Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Г.Алтанзаяа: Багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн олон зохицуулалт орж байгаа


Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Уг хуулийн талаар Худалдаа үйлдвэрийн их сургуулийн дэд захирал, Татварын мэргэшсэн зөвлөлийн ерөнхийлөгч Г.Алтанзаяатай ярилцлаа.
 

Татварын багц хуулийн төсөлд ямар, ямар шинэ заалтууд тусгагдаад байна вэ. Гол, гол өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?

-Татварын хуулийн шинэчлэлд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын төсөл явж байгаа. Эдгээр хуулиудын шинэчлэлийн хүрээнд нэлээд олон зүйл шинээр нэмэгдэж байгаа. Татварын ерөнхий хуульд Олон улсын татвар ногдуулалттай холбоотой шинэ нэр томьёо, ойлголтууд орж ирж байна. Үүнд, татвараас зайлсхийхийн эсрэг арга хэмжээ, мэдээлэл харилцан солилцох, харилцан тохиролцох журам, үнэ шилжилтийн механизм гээд шинэ, шинэ олон зохицуулалт тусгагдсан. Мэдээж хуулийг сайжруулахын төлөө хийж байгаа учраас хуулийн бүтэц, концепцийн хувьд олон зүйл дээр сайжирна. Хуучин хуульд тодорхой бус байсан зохицуулалтуудыг тодорхой болгох, нэг мөр ойлгох, зохицуулалтгүй, дутуу дулимаг байсан зүйлүүдийг өөрчлөх, шинээр нэмэлт заалт оруулах гээд өргөн хүрээний шинэчлэл болж байна гэж харж байгаа. Гэхдээ хүмүүсийн харах өнцөг нь өөр, өөр болохоор шүүмжлэлтэй хандах хэсэг ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч хуулиудын шинэчлэл бол өнөө цагт зайлшгүй шаардлагатай, шийдвэрлэвэл зохих олон зүйлүүдийг төсөлд тусгасан. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох, эрсдэлгүй татвар төлөгч хяналтгүйгээр татан буулгах, татварын тайландаа залруулга хийх, хялбаршуулсан горимыг хэрэглэх, татвар төлөх дарааллыг эхлээд нөхөн татварыг төлөх (өмнөх хуульд алданги, торгууль, нөхөн татвар гэсэн дараалалтай байсан), илүү төлөлтийг эхлээд буцаан олгох зэргээр татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн олон зохицуулалт байгаа төдийгүй татварын улсын байцаагчийн хариуцлагыг чангатгасан. Монгол Улсын хувьд татварын системд зайлшгүй хийх ёстой олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн, бидний мэдэхгүй шинэлэг харилцаанууд ажил хэрэг болно гэж харж байгаа. Хуулийг дагаад олон дүрэм, журмуудыг дагаж мөрдөх хэрэг гарна.

-Сайжруулсан заалтууд олон байгаа гэлээ. Эхлээд Татварын ерөнхий хуульд орсон шинэчлэлээс сонирхуулбал...

-Татварын ерөнхий хуульд орсон шинэчлэлийг бүгдийг энд дурдах аргагүй л дээ. Яагаад гэвэл бүхэлдээ шинэчлэгдэж байгаа. Зарим нэгээс дурдахад дээр дурдсанаас өөр мэдээллийн санг өргөтгөсөн “Бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах” гэсэн зүйлд 30-аад байгууллага, албан тушаалтан татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээж байгаа. Татвар төлөх хугацаа нэг жил байх, хүндэтгэн үзэх шалтгаантай бол дахин нэг жил сунгах юм. Хуучин хуульд энэ хугацаа 60 хоног байдаг. Эрсдэлтэй татварын урьдчилан хураах, эрсдэлтэй татвар төлөгчид хяналт шалгалт хийх, Маргаан таслах зөвлөлийг хоёр шатлалтай байсныг нэг шатлалтай болгоно. Татвар төлөгчдийг хүндрүүлэхгүй байх үүднээс шат дамжлагыг цөөрүүлсэн гэж үзэж байгаа. Өмнө нь анхан шатны Маргаан таслах зөвлөл дээр шийдүүлж чадаагүй асуудлаа дээд шатныхад шийдүүлдэг практик байсан. Энэ утгаараа татвар төлөгчид хэрэгтэй байсан гэж үзэх хүн ч тааралдаж байна. Татварын өр барагдуулахтай холбоотой өргөн зохицуулалт орсон. Тодруулбал, Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, Хөрөнгө битүүмжлэхэд баримтлах зарчим, Битүүмжлэхийг хориглох хөрөнгө, орлого, Хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах, татварын өр гаргуулах, Авлага битүүмжлэх, татварын өр гаргуулах, Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах зэрэг.

Монгол Улсын хувьд олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх олон зохицуулалтуудыг Татварын ерөнхий хуульд оруулсан байгаа. Хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Олон улсын татварын зарчмын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэж бий. Үүнд, татвараас зайлсхийхийн эсрэг авах арга хэмжээ, харилцан тохирох журам, гадаад улсын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журам зэрэг байгаа. Монгол Улс олон улсын татварын шинэчлэлийн хүрээнд ВEPS арга хэмжээний “минимум 4” стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орохоор төсөл боловсруулагдсан гэл үү?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд бас л өргөн хүрээний өөрчлөлт орсон. Энэ шинэчилсэн найруулга учир хуучин байсан заалтууд нь найруулгын өөрчлөлт хийх, зарим нь хасагдах, шинээр зохицуулалт нэмэгдэх юм. Юун түрүүнд концепцийн хувьд татвар төлөгч гэдэгт бүх хуулийн этгээд хамрагдахаар байгаа. Энэ хуульд татвар ногдох зүйлийг олж байгаа ашгийн болон ашгийн бус бүгд хамрагдаж тайлан гаргана. Гэхдээ ашгийн бус байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны орлого нь чөлөөлөлт эдэлнэ. Татвараас хасагдах зардал зарчимд үндэслэн хасагдана. Тухайн орлогыг олохтой холбоотой зайлшгүй гарах баримтаар (е-баримт) нотлогдох зардал хасагдана. Харин хасагдахгүй зардлыг зааж өгч байгаа. Хуучин хуулинд хасах зардал гээд баахан зардал жагсаасан байсныг өөрчилсөн гэсэн үг. Татвар төлөгчийг тодорхойлох байнга байрладаг, байрладаггүй, төлөөний газар гэсэн ойлголтуудыг илүү тодорхой болгож шалгуур оруулсан бөгөөд олон улсын жишигт нийцүүлсэн байсан. Жишээлбэл, “Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж гэдэгт шалгууруудын гурав ба түүнээс дээш нөхцлийг хангасан этгээд хамрагдана, арванхоёр сарын хугацаанд 90 хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх .... үйл ажиллагааг төлөөний газар гэж үзнэ” гэж тодотгосон байгаа.

Мөн алдагдал шилжүүлэх хугацаа нь салбарын ялгаатай байсныг өөрчилж, салбар харгалзахгүй таван жилийн хугацаанд шилжүүлэх болж байна. Хувь хэмжээний хувьд 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, зургаан тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр зургаан тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

Татварын тайлагналд хэлбэр болон хугацааны хувьд олон өөрчлөлт орж байна. Татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөхөөс гадна хялбаршуулсан горимоор тайлагнан төлөх боломж бий болж байна.

Хөнгөлөлт, чөлөөлөлтөд өөрчлөлтүүд орсон. Хүмүүсийн их асуудаг нэг зүйл нь нэг хувийн татварын тухай. МАН-ын мөрийн хөтөлбөрт нь тэгж байгаа л даа. Харин хуульд татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй татвар төлөгчийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан. Өмнөх хуульд энэ заалтад хамрах салбарын хүрээ хязгаарлагдмал байсан. Харин энэ хуульд ашигт малтмал, согтууруулах ундаа, тамхи зэргээс бусад салбарт хамрагдахаар болсон байсан. Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, улс бүрээр үнэ шилжилтийн тайлан, эцсийн эзэмшигч гэсэн шинэ зохицуулалтууд орсон.

-Тавин сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж жилдээ нэг хувийн татвар төлдөг болно гээд байгаа. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Татварыг нэг хувь болгох, ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх хоёр бол эцсийн дүндээ адилхан. Харин 50 сая гэж байгаа бол Хувь хүний орлогын албан татварын хуульд хялбаршуулсан горимоор 50 сая хүртэлх орлоготой татвар төлөгч өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяалах татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж нэг хувиар татвар ногдуулах заалт байгаа. Энэ тохиолдолд уг татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхгүй. Энэ нь бичил бизнес эрхлэгч татвар төлөгчид татвараа төлөхийг нь хялбарчилж байгаа, татварын алба татвар хураалтаа хөнгөвчилж байгаа зохицуулалт гэж үзэж байна даа.

-Байнга татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, хөнгөлөлт урамшуулал олгох заалт байгаа юу?

-Яг тийм агуулгатай заалт олж хараагүй юм байна. Зардалд ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг нийт цалингийн дүнгийн таван хувиас хэтрүүлэхгүй, хязгаарлалтаас давсан хүүгийн зардлыг ирээдүй рүү таван жилээр шилжүүлэх, ашигт малтмал эрхэлдгээс бусад нь барилгад элэгдэл тооцох хугацаа 25 жил, компьютер хоёр жил гэсэн татвар төлөгчид таатай байхаар зохицуулалт байна уу гэж харж байсан.

Орлого олсон бол татвараа төлдөг. Татвараа төлөөд төрөөс эдлэх ёстой дэмжлэгээ хүртэх ёстой. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлтийг, төлсөн татварын хэмжээгээрээ тайлагнаад эдлэхээр зохицуулсан байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд аль алинд үүнийг тодорхой заасан байсан. Тайлангаа гаргахын гол утга нь орлого, зардлаа, ногдох татвараа тодорхойлоод, төлөөд, төрийн дэмжлэгээ эдлэх юм. Энэ хоёр орлогын албан татварын тухай хуулийн төсөлд хуучин хуульд байгаа чөлөөлөлт, хөнгөлөлтийн заалтууд хэвээр байгаа харагдсан.

-“Х” тайлан илгээдэг аж ахуйн нэгжүүд жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийн татвар төлдөг болохоор оруулж ирж байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна л даа?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хялбаршуулсан тайлан илгээх тухай заалт байдаг. Үүн дээр тодорхой төлбөр төлөөд тайлангаа тушаасан гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан юм билээ. Ер нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо өсөөд байдаг, харин татвар төлдөг нь буураад байдаг. Судлаад үзэхэд хүнд хэлэхэд бэрх тоо гардаг л даа. Энэ тухай судлаачийнхаа хувьд нэлээд эртнээс олон удаагийн илтгэл өгүүллэгтээ бичсээр, ярьсаар л ирсэн. Уг нь аж ахуйн нэгжийг ашиг олох зорилготой байгуулдаг биз дээ. Ашиг олж л байгаа бол татвараа төлөөд тайлагнах үүрэгтэй. Манай улсад аж ахуйн нэгжийн тоог гаргахад ч хэцүү, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хорооноос татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо авахад өөр, өөрөөр гардаг. Өнөөдөр манай улсад бүртгэл тооцоо ямар түвшинд явж байгааг харуулж байна. Ер нь 160 мянган аж ахуйн нэгжийг тайлангийн ирцийг гаргахад “Х” тайлантай 40 орчим хувь байсан. Тэгэхээр энэ хэмжээний мэдээллийг татварын албаны хүрээнд боловсруулах ажиллагаа нь ямарч үр өгөөжгүй хий зардал үүсгэж байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй гэсэн агуулгатай баахан цаасан компаниуд хэдэн арван жилээр тайлан гаргах бүртгэлтэй яваад байгаа тогтолцоо зөв үү гэсэн асуулт гарч байна. Нийт аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь татвар ногдох орлоготой, татвараа төлөх үүргээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Үүнтэй уялдаад “Х” тайланг багасгах, тайлангийн ирцийг хангах үүднээс улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв хуваасантай тэнцэх хэмжээний татвар төлнө гэсэн заалт оруулсан бол уу. Энэ бол татвар төлөгчдийг дарамтлаад байгаа зүйл биш. Аливаа үйл ажиллагаа гэдэг бол эдийн засгийнхаа мөн чанарын хувьд бодитоор гарч, бодитоор явж байдаг систем. Үүнийг бий болгох нь татварын хяналтын үүрэг л дээ. Тиймээс “Та үнэхээр үйл ажиллагаа явуулна гэвэл ийм хэмжээний татвар төл. Үгүй бол татан буулга” гэсэн зарчим л болов уу.

-Иргэдийг бизнес эрхлэх хүсэл сонирхлыг нь унагааж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж байгаа хэрэг биш үү?

-Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүр үзэж байна. Уг нь энэ нийгэмд иргэн хүн үүргээ хэрэгжүүлж байж эрхээ эдлэх, хариуцлагаа хүлээх харилцаа үйлчилдэг. Аливаа иргэн хуулийн этгээд үүсгээд, бизнес хийх эрхээ эдэлж байгаа бол татвар төлөх үүргээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Хуулийн этгээд үүсгэнэ гэдэг чинь цаанаа эдийн засгийнхаа мөн чанарын хувьд бодитоор үйл ажиллагаа хийж байх процесс шүү дээ. Тэгэхээр бодит бусаар цаасан компани үүсгэж тамга, тэмдэг ашиглах нь эдийн засгийн мөн чанараараа жинхэнэ бизнес биш юм л даа. Ер байх ёсгүй зүйлийг байх ёстой юм шигээр харж, эрх ярьдаг мөртлөө байвал зохих хэм хэмжээг ярьдаггүй хандлагаа өөрчлөх цаг болсон.

-Орлого олоогүй байж татвар төлөх нь шударга гэж үү?

-Орлого олоогүй байж болно. Энэ бол тодорхой хугацааны асуудал. Тэрнээс арав хорин жилийн хугацааны асуудал биш шүү дээ. Бас хэдэн арваар нь нэг өдөр компани үүсгээд нэг хүн захирал нь гээд нэг жишээ хэдхэн хоногийг өмнө олон нийтэд тодорхой болсон доо. Ийм л замбараагүй байдал Монгол Улсад хаа сайгүй байгаад байна. Нэгэнт л аж ахуйн нэгж үүсгээд орлого олох гээд явж байгаа юм бол хугацаа шаардана. Тэрийг хүлээн зөвшөөрнө. Тиймээс тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй гэдэг тайлангаа гаргаж болно. Бас бизнес эрхэлж байгаа юм чинь алдагдал хүлээж болно. Ашигтайгаас нь татвар авдаг юм чинь алдагдлыг нь шилжүүлээд өгчихье. Үнэхээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм уу. Бодитоор алдагдал хүлээгээд байна уу. Энэ бол бодит юм уу бодит бус юм уу гэдэг асуудал дээр л яригдаж байгаа зүйл.

-Татварын өрөнд орлоо гэхэд гэр бүлийнхнийх нь хөрөнгийг хураах заалт орсон юм уу. Үндсэн хууль зөрчсөн асуудал болно биз дээ?

-Татварын ерөнхий хуульд Татварын өр хураах үйл ажиллагаа гэсэн бүлэг байгаа. Ер нь татварын өрийг барагдуулахтай холбоотой үйл ажиллагааг их өргөн хүрээгээр зохицуулсан харагдсан. Өртэй татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй нь тогтоогдсон, тухайн татвар төлөгч үр шимийг нь хүртдэг, үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг өмчилдөг этгээд татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна гээд түүнд нь тухайн татвар төлөгчийн орлогоос хүртэж буй гэр бүлийн гишүүн багтах юм байна гэж ойлгосон. Хоёрдогч этгээдийн үүрэг, өр барагдуулах, хөрөнгө битүүмжлэх гэсэн харилцаануудын зохицуулалт шинээр орсон байна лээ. Яг гэр бүлийнх нь хөрөнгийг хураана гэсэн зүйл олж хараагүй юм байна. Ер нь өрийг төлүүлэх арга хэмжээний зохицуулалтыг өргөтгөсөн, татварын албаны хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болгосон байна.

-Маргаан таслах зөвлөлд хандахад арван хувийн дэнчингийн мөнгө яригдаад байна. Үүнийг татварын байцаагчтай тохиролцож, авлига авах боломжийг бүрдүүлсэн заалт гэх юм?

-Үүнийг ОУВС-ийн зүгээс зөвлөсөн гэж сонсож байсан. Олон улсад хэрэгжүүлдэг практик гэсэн. Яаж хэрэгжүүлэх үү гэдгээс л хамаарах байх. Нэгэнт маргаан үүсгэх бол татварын байцаагчтай тохиролцох шаардлага гарах уу. Ер нь татварын маргааныг шийдвэрлэх, маргааны үр дагаварт татварын албаны талд шийдэгдсэн төлбөрийг барагдуулах хөшүүрэг юм бол уу. Гэхдээ татвар төлөгчийн талд шийдвэр гарвал түүнийг яаж буцаан олгох уу, хүүтэй байх уу гэсэн зохицуулалт байх хэрэгтэй. Харин байршуулсан мөнгийг яаж буцаан авах тал дээр “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх байршуулах ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэсэн заалт байгаа.

-Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад нэлээд шинэлэг зүйлүүд орж байгаа юм байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хувьд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Харин энэ хуульд концепцийн шинжтэй дорвитой шинэчлэл хийгдэхгүй нь гэж харж байгаа. Хуучин хуулиа найруулсан, сайжруулсан олон зүйл л хийгдсэн. Одоогийн хувь хүний орлогын албан татварын хууль нь татвар авах зорилготой хийгдсэн. Ингэхдээ иргэн хүн цалин хөдөлмөрийн хөлсний орлоготой гэдэг агуулгаар л хийгдчихсэн. Тиймээс өнөөдөр хувь хүний орлогын албан татварын 90 гаруй хувийг цалингаас суутгасан татвар эзлэж байгаа. Гэхдээ хуулинд иргэн жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргаж тушаана гэсэн заалттай. Тайлан тушаах гэдгийг зөвхөн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүн хийх гэдгээр ойлгож ирсэн. Тайлан гаргах гол хөшүүрэг болох хөнгөлөлтийг цалингаас суутгасан татвараас хөнгөлөх үүргийг суутгагчид олгосон. Энэ хөнгөлөлтийг жилийн эцэст тайлангаа гаргахдаа иргэн өөрөө эдлээд буцааж авдаг нь олон улсын жишиг. Төрөөс авах дэмжлэгээ, татвар төлөх үүргээ тайлагнах замаар иргэний үндсэн үүргээ хэрэгжүүлдэг систем гэж ойлгосон. Харин манайд иргэний эдлэх эрхийг цалин хөлс олгож байгаа этгээд буюу ажил олгогчид нь даалгачихдаг. Ажил олгогч(нягтлан бодогч) болохоор тэр иргэдийн өмнөөс татварыг нь төлөх, төрийн өмнөөс татвар хураах ажлыг давхар хийгээд байгаа.

-Яагаад өөрөө тайлагнах гэж?

-Үндсэн хуульд зааснаар иргэний ардчилсан нийгэмд хяналт тавих үүрэг нь иргэний нийгмийн гишүүн хүн өөрөө байна. Тэгэхээр тэр гишүүн төртэйгээ харилцдаг гол харилцаа нь татварын тайлагналын асуудал. Тайланг хийхдээ үүргээ би гүйцэтгэлээ. Эдлэх юмаа эдэлье. Төрөөс авах ёстой дэмжлэгээ авъя гэдгээ тайлагнадаг систем юм. Тухайлбал, хүүхдийн мөнгийг өгөхийн тулд айл болгоныг “Хөргөгчтэй юу, машинтай юу” гэх, мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн хөнгөлөлт гээд өнөөдөр асуудал дагуулсан олон зүйлийг энэ хуулиар шийдвэрлэх боломжтой. Хуулийн төсөлд ийм дорвитой өөрчлөлт оруулж чадаагүй. Судлаачийн хувьд шалтгааныг нь дэд систем нь хараахан бүрэлдэж чадаагүйтэй холбоотой болов уу гэж харж байна. Гэхдээ энэ хуулийг нэгэнт өөрчилж байгаа бол тэр сууриа хийчихээд явцын дунд системээ үүсгэж, хөгжүүлэх алхмыг дорвитойгоор шийдэх боломжтой.

-Хүн болгон татвар төлөгч биш гэдэг асуудал гарах байх л даа?

-Татвар төлдөг, төлдөггүй нь хамаагүй. Төрийн дэмжлэг, үйлчилгээг тайлагналаараа л буцааж авах замаар эдлэх асуудал юм. Монгол Улсын иргэн ийм үйлчилгээ авсан байна гэдэг нэгдсэн баазтай болно. Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн дугаараар иргэд нийгмийн харилцаанд оролцдог тогтолцоог бий болгосноор Үндсэн хуульд заасан иргэний нийгмийн харилцааг төлөвшүүлэх үндэс болох юм. Энэ хуулиар иргэдийн тайлагналын системийг хэрэгжүүлснээр е-баримтын хэрэгжилтийг эрчимжүүлэх төдийгүй хяналтгүй олон зүйлд хяналт тавих, нийгэмд авлигаас хол хариуцлагатай тогтолцоог бий болгох суурь нь болно гэж үзэж байна.

Өдрийн сонин
М.Мөнхцэцэг

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр