Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Элбэгдоржийн ивээлээр газрын дарга болж 1.9 тэрбумын хэрэгт холбогдсон Г.Нямдаваа аль эртнээс төсвийн мөнгөөр тоглож сурсан эр ажээ

 

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй тус яамны хэсэг ажилтнууд улсын төсвөөс 1.9 тэрбум гаруй төгрөг хувьдаа авч завшсан болон авлига, хээл хахуулийн өөр хэд хэдэн хэргээр шалгагдаж  байна.  Г.Нямдаваагийн хувьд ёстой л олон хавар нэгэндээ нэгч болж буй нь энэ болов уу. Тэрбээр урьд нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа бас баахан өмч хөрөнгө идэж уусан хэргээр дуулиан тарьж байсан юм. Тухайлбал Хар-Ус нуураас их хэмжээний загас агнаж Хятад руу гаргахаар зэхэж байжээ. Түүний санаачилсан уг төслийнх нь урьдчилгааны нөхцөл гэгчээр далимдуулан хятадууд нэлээд олон тонн загас хил давуулсан байв. Тэгээд төслийг нь Засгийн газраас дэмжээгүй тул тэрхүү урьдчилж наймаалсан бөөн загасных нь орлого хаашаа орсон нь мэдэхгүй алга болсон байлаа.

Түүгээр зогсохгүй мах боловсруулах үйлдвэр байгуулах нэрээр “Баруун Монгол интернэшнл” компанид аймгийнхаа хөгжлийн сангаас 350 сая төгрөг олгосон нь бас л сураг ажиггүй болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед Ц.Элбэгдоржийн хамаатны дүү хүү, одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байсан гэдэг. Мөн 2012 оны аудитын шалгалтаар Ховд аймгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь Засаг дарга Г.Нямдаваатай холбоотой гэж яригдаж байлаа. Гэвч мөрдөгч, прокурорууд нь хуйвалдсан уу, яасан, түүний иймэрхүү хэргүүд  шүүхэд шилжихээс өмнө таг чиг дарагдаж, хаагдсаар замхарчээ. Өөрөөр хэлбэл, Г.Нямдаваа нь төсвийн мөнгийг зувчуулах арга чаргаа олон жилийн өмнөөс олж, нэлээд туршлагатай болчихсон эр ажээ.

Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга болсноосоо хойш мань эр зүгээр сууж чадахаа бүр больж, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж, танил талынхаа хүмүүсийн компаниудад давуу эрх олгон, хэдэн зуун саяар нь мөнгө шилжүүлдэг болсон байна.  Жишээлэхэд, хийн хоолой барьж байгуулах ажлыг мэрэгжлийн бус хүмүүст өгөөд ажлын хөлсөнд шилжүүлсэн төсвийн мөнгөнөөс хувьдаа дансаар болон бэлнээр гаргуулж авдаг байжээ. Үүнээс гадна бас найзуудынхаа компаниар дамжуулан Хятадаас манайд ашиглах боломжгүй, стандартын бус хийн хоолой оруулж ирж бөөнөөр нь шахаж их хэмжээний мөнгө угаасан нь илэрсэн байна. Г.Нямдавааг тус яаманд газрын даргаар томилоход Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ихээхэн нөлөөлсөн гэдэг. Учир нь Ховд аймгийн Засаг ноён хийж байхдаа дээрх “Баруун Монгол интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдорж дүүг нь уснаас хуурай гаргаж, хамтарч зувчуулсан мөнгөө хууль хяналтынхны өмнө эвтэйхэн аргалж өнгөрүүлсэн нутгийн сайн залуу хэмээн Ц.Элбэгдоржид ихэд тоогтож явсны ач буян болов уу.

Харин Г.Нямдаваагийн одоо ороолцолдоод байгаа тэрхүү  1.9 тэрбум гаруй төгрөгийн хэргийн дуулиантай зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгарч шагнуулсан нь маш инээдэмтэй атлаа эмгэнэлтэй явдал болов. Яамных нь хэмжээнд тийм их мөнгө идэж уусан хэрэг гарч, Улаанбаатар хот хорт утаа, хөрсний бохирдлоороо дэлхийн хамгийн аюултай хотуудын эгнээнд жагсчихаад байхад сайд нь ийм лут шагналын эзэн болно гэдэг бол бас дэндүү гайхалтай хэрэг ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Маш их ноотой хүн шүү
2019-01-14 09:45:31

Зочин

Ажлын байр