Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Протоколгүй уулзалтаар ямар хуйвалдаан хийв?

 

“…Төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд уулзсан”, “…УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр уулзжээ” гэсэн мэдээлэл 2018 оны сүүлчийн өдөр яригдав.
Албан бус энэ мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөхийн ажилтай нэгэн залуу цахим хуудастаа “мэдэгдэл” бичиж албан бусаар няцаалаа.

“…Ерөнхий сайдыг хэн нэгэнтэй уулзаагүй байхад уулзсан мэтээр гүтгэлээ” гэж тэр хэлжээ.

Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гурвуулаа эсвэл хоёр нь албан бусаар уулзсан талаарх иймэрхүү албан бус мэдээлэл байнга л яригдаж байдаг. Хүн болгон мэднэ.

Өнгөрсөн онд л гэхэд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн  газрын 100 дахь хоногийн өдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгчийн албан өрөөнд Х.Баттулга, М.Энхболд хоёр уулзсан талаар зарим хэвлэлд мэдээлсэн.

Зун нь долдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр намынхаа голдуу хүмүүсийг дагуулаад Булганд очиж “хуралдсан” мэдээлэл бас цацагдсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр ч албан бусаар уулзалдлаа гээд Төрийн ордноор ярьж л байдаг.

Ер нь бол Аюулгүйн зөвлөлийн энэ гурван гишүүн бие биетэйгээ тойроод л албан бусаар уулзаад яваад байгаа дуулддаг болоод удаж байна. Нөгөө хоёрынхоо нууцаар уулзсаныг нөгөөх нь мэдэж л байгаа. Хэрвээ өөрсдөөс нь асууж болдог бол он сартай, цаг минуттай, уулзсан газартай нь, бүр ярьсан хэлсэнтэй нь хэлээд өгнө.

Өөрсдөө ч хэлээд байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр болсон МАН-ын Бага хурлын индэр дээрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдтой журмын нөхрийн, бас найзын хувиар хэд хэдэн удаа уулзсанаа хэлсэн бол маргааш нь УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж үүнийг нотлох жишээтэй.

Сая ч гэсэн Ерөнхий сайдын нэг “Тоодгор” учиргүй ууртай мэдэгдэл хийж мэдээлэл дамжуулсан зарим хэвлэлийг нэр зааж байгаад загнаж байгаа харагдаж байна. Гэтэл дараа нь Ерөнхий сайд нь нэг яриандаа “…Тийм ээ, бид уулзсан” гээд үнэнийг хэлчихэж мэднэ шүү. Ерөөс тэдний энэ үйлдэл хэвийн үзэгдэл болох хандлагатай байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа юм.

“Зууны мэдээ” өмнө нь бичиж л байсан. Хэрвээ ҮАБЗ-ийн энэ гурван гишүүн гурвуулаа эсвэл хоёр нь уулзахаар болбол албан ёсоор, протоколтой уулзах ёстой гэдгийг хэлж байв. “…Мах чаначихлаа, манайд ирж ид” гэж бие биеэ дуудах эрхгүй ажил албан тушаалд очсон хүмүүс шүү гээд л бичиж байсан.

Нөгөөтэйгүүр энэ гурван хүн бол Монгол Улсын хувь заяаг хааш нь ч эргүүлж мэдэх Төрийн тамгыг атгацгаасан өндөр дээд албан тушаалтнууд юм.

Энэ бол хууль. Хууль учраас тэд дагах л ёстой. Хэрвээ энэ гурван эрхэм албан бусаар буюу хууль бусаар уулзалдвал Төрийн эрхийг авахаар хуйвалдаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байдаг юм байна билээ.

Тиймээс цаашид гурвуулаа эсвэл хоёр нь уулзах шаардлага гарвал протоколтой л уулзаж, түүнийхээ албан мэдээг хэвлэл мэдээллийн албадаараа уламжлуулах учиртай юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр