Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЖДҮХС-ийн удирдах албаны 20 гаруй хүн хил гарахаар зэхэж байжээ

-ТУС САНГИЙН АЖИЛЧИД САНДАРЧ, АЖИЛДАА ИРЭХГҮЙ БАЙГАА ГЭВ-

Ойрын өдрүүдэд ЖДҮХС-аас нэр бүхий гишүүд болон тус сангийн удирдах албаны олон тооны хүн зээл авсан хэрэг ил болж улс төр болон нийгэм тэр чигтээ шуугиантай байна.

АТГ-аас ЖДҮХС-ийн удирдах албаны 20 гаруй хүнийг нэг бүрчлэн нарийн шалгах ажлын хэсэг гарсан. Мөн цагдаа болон прокурорын байгууллага хамтран зээл авсан байж болзошгүй УИХ-ын гишүүн болон тус сангийн удирдах албаны эрх мэдэлтнүүдийг шалгаж эхэлсэн байгаа юм. Уг ажлын хэсэг нийт шалгаж буй албан тушаалтанд цагдан хорих болон хилийн хориг тавьж эхлээд байна. Ингэхдээ АТГ-аас прокурор руу хилийн хориг тавих, цагдан хорих хүсэлт илгээснээр прокуророос зөвшөөрөл олгож баривчилгаа явуулдаг. Улсын ерѳнхий прокурорын газраас цагдан хорих үндэслэлтэй гэж үзсэн бол АТГ-аас ажиллагаа явуулж баривчлан цагдан хорьдог байна.

Хамгийн сүүлд ЖДҮХС-ийн орлогч дарга болон холбогдох албан тушаалтныг Чингис хаан олон улсын нисэх буудлаас баривчилсан билээ. ЖДҮХС-г шалгах ажлын хэсэг тус сангийн 20 гаруй хүнд хилийн хориг тавьсан гэх мэдээлэл байгаа юм. Учир нь тус сангийн ихэнх ажилчид сүүлийн 10 гаруй хоног ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд ирсэн хэд нь цагаа бүртгүүлээд гардаг тухай эх сурвалж хэлж байна. ЖДҮХС-г тойрсон асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байгаа энэ үед тус сангийн удирдах албаны хүмүүс  сандарч, Монгол улсаас гадаад орон руу аялах болон эрүүл мэндийн шалтгаанаар гэх зэргээр олон тооны тиз худалдан авч байгаа аж.

Иймд АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц ажиллагаа явуулж, хил гарахыг завдсан болон яаралтай цагдан хорих хүмүүсийг барихаар зэхэж байгаа аж. Хууль бусаар зээл авсан гишүүд ЖДҮХС руу ѳѳрийн нэрээр зээл гаргахыг хүссэн албан бичиг илгээдэг байсан нь ил болж эхэлж байгаа билээ. Энэхүү албан бичгийн дагуу зээл ѳгч, ѳѳрийн биеэр оролцсон хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Түүнчлэн ѳмнѳх ЖДҮХС-нд ажиллаж байсан их мэдээлэлтэй зарим ажилтнуудыг сайд нь халсан учраас дээрх мэдээлэл тарж эхэлсэн хэмээн таамаг хѳвѳрч эхэлсэн. Ийнхүү олон нэр бүхий албан тушаалтнуудын булхай ил болж буй учраас тус сангийн ажилчид багагүй үймэлдэж эхлээд байгаа нь энэ юм.

Мѳн ЖДҮХС тойрсон асуудал ѳндѳрѳѳ авч УИХ-ийн чуулганаар хүртэл хэлэлцсэн билээ. Тодруулбал, Энэ сарын 6-ны өдөр Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлсөн. Харин түүнийг сайдаас чөлөөлсний дараа УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг өчигдөр хэлэлцсэн.


Энэ үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулсан. Тэрээр асуултад хариулж байх явцдаа ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн талаар ноцтой үг хэлсэн билээ. Тэрээр гишүүд зээл авсан мөнгөөрөө мөнгө угаасан хэрэг хийсэн байж болзошгүй байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг эрчимтэй шалгаж байгаа тухай дуулгасан.

Мөн тэрээр хэлэхдээ: Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү дээ. Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна шүү дээ. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байж байна. Энэ шударга ёс юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө би энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Болохгүй, бүтэхгүй алдаа согогтой хууль хийчихсэн. Би хууль зөрчиж буй хүнийг Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй” гэсэн юм.

У.УРАНЦЭЦЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр