Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МЭНДЧИЛГЭЭ

 
Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллалаа.
Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж, "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлуулав.
Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Камбожийн Вант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газартай тус тус байгуулснаар Монгол Улс 42 улстай агаарын харилцаа өргөжүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 72 дугаар тогтоолоор "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр агаарын тээвэрлэгчид зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан зах зээлд нийлүүлэх суудлын зөрүүтэй байдал арилах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх зохицуулалт бүрдүүлэх, улмаар нислэгийн үнэ тариф буурах зэрэг үндэсний агаарын тээвэрлэгч, ард иргэдэд ач холбогдолтой уян хатан зохицуулалт хийх боломж бүрдэж байгаа юм.
Хил дамнасан тээвэрлэлтээр дамжуулан олон улсын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Ази-Европыг холбосон найдвартай, үр ашигтай, шуурхай, аюулгүй олон улсын тээвэрлэлтэд Монгол Улс оролцоход нэгэн чухал алхам бол Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд байгуулсан "Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 3 тал соёрхон баталсан явдал юм.
Түүнчлэн "Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газраар батлуулж, "Автотээврээр олон улсын хэмжээнд ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулав.
Төмөр замын тээврийн салбарын тухайд, урт хугацаанд яригдсан "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Ингэснээр "Оросын төмөр замууд” НХН-ээс Монголын дамжин өнгөрөх ачаанд 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулан, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Төмөр замын төв коридорыг шинэчлэх, сайжруулах, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх тохиролцоонд хүрч, "Улаанбаатар төмөр замын 2030 он хүртэлх шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр”-ийг батлуулсан.
Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "Транзит Монгол-2018” форумыг Москва хотноо амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн давуу тал, нөөц, боломжийг олон улсад сурталчлан таниулж, үүний дүнд манай улсаар дамжин өнгөрч буй чингэлгийн галт тэрэгний тоо эрс нэмэгдсэн. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо 2016 онд 168 байсан бол 2018 оны хүлээгдэж буй үр дүнгээр чингэлгийн галт тэрэгний тоо 850 хүрэх тооцоотой байна. Ийнхүү Монгол Улсын нутгаар дайран өнгөрч буй Ази-Европыг холбосон төмөр зам нь дамжин өнгөрөх ачааны өсөлтийн хувь хэмжээгээр Казахстан, Манжуурын төмөр замын коридоруудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн.
Мөн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэх зорилгоор "Бүс нутгийг хөгжүүлэх логистикийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж Замын-Үүд логистикийн төвийн барилгын ажлыг ашиглалтад хүлээн авав.
Авто замын салбарын тухайд, 2018 онд баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох 1030.2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн ба үүнээс нийт 180.3 км авто замыг улсын ашиглалтад хүлээж авч, нийт 297.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, авто тээврийн хөдөлгөөнийг нээгээд байна.
Нийслэл, орон нутгийн чанартай авто замыг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тусгагдсан нийт 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр 50 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээс 11 төсөл, арга хэмжээний 37.4 км хатуу хучилттай авто зам, 202.4 у/м төмөрбетон гүүрийг тус тус ашиглалтад орууллаа.
Түүнчлэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км анхны хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг олон улсын жишигт нийцсэн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж, Азийн авто замын сүлжээний АН3 чиглэлийн авто замын хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлд 2 урсгал бүхий 4 эгнээ авто зам болгон өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармагийн 250 у/м шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Түүнчлэн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн барилгын ажлыг 2019 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын зам, тээврийн сүлжээг өргөтгөх, бүс нутгийн эдийн засгийн интеграцичлалыг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн уялдаа холбоог бий болгох, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, худалдааг дэмжих, тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, энэ хүрээнд салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, төмөр зам, авто зам, агаарын тээврийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн их ажлын он жилүүд өмнө ирээд байна.
Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрхэм Та бүхний оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэмээр байна.
Ирж буй шинэ он Монгол Улсын зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр ашигтай дэд бүтцийг бий болгоход чиглэсэн олон шинэлэг санаа, бүтээлч санаачилга, оновчтой шийдлээр дүүрэн их бүтээн байгуулалтын жил байна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд болон гэр бүлд тань шинэ ондоо эрүүл энх, аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 
 
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр