэдэхэв хол газар гээд эвдрээгүй эд ангийг ч гэсэн нэг бүрчлэн задалж шалгасан. Хоёрдугаарт, Германы Берлин хотод амьдардаг автын чиглэлээр сургуулийг нь төгсөөд мэргэжлээрээ ажилладаг Мөнгөн гэдэг ах урсгал засвар хийж, тос маслыг маань сольж өгсөн. Гуравдугаарт, Анкара хотод байдаг Элчин сайдын яамны залуус болон Ихбаяр гэж мундаг залуугийн гэр бүлтэй сайхан найзууд болсон. Тэд манай машиныг газаар явдаг болгох санаа, хэмнэлтийн тооцоог гаргаад дагуулан явж, орчуулга хийж өгөн машинд маань шинэчлэл хийлгэж өгсөн. Энэ явдал аяллаа амжилттай дуусгахад маш их хувь нэмэр болсон. Яагаад гэвэл жишээ нь Норвеги улсад нэг литр бензин 6000 төгрөгийн үнэтэй. Бид хоёр тийм үнэтэй бензин хийгээд хол явж чадахгүй. Гэтэл газ бол бүх газар бензинээсээ хоёр дахин хямд байдаг учраас шатахуундаа 40 хувийн хэмнэлт хийж чадсан. Хэдийгээр машин маань бензин бага зарцуулдаг ч өдөртөө л мянга мянган км явахаар зардал нилээн гарна. Тиймээс газаар явсан тулдаа аяллаа дуусгаад ирсэн. Тус болсон хүмүүстээ маш их баярлалаа гэдгээ дахин дахин хэлье.

Биеээр аялсан нь цэнхэр машин бид гурав боловч манай машинд мянга мянган хүний сэтгэл зүрх хамт аялж байсан шүү.

Д.Амарзаяа: -Машин маань сүүлдээ бидэнд техник гэж харагдахаа байсан, аяллын нэг гишүүн. “Сайн жаал” гээд л илнэ, айлд орж хонох болвол бас “Сайхан амраарай” гэнэ. Өглөө гарч ирээд “Яасан гомдсон уу? бид хоёр чамайг орхиод явчихсан уу? Ганцаараа айсан уу?” гээд л жаахан хүүхэдтэй ярьж байгаа юм шиг үнсээд, илээд л амьтай юм шиг харьцдаг байсан. Үндсэн өнгө нь уул нь хар, цэнхрээр будуулаад ирэхэд нь маш их баярлаж хүлээж авсан. Монголд удсан учраас будаг, замаск нь ховхорсон байсан. Монголын Ланд круйзер эзэмшигчдийн клубынхэн, админ Тамираа гэж ах будаж өгсөн. Гандаж, зурагддаггүй, тоос шороо тогтсон нь мэдэгддэггүй хамгаалалтын будгаар будаж өгсөн. Энэ нь хол замд тун амар байлаа.

-Амарзаяагийн хувьд хэр сайн жолооч вэ?

Д.Амарзаяа: -Ажил гэр хоёрынхоо хооронд машинаа унаж явахын тулд нөхрийнхөө шахалтаар жолооч болсон. Өнгөрсөн жил жолооч болсон туршлага муутай учраас замын турш жолоо барих ажлаас нэрээ татсан.

Ш.Түвшинжаргал: -Бид хоёр замын турш багийн зохион байгуулалтад орж явсан. Би Зам тээвэр, Батлан хамгаалах салбараа хариуцсан бол манай хүн Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуйн салбараа хариуцсан /инээв сурв/ Надад ч гэсэн машинаа бариад янз бүрийн зам дээр давхиж байх, хүнд хэцүү замыг туулаад явах нь гоё санагдаж байсан.

-Фэйсбүүкээс харж байхад Д.Амарзаяагийн хувьд үндэсний урлагтай холбоотой ажил эрхэлдэг бололтой санагдсан...

Д.Амарзаяа: -Би Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторыг шударга /шанз/ хөгжмөөр төгссөн. Мөн хөгжим судлаач мэргэжилтэй. Одоо төгссөн сургуульдаа хөгжмийн онолын багшаар ажилладаг. Сургуулиа төгсөнгүүтээ ҮДБЭЧ-д хөгжимчнөөр ажилладаг байсан. Тэр үед нөхөртэйгөө танилцаад одоо есөн жил өнгөрчээ.

-Залуу хосууд хамтдаа нийт хэдэн орноор аялаад байна вэ?

Ш.Түвшинжаргал: -Энэ удаа 41 улсаар автомашинтай ялсан бол өмнөх үүргэвчтэй аялалтайгаа нийлээд 50 орноор хамтдаа аялж байна. 30 нас хүрэхээсээ өмнө хоёр хөөрхөн хүүхэдтэй болчихсон, нилээд орноор яваад үзчихлээ. Хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд өөрсдөө их зүйл үзсэн харсан, уншсан байх ёстой гэж бид хоёр боддог. Олон өөр орны аж амьдрал, философоос авах гээхийн ухаанаар хандан хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэсэн үг шүү дээ.

 

 

-Анх хаана, хэрхэн танилцаж байсан чинь их сонирхол татаж байна. Энэ талаараа ярьж өгөөч?

Ш.Түвшинжаргал: -Play time 2009 хөгжмийн наадам дээр анх удаа таарч байсан. Бид хоёрыг танилцуулсан хүн бол  Трамбони хөгжимчин Дарханбаяр гэж хуурай ах маань бий. Анх Заяагийн утасны дугаарыг нь олж өгөөд бараг л одоо мессеж бич одоо залга ингэж тэгж хэл гэх нь холгүй байсан. Тэр цагаас гурван жилийн дараа зорилгодоо хүрсэн./инээв сурв/

Д.Амарзаяа: -Би Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулгад хөгжимчин байсан. Манай хүн чуулгын тоглолтыг хоёр жил тасралтгүй үзсэн. Манайхан над руу хараад инээгээд л би ичээд сүйд болдог байсан. Одоо бол хүү, охинтой мөрөөдлийн баг бүрдүүлсэн. /инээв сурв/

-Очсон газар бүртээ л сонгодог урлагийн театрт тоглолт үзээд, музей үзээд, алдартнуудын гэр музейг зорьж үзээд байсан. Анхнаасаа үзэх ёстой газруудын жагсаалт гаргасан байсан уу?

Д.Амарзаяа: -Тэгсэн. Дуртай зүйлүүдээ аль болох үлдээхгүй үзэж харах зорилго тавьсан. Миний хувьд багаасаа Хөгжим бүжгийн сургуульд сурсан учраас Австрид Моцартын гэр музейг үзэх, Италид дэлхийн номер нэг театрт сонгодог тоглолт үзэх гэдэг ч юм уу мөрөөдлүүд байсан. Жагсаалтын маань бараг 99 хувь нь биелсэн.

Ш.Түвшинжаргал: -Цөөхөн зүйл л биелээгүй үлдсэн дээ. Жишээ нь хамтдаа онгоцноос шүхрээр үсрэх, далайн гүнд шумбах, халим харах гэсэн гурван зүйл л биелээгүй. Бас би дотроо дэлхийн алдартай супер спорт машин жолоодож үзэх гэсэн хүсэлтэй байсан. Тэр маань энэ удаагийн аялалаар биелээгүй үлдсэн.

-Хийж байгаа зүйлдээ итгэмээргүй сайхан санагдаж байсан үе бий юү?

Ш.Түвшинжаргал: -Дэлхийн хамгийн шилдэг очиж үзэх ёстой таван газрын нэг Турк улсын Кападокиад хайртай хүнтэйгээ хамт 1000 метрийн өндөрт агаарын бөмбөлгөөр хөөрөөд явж байхад үнэхээр итгэмээргүй сайхан санагдаж байсан шүү. Агаарын бөмбөлөг хөөрдөг тэр хөндий нь өөр хаана ч байхгүй онцлог байгальтай учраас маш их сэтгэл хөдөлж байсан. Тэр байгаль, тэр зуу зуун агаарын бөмбөлгийг харах үнэхээр итгэмээргүй санагдаж байсан.

Бас нэг зүйл бол Гүржийн Батумид байдаг хайр дурлалын хөшөө бидэнд маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Бид хоёр тэр хөшөөний түүх, өгүүлэмжийг маш сайн мэдэж, судалсан байсан учраас хөшөөний хөдөлгөөн, биеийн хэлийг нь үнэхээр ойлгож үзсэн. Үүх түүхийг нь мэдэж байгаа зүйлээ очиж үзнэ гэдэг маш амттай байдаг юм билээ.

 

 

-Болдог бол аваад ирмээр, хуулбарлаад хэрэгжүүлмээр санагдсан боловсролын систем аль улсад таарсан бэ?

Ш.Түвшинжаргал: -Турк улсын боловсролын систем надад маш гоё санагдсан. Тэнд хэн ч дээд боловсрол эзэмших албагүй. Хэн юу чадаж байна тэр чиглэлд нь хөгжих боломжийг олгодог. Гагнуур хийх сонирхолтой хүүхдийг наймдугаар ангиас нь хойш мундаг мастер гагнуурчинг дагалдуулаад явуулчихдаг, нөгөө хүүхэд нь мундаг гагнуурчин болдог. Оёдол хийдэг бол заавал эдийн засагч болох албагүй гэдэг ч юм уу. Ийм систем тогтчихсон. Гутал хийх сонирхолтой байлаа гэхэд зөвхөн улыг нь л төгс наагаад сурчих тэгсэн байхад хоолоо олж идэх боломжтой гэдэг систем тогтчихсон. Энэ маш сайхан санагдаж байсан. Би мянган мэх мэддэг хүнээс айхгүй харин нэг мэхээ мянга давтсан хүнээс айна гэдэг шиг тэнд бол нэг мэхээ мянган удаа давтсан хүмүүс их байсан. Түүгээрээ ч нүүр бардам хоолоо олж иддэг юм билээ. 

Бас бодууштай нь Европийн орнууд хэдий өндөр хөгжилтэй ч хүүхэд хүмүүжүүлэх нь нэг номерын тулгамдсан асуудал болсон юм билээ. Хүүхэддээ хатуухан үг хэлэхэд  л цагдаа дуудаад аав ээжийгээ баривчлуулчихдаг. Хүүхдийн байгууллагын тусгай хамгаалалтад орчихдог гэртээ харьдаггүй учраас тэнд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? гэдэг нь асар их ухаан шаардсан ажил юм байна лээ.

-Хамгийн сүүлийн асуулт маань дараагийн зорилго гэх юм уу мөрөөдөл юу вэ. Аялал та хоёрын мөрөөдөл юм уу, зорилго юм уу?

Ш.Түвшинжаргал: -Олон олон зорилтууд нийлээд зорилго, зорилгууд маань нийлээд мөрөөдөлд болдог. Энэ аялал бол мөрөөдөл гэж хэлж болно. Одоо хамгийн эхний том зорилго бол энэ аяллынхаа туршид хийсэн 2 терабайт орчим зураг, дүрсээ уран сайхны болон үнэн сайхны аргаар боловсруулж  хүмүүст хүргэх гэдэг том ажил үлдлээ. Манай хүн ирэх нэг дэх өдрөөс эхлээд ажилдаа орно харин намайг урт хугацаанд сууж, судалж нухах нүсэр ажил хүлээж байна. Хорин минутаар нэвтрүүлэг хийвэл лав 40 цуврал гарах байх гэсэн тооцоо байна. Их л ажил хүлээж байна даа. Мөрөөдөл гэвэл зөндөө бий…

-Ярилцсанд маш их баярлалаа.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Хүрэлээ ах нь
2018-11-13 13:13:12

Бахархаж байна. Ямар сайхан зорилготой бас мѳрѳѳдѳлтэй хийж бүтээх чадвартай залуус вэ. Үлгэр жишээ ийм хосууд манайд олон байгаасай. Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерѳѳе.

иргэн
2018-11-09 18:09:43

САЙХАН ЗАЛУУ БАЙНА. АМЖИЛТ

Ажлын байр