Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ч.Ганжавхлан: Хүчингийн хэргүүдийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байна

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн хүчирхийлэл газар авч нийгмийг тэр чигт нь айдаст автуулах болсон. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа учраас олон нийтийг нүдээ нээхийг уриалан “Лантуун дохио” бүлгэм дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн.

Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийг хараад зүгээр өнгөрдөг хүмүүс ч мөн хүчирхийлэл үйлдэгчдийн нэг хэмээн зарлаж нүдээ нээхийг уриалсан Ч.Ганжавхлан олон нийтэд хандан ийн бичжээ:

Хамгийн аймшигтай аюул хамгийн ойроос ирдэг бол …

Тэднийг хамгаалах хүмүүс нь бас хамгийн ойрхон байх ёстой! Өнөөдөр бид хэтэрхий олон дотор муухайрмаар, хэцүү хэргүүдийг үзлээ, харлаа, сонслоо.

Дөрвөн настай бяцхан хүүг хоёр удаа хагалгаанд ортол нь зодсон хэргийн цуурай тасраагүй байтал зөвхөн сүүлийн хоёр сарын хугацаанд бага насны 69 хүүхэд аймшигтай яргалал, хүчингийн хэргийн золиос болсон албан ёсны мэдээлэл тархаж, тэр нь зүгээр л нэг энгийн зүйл мэт хараал идсэн оффшор моффшор, улс төрийн хулгайгаа булаацалдсан мэдээнүүдийн дундуур замхран одно. Бүхэл бүтэн хоёр анги дүүрэн охидыг хоёрхон сарын дотор хүчиндсэн байхад бид ингээд л сууж байна !

Итгэмээргүй … Гэтэл хоёр хоногийн өмнөөс Баянхошуунд байрлах Ид шидийн орны хамгаалах байр маань түүхэндээ байгаагүй олон хүүхэдтэй болж, яаралтай ор нэмж байрлуулах хэрэгцээ үүсч, багтаж шингэхгүй чихцэлдэж эхэллээ … Хамгийн бага нь гурван настай … Бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар … Энэ олон хүчингийн хэргүүдийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байна. Их ойроос үйлдэгдэж байгаа гэсэн үг. Гэрээрээ нэг архичид цуглуулж хүүхдийнхээ хажууд хорвоогийн бүх мууг үзүүлээд тасраад унахад шүлэнгэтсэн нүд, шуналт сэдлээр бяцхан охиныг харж ямар нэгэн зүйлийг сэдэж буй тэр нагац ах, тэр аавын найз !!! … Ганц ахыгаа чи ШОРОНД ХАТААХ гээ юу, хэнд ч хэлж болохгүй мэдэв үү! гэх үрээ бус араатныг өмөөрөх бидний нинжин сэтгэл. 69 гэдэг тоо бол ил гарсан мэдэгдсэн хэрэг, тэгвэл таван хэрэг тутмын зөвхөн нэг нь мэдээлэгдэх магадлалтай гэх судалгаанаас бодвол 345 охин бяцхан зүрхэндээ хар толботой хорвоог туулж байж мэдэх ийм л заваан нийгэмд бид амьдарч байна. Тэд бидний хөрш, тэд бидний хамаатан, тэд бол Монгол хүмүүс, харин бид бол хүчирхийллийн эсрэг НЭГ САРЫН аянд, профайл зургаа солих хөдөлгөөн, уриа лоозонгоор өөрсдийгөө хуурсан тэмцэгчид ! … Долоо хоногийн дараа юун дөрвөн настай хүү, юун 69 хүүхэд, өөрт нь ямар ч хамаагүй аль нэг улс төрч, эсвэл дуучны хувийн амьдралыг илүү сонирхон утсаа маажих …. Энэ яг юу вэ хүмүүс ээ ? Бид яг хэн болчхоод байна аа … Яаж бид тайван унтах вэ ? Бидний хүүхдүүд ямар хүнтэй сууж ямар нийгэмд амьдрах юм бэ ? Эсвэл та гадаад явлаа юу ….

Энэ асуултыг ялгаагүй өөртөө их нухацтай тавьж үзлээ. Шийдэл байхгүй биш байгаа юм байна, Ид шидийн орон, Лантуун дохио, хүчирхийллийн эсрэг энэ тэмцэлдээ илүү хүчтэй зүтгэж, ажлаа илүү сайн хийх ёстой юм байна, ид шидтэй ах эгч нар илүү олон болох ёстой юм байна, талбай дээр биш хөрш айлтайгаа, урд гудамжныхаа архичинтай, дээд айлд байнга сонсогдож байдаг тэр чимээтэй тэмцэх ёстой юм байна … Гэтэл хорвоогийн өргөсийг үгүй хийе гэвэл гутлынхаа улыг зузаал гэдэг үг бас байдаг. Өнөөдөр Ид шидийн орны маань хамгаалах байр нээгдсэн цагаасаа эхлэн нэг жилийн дотор яг 73 дахь хүчирхийллийн хэрэг дээр багаараа ажиллаж асуудлыг шийдэн, эргээд гэр бүлтэй нь байнгын холбоотой эргэж тойрч ажиллаж байна. Гэтэл гал унтраах байдлаар системгүй мэргэжлийн баггүй ажиллаад эхний гурван жил ердөө 26 хэргийн ард гарсан байдаг. Гурав дахин бага хугацаанд гурав дахин илүү, бас үр дүнтэй …

 

Гэхдээ нөгөө талаасаа хоёрхон сарын дотор гарч буй 69 хэрэгтэй харьцуулбал тун чиг хангалтгүй муу … Сайн муу ажиллах талаар ярих гэсэнгүй, бид нэгдээд олуулаа байж чадвал том хөдөлж болж байна гэсэн санаа … Энэ жил шар хад, улиастайн эцэст Ид шидийн орон хоёр баригдвал их том өөрчлөлт ирж болно гэж найдаж байна. Өнгөрсөн хагассайнд хашаагаа цэвэрлэх гэж очоод урд гудамны 300 метр газар яг 14 архичин гудманд ууж байхтай таарсан, бүр тоолсон. Хүн бүрийн ард дор хаяж 2-3 хүүхэд байгаадаа гэсэн бодол гол зурсан … Хэдэн ийм гудам, хэдэн ийм архинд живсэн амьдрал, тасарч унасан хүмүүс байгаа бол гэдэг бодол … Зөв газраа ирж байна даа гэсэн өөр нэг бодол …

Төр засаг биш, Монгол улсын хууль цааз биш, цагдаа ч биш … ТА үүнийг зогсоох болно, өөр бидэнд сонголт бас шийдэл байхгүй … Гурван жил хүний наймааны эсрэг гэж хамт явсан нэг сайн дурын гишүүн минь өөрөө энэ хэргийн хил дамнасан хамгийн хүнд хохирогч байснаа их сүүлд уйлаад ярьж билээ … Ум ма ни бад ми хум … Аюул бас тэмцэл их ойр байж мэднэ. Юм таашгүй шүү, таны дүү, таны сайн найз, эсвэл хөрш чинь энэ чөтгөрийн тойрогт шаналж яваа юм биш биз? Их өвддөг ч хүчээр татаж гаргахаас өөр арга байхгүй тэр тойрогт ….

Ч.ГАНЖАВХЛАН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр