Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монголын шүүхийг “атгасан” гэгдсэн Хаан банк иргэдийн халаасыг чимээгүй нэгжих эрхтэй юу?

Хаан банк иргэдээс уучлалт хүсээд байна. Тэгэхээр иргэдийн гомдлыг үргэлж  татлаж байдаг Хаан банк буруутай гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Банк бол итгэлцэл дээр суурилдаг санхүүгийн үйл ажиллагаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл нэг шөнийн дотор 2.4 сая харилцагчийнхаа данснаас 200 төгрөг чимээгүй авсан үйлдэл нь Хаан банкийг үнэхээр муухай харагдуулж байна. Тиймээс ч Хаан банкнаас татгалзах нь зөв юм байна гэсэн байр суурьтай иргэд сошиалд улам нэмэгдсээр байгаад гайхах хэрэггүй. Хаан банкны тухайд харилцагчдаасаа уучлал хүссэн зурвасыг илгээгээд буй. Зурваст “Сайн байна уу, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр харилцах данс хөтөлсний хураамж 200 төгрөг суутган авахдаа гүйлгээний утгыг оруулалгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэндээ уучлал хүсье. Уг гүйлгээний тайлбарыг нөхөн оруулсан бөгөөд энэхүү хураамж нь харилцагчид данс нээхээс хаах хүртэлх хугацаан дахь дансны бүх мэдээллийг бааз дээр бүртгэх, хадгалах, түүний аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулан гарч буй зардлыг санхүүжүүлэх үйлчилгээний төлбөр юм. Баярлалаа” гэж бичжээ.

Орон даяар 537 салбартай, 2,4 сая гаруй харилцагчтай,  1,7 сая карт эзэмшигчтэй, 53 мянга орчим харилцагч байгууллагад банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Хаан банк хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг  нэвтрүүлэгч  үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрсдийгөө тодотгосон байдаг. Тэрчлэн шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн үйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хүргэхийг эрмэлздэг гэж албан сайтдаа бичсэн байх юм.

Үнэхээр л ил тод хийгээд шударга үйл ажиллагаа явуулдаг юм бол 2 сая гаруй иргэний данснаас хулгай хийж байгаа аятай чимээгүй гүйлгээ хийх байсан гэж үү? Хэрэв сошиал медиагаар уг асуудал давалгаалаагүй бол Хаан банк энэ үйлдэлдээ уучлал гуйхгүй байсан нь ойлгомжтой. Нэг удаа чимээгүй гүйлгээ хийж чадсан юм чинь дараагийн удаа ч бас чимээгүй үйлдэл хийх байсныг үгүйсгэх аргагүй юм. Энэ бол Хаан банк зүгээр л уучлал гуйгаад өнгөрчихөд болох асуудал биш. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих ёстой холбогдох байгууллагууд анхааралдаа авч, тодорхой хэмжээнд хариуцлага ярих ёстой юм.

Ер нь Хаан банк иргэд харилцагчдын эрх ашгийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргадаг. Данснаас нүдэн дээр нь шууд зарлага гарч, мөнгө нь ор сураггүй алга болсон тухай гомдлыг олон иргэн хэлдэг. Таван мянгаас доош гүйлгээний мэдээлэл мессежээр ирдэггүй учир иргэд таван мянга доторх гүйлгээгээ тухай бүрт нь хянаж чаддаггүй. Энэ нь харилцагчдын данснаас бага хэмжээний мөнгийг чимээгүй  гаргах боломжийг олгож байхыг үгүйсгэхгүй.

Сануулахад, жүжигчин Л.Сөрөлтийн Хаан банкны данснаас 576,000 төгрөг гэнэт л алга болчихсон талаар тэр өөрөө мэдэгдэж байсан. Түүнтэй адил байдлаар данснаасаа мөнгөө алдаад бөөн зарга үүсгэж байсан тухайгаа хэлж ярьсан иргэдийн сэтгэгдлүүд ч сошиалаар хөвөрч байдаг. Иргэд Хаан банкинд очиж гомдол мэдүүлэхэд цагдаад хандахыг зөвлөдөг. Харин цагдаа нь 500 мянган төгрөгөөс доош хэмжээний гүйлгээтэй холбоотой хэргийг хаачихдаг байна. Энэ нь Хаан банк цахим халдлагын эсрэг хамгаалалтаа сайжруулах шаардлага байгаагийн тод жишээ.

Мөн Хаан банктай холбоотой нэг том асуудал бий. Юу гэхээр Монголын шүүх дээр Хаан банктай холбоотой ямар ч асуудал очсон ялагч нь Хаан банк л байдаг талаар  хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч М.Наранбаатар нар хэсэг хуульчдын хамт мэдээлэл хийж байсан билээ. Тэд Хаан банкнаас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнд явуулсан албан бичгийг танилцуулсан. Тус албан бичигт “...шүүхийн бүх шатны 174 шүүгч, ажилтанд орон сууц, хашаа байшин худалдан авахад нь зориулж, Хаан банкнаас нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. Манай банктай холбоотой орон нутгийн нэгэн байгууллагын шүүхийн шийдвэрлэсэн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаадаа хүлцэл өчье. Та энэхүү хэргийг тусгайлан авч үзнэ үү” гэсэн байдаг. Энэ бол Хаан банк Монголын шүүхийн шийдвэрт нөлөөлдөгийн баримт болсон.

Шүүх.мн сайтаас 2013-2014 оны материалыг судлахад Хаан банктай холбоотой 34 хэргийг шүүх шийдэхдээ  бүгд Хаан банкны талд шийдэгдсэнийг Х.Бат-Ялалт нар онцолж байсан юм.

Тэгэхээр Монголын шүүхийг атгасан Хаан банк иргэдийн халааснаас “чимээгүй” мөнгө авсан үйлдлээ аргацаагаад өнгөрөх нь ээ.

shuurkhai.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр