Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нора: Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш

Боловсрол суваг телевизээс өнөөдөр “Mongolia’s next top model 2018” реалити шоу нэвтрүүлгийн талаар мэдээлэл хийлээ.
 

"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа "Mongolia's Next Top model нэвтрүүлгийг 2016 онд бид албан ёсны эрхтэйгээр авч, эхний нэвтрүүлгээ маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна" гэв.

“Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн Ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн "Нэвтрүүлгийн дүрмийн дагуу оролцогчид нэг байранд цуг амьдарч, гэрээсээ, найз нөхдөөсөө, интернэт орчноос тусгаарлагддаг. Энэ хугацаанд охидуудын дунд олон асуудлууд гарч ирдэг. Гэхдээ сошиал ертөнцөөр явж байгаа шиг охидууд нэгнээ үзэн ядсан, хурцадмал байдал нэг ч удаа гарч байгаагүй. Ямар нэгэн үл ойлголцол нь нэгнийхээ аминд хүрч, үзэн ядах хэмжээний байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

"НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧИД БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДАЖ АМИНД НЬ ХҮРЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗҮЙЛ БОЛООГҮЙ"

“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора "Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан.

Намайг гадуур энд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл яваад байгаа. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн. 

Мөн манай оролцогч руу их дайрч байна. Ялангуяа Одонтунгалаг руу дайрч байна. Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр ердөө 18-хан настай хүүхэд. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий.

Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй" хэмээв.

"БАРИМТГҮЙГЭЭР ХЭН НЭГЭН РҮҮ ДАЙРАХАА ЗОГСООГООЧ"

“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд " Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Тэр утгаараа сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохиолт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна. 

Би талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг учир гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Харин ах болон ээжтэй нь үл ойлголцол үүссэн. Түүнээс болж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дараагаар тэдэнтэй холбогдож, ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэмээр байна" гэлээ.

"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа үргэлжлүүлэн "Финалын шатанд гурван хүн үлдсэн гэдэг мэдээлэл гараад байна. Финалын шатанд гурван хүн үлдээгүй.Харамсалтай явдал гарснаас хойш хэсэг хугацаанд бидний хувьд нэвтрүүлгээ түр хугацаанд зогсоосон. Цаашид үргэлжлүүлэх эсэхээ ч гэр бүлийнхэнтэй нь ярилцсан. Харин талийгаачийн ээж охиныхоо тэмдэглэлийн дэвтэр дээр "Миний мөрөөдөл бол Next top model болох" гэж бичсэн байсныг үзүүлэн охиныхоо дүрсийг хасалгүйгээр гаргаж өгөөч гэсэн. Ингээд бид нэвтрүүлгийг цацаж байгаа" хэмээв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ЗОЧИН
2019-01-09 11:21:10

ЭНЭ ЯГ ХОРТОЙ НАЖ МОГОЙ ШИГ ЦАРАЙТАЙ АВГАЙ.

Ажлын байр