Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгохоор НИТХ өнөөдөр хуралдаж эхэлсэн ч түр завсарлаад байна. Нийслэлийн парламент дахь МАН-ын бүлгээс С.Амарсайханы нэрийг оруулж ирсэн ч НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун заалнаас өөрийн нэрийг дэвшүүлснээр хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага хүссэн юм.
С.Мөнхчулуун "Би НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийгөө нэр дэвшүүлж байна. Миний бие 2016 онд СХД-ээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Инженер мэргэжилтэй, төр захиргааны байгууллагад ажилласан туршлага байгаа учраас өөрийгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлж байна. Ангийнхан маань дэмжинэ гэж найдаж байна" гэжээ.
Тэгвэл, намын сценариас гадуур хотын даргад нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун гэж хэн бэ. С.Мөнхчулууныг “Сэлэм Тогмидын” ах гэдгээр нь хүмүүс мэдэх болсон. Учир нь, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарсан. Дээрх сэлэм эргүүлсэн залуу бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт байсан юм. Харин ах С.Мөнхчулуун нь энэ талаар “Насанд хүрсэн хүний хаана, юу хийж явахыг би цагдана гэж байхгүй. Тус тусын амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ.
“Садан муу ч салаад явж болдоггүй” гэдэг шиг зарим нэг зүйлийн талаар ярилцахаас цааш хэтэрдэггүй. Юу болсон талаар надад хэлээгүй. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн бол хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох биз” хэмээн ярьж байжээ.

Тэрээр, ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг төгссөн бөгөөд Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Түүний товч намтрыг хүргэж байна.
2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
Сонгуульт ажил: 2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллажээ.
eagle.mn