Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Оюутолгойг шалгах ажлын хэсэг тайлангаа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдэд хүргүүлжээ

УИХ-ын даргын 2018.03.23-ны 57 дугаар захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал хүсэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, 2018.05.03-ны 93 дугаар захирамжаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажилласан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Ганболд, Б.Жавхлан, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Я.Содбаатар, А.Ундраа болон төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эсвэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна.

УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд 5 дэд ажлын хэсэг байгуулж ажилласан байна.

Ажлын хэсэг санал дүгнэлтээ:

  1. Хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх:
  2. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан , өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж:
  3. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;
  4. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсийн шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд
  5. Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;
  6. “Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;
  7. “Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн 7 чиглэлээр гаргасан байна

Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ

Энэхүү тайлан, тайланд тусгагдсан санал дүгнэлтийг УИХ-ын Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар ойрын үед хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр