Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өнөөдөр“Наурызын баярын” өдөр

Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр буюу “Наурыз”-ын баяр тохиож байна. Энэ баяр нь эртнээс уламжлагдаж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 22 буюу Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр хэмээн үздэг аж. Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг бөгөөд “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг байна. Энэ нь манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлдэг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж иржээ.

Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийддэг байна. Гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай юм байна.

Наурызыг тэмдэглэх ёс

Гуравдугаар сарын 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, түүнийг хүлээн авахаас Наурыз эхэлдэг. Дараа нь, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгөө золгодог. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүүрч золгодог нь “амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм.

Айл болгон сүү цагаан идээ, будаа, мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засдаг. Долоон төрлийн зүйлээр амталсан “мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино” наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бvр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл ажээ.

Нэг үгээр хэлбэл, Цагаан сараар айл болгоноос бууз иддэг бол Наурызаар айл болгоноос шөл ууна гэсэн vг юм. Мэдээж мах болон бусад хоол байсан ч шөл заавал ууна. Наурызын өдөр гэр орноосоо хол, замд яваа хүн болон зочлон орж ирж чадаагүй өндөр настан буурлуудад өөрсдийн хувийг заавал үлдээнэ. Архи дарс хэрэглэх ёсгүй. Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог. Мөн мөнгө төгрөгөөр золгох, бэлэг сэлт өгөх, авах ёс байхгүй. Үүгээрээ Цагаан сарын баяраас ихээхэн ялгаатай гэж хэлж болно.

Орой болж, нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч, муу, сайн, дулаан хүйтэн, өвөл зуны тэмцлийг дүрслэн үзүүлсэн харилцаа тэмцээ буюу “Айтыс” эхэлдэг. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асаан тойрон бүжиглэн дуулж хуурдацгаадаг. Үүнийг “Алатау” буюу галд шүүртэх галаар ариусгах ёслол гэж нэрлэнэ. Залуучууд шөнөжин ардын уламжлалт тоглоом тоглон наадна. Үүр цайх үед бүгд ойролцоо орших аль нэг дэнж ууланд гарч ургах нараа угтан авна. Урган гарах улаан нарыг баяр баясгалантай тосч, буян хишгээ хайрла хэмээн сүү цагаан идээнийхээ дээжийг өргөн гэр гэртээ харьцгаадаг.

Наурызын баяр ёс төр ихтэй. Ширээн дээр эсвэл газарт дэлгэсэн том алчуурыг дастархаан гэнэ. Түүн дээр долоон төрлийн идээ будааг багтаж ядтал нь өрнө. Гол байрыг баварсаг буюу боорцог эзлэнэ. Цайгаа ууж, дастархаантай идээ будааг идсэний дараа том цартай мах байрыг нь эзэлнэ.

Мах идэхийн өмнө хүмүүс гараа бүлээн усаар угаана. Дараа нь, хүн бүр хоёр алгаа дэлгэж хамгийн ахмад нь эрүүл энх байж, сайхан хоол зооглож байхын ерөөл тавьж тэнгэр бурхандаа талархал илэрхийлнэ. Гэрийн эзэн махыг жижиглэн хэрчинэ. Хонь, үхрийн мах, казыг хамтад нь чанана. Махаа идэж дууссаны дараа шөлөнд чанасан көже гэх аарцтай будааг аягалан хvн бүрт барина. Дараа нь сайхан үгс хэлэлцэж, хүссэн хэмжээгээрээ идэж, ууж хөөрөлдөн домбороо хөглөн дуулж хуурдан хөгжимдөнө. Гэрийн эзэн, эзэгтэй нар зав зай өгөхгүй ид, уу гэж шахна. Ер нь, бүх л казах айл ийм байдаг. Тэд зочныг яриа хөөрөөтэй, ууж, идэхдээ нэрэлхэхгүй байвал талархдаг юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр